Хурим найрын үе хэдийн эхэлчхээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор монголчуудын уламжлалт хуримын зан үйл өмнө нь ямар байсан, өдгөө хэрхэн өөрчлөгдсөн талаар СУИС-ийн Соёлын сургуулийн захирал, соёл судлалын ухааны доктор, профессор Ш.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-Монголчуудын уламжлалт хуримын зан үйл ямар байв. Харин өдгөө хэрхэн өөрчлөгдөөд байна вэ?
-Монгол хуримын зан үйл агуулга, хэлбэрийнхээ хувьд нүүдэлчдийн ахуй амьдралд зохицсон байсан. Нүүдэлчдийн байгаль ертөнцийг шүтэх үзэл, хүн-байгальтай харилцах харил цаа, хандлага зэрэг олон ёс хуримын зан үйлд цогцоороо багтдаг. Тиймээс хуримын зан үйлийг олон шинжлэх ухааны уулзвар заагт судалдгаараа онцлогтой. Тухайлбал, бэрээ таван махбодын онолын үүднээс шинждэг. Энэ мэт олон шинжлэх ухааны уулзвар заагт судалдаг соёлыг монголчууд бүтээжээ. Соёл бүхэн он цагийн уртад өөрчлөгддөг, мартагддаг, дахин сэргэдэг зүй тогтолтой. Орчин цагт нүүдэлчин ард түмэн суурьшмал амьдралын хэв маягт шилжиж байна. Үүнээс үүдэн уламжлалт соёлын зарим элемент өөрчлөгдөх хандлага ажиглагдаж буй. Энэ нь нэг талаар соёлын зүй тогтол юм. Гэвч бид юуг авч үлдэх, эсвэл өөрчлөх ёстой вэ гэдэгт ухаантай хандах хэрэгтэй. Хурим бол эр өсөж эрийн цээнд хүрч, өрх гэрээ барин, галаа мануулах хань ижлээ сонгож, эцгийн галаас галаа тасалж, үр удмаа үлдээх залгамжлал юм.
Орчин цагийн хуримын зан үйл шоу цэнгээн болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайлбал, монгол хурим, найрын эхэнд дуулж болох, болохгүй дуу гэж бий. Гэтэл орчин үед “Уяхан замбуу тивийн наран”-гаар найрыг эхлүүлж байна. Уг нь энэ дууг эрт дээр үеэс хурим найрын зан үйлд хүндэднэ гэж үздэг байсан тухай Дундговь аймгийн уртын дууч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дадьсүрэн ярьж байсан. Ийм хорио цээр тогтоосон нь цаанаа гүн агуулгатай учраас тэр шүү дээ. Энэ ертөнцөд нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх олон хүчин зүйл бидний амьдрал, үйл ажиллагаанд нөлөөлж байдаг гэж боддог. Тэгэхээр бид найрын дуунд ч ач холбогдол өгөх хэрэгтэй. Мөн худ худгуйн талынхан харилцан бие биеэ хүндэтгэх ёс бүр алдагдсан гэж хэлж болно. Орчин үед 300-400 хүн нэг зааланд орж, хоол идэж, бэлгээ өгчхөөд л, нэгнээ танихгүй хэвээр тардаг жишиг тогтжээ. Уг нь ах, дүүс хоорондоо танилцах нь хүртэл хуримлагч хосын амьдралд чухал нөлөөтэй юм. Уламжлалт хуримын зан үйлд хоёр талын хамаатнуудыг танилцуулдаг нь хаана ч явсан харилцан бие биеэ хүндэтгэхийн эх үүсвэр болно. Гэтэл өдгөө хэн, хэзээ ирээд явсныг нь ч мэдэхгүй байна шүү дээ. Үүнээс үүдэн наанадаж хамгийн хүндтэй ахмадтайгаа таарлаа гэхэд танихгүй өнгөрөхийг ч үгүйсгэхгүй. Бас бэр гуйхаар очсон хүмүүсийг архиар шахдаг хаанахын ёс вэ гэх мэтээр хүмүүс цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн харагддаг. Бэр гуйхаар очсон хүнд биш, хурим өндөрлөж, охины талынхан буцахад тосуул, тосон сөн өгөх ёс бий. Энэ нь аян замдаа сайн сайхан явахыг бэлгэдэж “дөрөө чангалах”, бидний нүдэнд үл үзэгдэх муу зүйлийг зайлуулах утгатай ёс юм. Ухаан алдтал нь согтоодог ёс хожим дэлгэрсэн шиг байдаг. Соёл гэдэг бол хэм хэмжээний тухай ойлголт. Хэм хэмжээнээс хэтэрсэн бүхэн соёл биш. Тиймээс зүй зохистой хэмжээнд нь баривал тийм ч муухай уламжлал биш юм гэхчлэн яриад байвал олон зүйл хэлж болно.
Салахгүй бат бөх байхын үндэс нь хурим шүү дээ. Үр хүүхэд төрүүлсэн бол эцэг, эхчүүд ч хариуцлага хүлээж, хамтын амьдралд суралцах хэрэгтэй. Үр хүүхдээ амьдралд хөл алдахгүй байхад нь л туслах ёстой шүү дээ. Орчин үед өнөөдөр хуримлалаа, маргааш саллаа л гэх болж. Үүнд гэр бүлийн буруу хүмүүжил нөлөөлж байна. Гэр бүлийн хүмүүжлийг ямар ч эрдэм мэдлэг гүйцэхгүй гэдэг. Тиймээс гэрийн хүмүүжилд анхаарах хэрэгтэй.
-Улс орон бүрд хуримлах зан үйл бий. Гэтэл сүүлийн үед манайхан орон орны уламжлалт зан үйлийг хольж хутгах болсон. Ингэснээр уламжлалт найрын ёс жаягийг алдагдуулж байх шиг. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг бол?
-Угсаатан бүрд өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий хуримын зан үйл бий. Монголчууд ч хуримын гайхалтай соёлыг эдүгээ хүртэл өвлөн уламжилсаар ирсэн. Гэвч сүүлийн үед даяаршлын нөлөөгөөр холих солих асуудал хавтгайрч байна. Монгол Улс нүүдлийн болон суурин соёл иргэншлийг зэрэгцүүлэн авч яваагаараа онцлогтой. Тиймээс орон нутагт бидний язгуур хийгээд уламжлалт соёл тодорхой хэмжээнд хадгалагдсаар буй. Гэвч гаднын соёлын хүчтэй түрэлтэд өртөж, өөрчлөгдөх хандлага хөдөөнийхний хуримын зан үйлд ч харагдах болсон нь харамсалтай. Тухайлбал, хот, суурин газарт бэрийн цай уух уламжлалт хуримын зан үйлийг хоёр ээж гүйцэтгэх болж. Мөн христийн шашны зан үйлийн цэцгэн чимэглэл хийх, бэр цэцэг шидэх, хоолны болон хувцаслах соёл манайд хүчтэй нэвтэрчээ. Үүнээс гадна хуримын гэрч гэх соёлыг хуулбарлан дуурайж байна. Монгол хуримын зан үйлд үүнтэй төстэй чигээний найр, басган зайх наадам гэж бий шүү дээ. Бид бусдыг шууд хуулбарлан дуурайхын оронд өөрсдийнхөө соёлыг судалж үзмээр байгаа юм. Францын антропологич К.Леви-Стросс “Өөрийн соёлоо мэдэхгүйгээр бусдын соёлыг хуулбарлан дуурайх аваас өөрийн соёлоо устгахтай адил” гэж хэлсэн байдаг. Дээр, дооргүй бид энэ талаар бодож, сэрэх ёстой. Биднийг бусдаас ялгаруулдаг, “Би монгол хүн” гэж зоригтой хэлэх үндэс суурь бол өвөг дээдсээс уламжлагдсан өв юм.
-Хурим найрын зан үйл орчин үеэ дагах нэрийн дор өөрчлөгдөж байна шүү дээ. Уламжлалт монгол хурим найрын зан үйл бараг л мартагдаж, том ресторанд үнэтэй хөтлөгч, дуучин авчирснаараа өрсөлддөг болжээ.
-Ялангуяа хот, суурин газарт ийм байдал газар авч байна. Тухайлбал, христийн шашны сүм хийд олширсноор монголчууд энэ ёсоор хуримлах болсон. Мөн бэл бэнчнээрээ уралдах болж. Нэг нь алдартай дуучин авчирсан бол заавал түүний дээр гарахыг хүсэж, илүү олон дуучин авчирч өрсөлддөг. Иймэрхүү хийрхэл хуримыг хурим биш болгож байна. Яг үнэндээ хуримд тийм олон дуучин хэрэггүй шүү дээ. Ураг удмаа мэдэлцэж, ахан, дүүсийнхээ өмнө хариуцлага хүлээх баяр болохоос урлагийн тоглолт биш юм. Уригдсан ураг садан, ахан, дүүсийн хүрээнд л бүх үйл ажиллагааг зохион байгуулж болно. Энэ нь хуримыг харин ч илүү элгэмсүү болгоно.
Том ресторанд үнэтэй хөтлөгч, дуучин авчирснаараа өрсөлдөж, сайхан дурсамж бүтээж байна гэх. Боломждоо тохирсон хурим хийхэд адилхан л сайхан дурсамж бүтээнэ. Таатай, таагүй баахан дуу сонсох нь бус, ахан, дүүсийн чинь хэлсэн сургаал л дурсамж болж үлдэнэ. Бодох л хэрэгтэй.
Түүнчлэн хурим хөтлөх бизнес газар авч байна. Хэлж буй ерөөл, магтаалыг нь сонсоход л ой гутмаар. Жишээлбэл, хөнжлөө хөдөлгөөд хүүтэй, ороо хөдөлгөөд охинтой болоорой гэж байгаа юм. Ийм ил цагаан, замбараагүй болж байна. Юманд хэм хэмжээ гэж бий шүү дээ. Уг нь уламжлалт хуримын зан үйл нийслэлтэй харьцуулахад хөдөөд илүү хадгалагдан үлдсэн. Гэхдээ дууны сонголт орон нутагт ч асуудал дагуулсан хэвээрээ л байна. Саяхан би нэг айлын хуримд очсон юм. Гэтэл “...Аяндаа мэнд яваарай, ааш муутай намайгаа бодож, санаж яваарай” гэх дуу дуулаад, голомтыг нь тойроод гарч байна. Энэ мэтээр хуримын зан үйлтэй зохицохгүй дуу дуулдаг болсон. Мөн “Бүсгүй хүний заяа”-г дуулах ёстой гээд ойлгочихсон. Уг нь энэ чинь гунигийн дуу шүү дээ.
-Хуримын зан үйл өөрчлөгдөх нь цаашид ямар сөрөг үр дагавартай бол?
-Өөрчлөгдөөд муудсан зүйл хаана байна гэж хүмүүс бодох байх. Нүдэнд харагдахгүй боловч амьдралд нөлөөлдөг зүйлсийг өвөг дээдэс маань зан үйлээрээ дамжуулан ойлгуулж ирсэн. Тиймээс энэ нь бидний зайлшгүй дагах ёстой, бичигдээгүй хууль юм. Өнөөдөр бид Европын соёлтой холилдож хутгалдаад л явж байна. Ер нь эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө уламжлалт зан үйлээ зохих хэмжээнд нь хийх л ёстой. Сүүлийн үед бараг л бэр гуйхгүйгээр хуримладаг болсон. Гэтэл “Монголын нууц товчоо”-нд хүртэл “Олон гуйлгаж өгвөл дээдлэгдэх, цөөн гуйлгаж өгвөл доромжлогдох” гэж бий. Бэр гуйх ёс бол эмэгтэй хүнийг үнэ цэнтэй болгож, очсон газартаа нэр хүндтэй байхад нь тусалдаг уламжлалт зан үйл. Энэ мэтчилэн найрын ёс, ёслолуудын цаана үргэлж хүндэтгэл, хамгаалал, харилцааны ёс заншил хадгалагдаж байдаг. Цаашид энэ хэвээр явбал зөвхөн хурим биш, монголчуудын хэдэн мянган жил өвлөн уламжилж ирсэн соёлоо гээнэ. Улмаар Монгол Улс, монгол хүн оршин тогтнох үндэс суурь үгүй болно. Энэ нь биднийг бусдаас ялгаруулдаг соёлын өв юм.
-Хуримлахын ач холбогдол, давуу талыг манай өв уламжлагчид хэрхэн үздэг, ойлгодог байсан бэ?
-Хүмүүс хурим хийх нь ямар хэрэгтэй вэ гэдэг болсон. Аав, ээж, ах, дүүсийн оролцоогүйгээр хуримаа хийчихсэн, гэр бүл болчихсон хүнд энэ хамаагүй байж болно. Аз нь таарвал сайхан амьдарч, таарахгүй бол салж нийлж буй олон хүний зовлон үүнтэй ч холбоотой байх магадлалтай. Ёсыг даган баримтлаагүй учир ийм олон асуудал үүсэж байна гэж би боддог юм. Учир нь хуримлах үед ахмадууд сургаалаа айлдана, болох, болохгүйн хэм хэмжээг хэлж, ойлгуулна. Тэдэнд туршлага нь бий шүү дээ.
Уламжлалт хуримын зан үйлд шагай чөмөг атгаж нар, саранд мөргөдөг ёс бий. Энэ нь тэнгэрт тангараг өргөж байна гэсэн үг бөгөөд гэрлэлтийн бичигт гарын үсэг зурахаас ч илүү баталгаа болно. Монголын уламжлалт хурим үүгээрээ онцлогтой. Салж сарнихгүй, урт удаан амьдрахын нууц ч энд л байсан гэж боддог. Мөн хоёр талын ахан дүүсийн өмнө хүлээх үүрэг хариуцлага юм. Нэг үгээр хэлбэл, хурим бол асар их хариуцлага, хоёр биедээ болон гэр бүлдээ өгч буй амлалт юм.
-Эрт үеэс уламжлагдан ирсэн ам хадаг тавих болон бэрийг үдэх, авчрах ёс ч мартагдаж байх шиг. Эдгээр нь ямар ач холбогдол, бэлгэдэлтэй болохыг тайлбарлахгүй юу?
-Бэр гуйх ёслолын өмнө ам хадаг тавьдаг. Энэ нь хүүгийн авга ахыг явуулж, тухайн айлын ааш аяг, зан байдлыг шинжих үйл явц юм. Тэр охинд өөр айл хадаг тавьж уу, ахан дүүс удам судар нь ямар хүмүүс байна гэх мэтээр шинждэг. Бидний өвөг дээдэс эрт үеэс л үр хүүхдээ алдаа мадаггүйгээр амьдралд хөл тавихад нь туслахын тулд энэ ёсыг хийж байсан. Үүний дараа жинхэнэ хадаг тавих буюу бэр гуйх зан үйлээ хийдэг. Энэ нь бэр болгох баталгаа гэсэн үг. Түүнчлэн хадаг тавих хүн нь авга талынх, элэг бүтэн амьдралтайбайх ёстой. Харин одоо энэ ёсыг хүүгийн аав, ээж хийдэг болжээ. Төрсөн ах, дүү байдаггүй юм гэхэд ураг удмынх нь хүн байж болно шүү дээ. Тэднээс л явуулах ёстой. Хадаг тавьсны дараа хоёр тал сүйн бэлгийг хэлэлцсэнээр бэр буулгах өдөр, цагийг тогтдог. Хоёр тал ямар нэг байдлаар тохиролцоонд хүрэхгүй бол охины тал татгалзах эрхтэй.
-“Өрх, үүд нийлэх” гэх үг бий шүү дээ. Үүний бэлгэдэл, гол санаа нь юу бол?
-Хадаг тавьсны дараа сүй тавих ёслол хийдэг. Үүгээр хоёр тал охин, хүүдээ ямар сүй, инж өгөхийг шийддэг байсан. Охинд эхнэр хүний бүрэн өмсгөл зүүтгэлийг хүүгийн талаас сүйн бэлэгт өгдөг. Харин охины тал инж гэж хүүгийн талтай дүйцэхүйц хөрөнгө өгнө. Ингээд хуримын үед найрын ахлагч хоёр талын сүй, инжний хэмжээг тооцож “өрх, үүд тэнцлээ” гэдэг байж. Уламжлалт хуримын зан үйлд аль нэг нь давамгайлахгүй, адил тэнцүү л байхаар зохицуулж ирсэн. Мөн орчин үед хосууд орох оронгүйгээсээ болж салах нь түгээмэл юм билээ. Харин өмнө нь ахан дүүсээрээ нийлж хуримлагч хосынхоо гэрийг барьдаг байсан. Хүүгийн аав хана, тооно, хаалга зэрэг модоо л босгодог. Үүний дараа ах, дүү нар нь эсгий, утас, хонь, сүү цагаагаа бариад ирдэг. Тэгээд нэг өдрийн дотор гэрийг нь барьчихдаг. Ингэснээр аль нэг талдаа баян, ядуугийн ялгаа гаргахгүйгээр гэр орныг нь бэлтгэчхэж байна. Саяхан бид хээрийн судалгаад явж байхдаа ийм уламжлалаа хадгалсан айлаар зочилсон юм. Уг ёс хөдөөгүүр хадгалагдсан байна. Харамсалтай нь, хотжилт, суурьшмал байдалтай холбоотойгоор монголчуудын хамтын хөдөлмөр, хамт найрлах ёс бага багаар алсарсаар л байгаа. Аав, ээж нь л бүхнийг болгох гэж зүтгэдэг. Ахан дүүсийн нэгнээ гэх элэгсэг дотно харилцаа үгүй болжээ. Үүнээс үүдэн үр хүүхэд өсөж томроход байр, орон сууцгүйн улмаас аль нэг талдаа амьдрахаар болно. Ингээд хосуудын амьдралын гадна байх ёстой хүмүүс дотор ороод ирж байгаа юм. Энэ нь салалт нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Тиймээс монголчуудын харилцан бие биедээ тусалдаг ёсыг сэргээмээр санагддаг юм.
-Орчин үед хүмүүс гэрлэхээсээ өмнө ганц бие эмэгтэй, эрэгтэйн найр хийдэг болжээ. Уламжлалт хуримын зан үйлд ийм ёс байдаг болов уу?
-Хуримын өмнөх өдөр охид, хөвгүүдээрээ нийлж шоуддаг барууны соёлын элемент монгол хуримын зан үйлд хутгалдаж байна. Монгол соёлд ийм зан үйл бий юү гэж хэн ч харахгүй байгаа нь харамсалтай. Гэтэл монгол хуримын зан үйлд ийм ёс байдаг. Ялангуяа баруун монголчуудыг харахад баядуудад “Сэвгэрүүдийн буюу цэгээний найр” гэж бий. Харин буриадууд “Басган зайх наадам” хийж, охиноо хуримлахаас нь өмнө ах, дүүгээр нь найрлуулдаг. Ингэхдээ нас тогтсон хоёр эрэгтэй бааданч дагуулдаг. Охид айлд очсоныхоо дараа цүү хаях наадам зохион байгуулдаг байв. Цүү хаяхад тэр хавийн эхнэр аваагүй залуус ирж, хамт тоглоно. Тэдэнд хэрэв тэнд буй охидоос аль нэг нь таалагдвал бааданч аав, ээжид нь мэдээ хүргэдэг байсан юм. Энгийнээр хэлбэл, танай хүү тэдний охиныг сонирхож байна гэх зэргээр мэдээ хүргэдэг байж. Үүний дараа хүүгийн эцэг, эх охины гэр бүлийг сайтар шинжиж, бэр гуйлгахаар зуучаа явуулна. Бэрийг шинжихдээ хүүгийн тал тухайн айлтай ураг төрлийн холбоотой юу гэдгээс эхлээд бүхий л зүйлийг нь тодруулдаг. Цус ойртох, муу удам дамжихаас хамгаалдаг байжээ. Эрт үед монголчууд “Удам муутын охин бүү ав, үүд муутын хоймор бүү суу” гэсний учир нь удам сударт чухал ач холбогдол өгдгийнх нь илрэл юм. Хүний муу удам есөн үе дамждаг гэлцдэг. Үүнийг шинжлэх ухаан ч нотолсон. Тэр дундаа эмэгтэйн талаас үрд удамшдаг зүйл маш их. Тэгэхээр бэрийг шинжих ёс нь удам судраа цэвэр, ариун байлгахтай холбогдоно гэсэн үг. Харин өнөө үед удам шинжих нь битгий хэл, хамаатан садан л хороондоо битгий гэрлэчхээсэй гэж залбирахаас өөр аргагүй болж байна даа.
Ярилцсан У.Цэцэгсүрэн