Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Н.Шүрэнцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг хийл, ёочин хөгжимчин гэх хос мэргэжлээр суралцаж төгссөнөөсөө хойш соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллаж буй уран бүтээлч юм.
-Үндэсний урлагийн их театрынхан жил бүр жуулчдад зориулж тоглолт хийдэг шүү дээ. Энэ жил “Land of the sky” нэрийн дор ардын урлагийн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож буй юм билээ. Тоглолтын онцлог юу вэ?
-Театр маань жил бүр жуулчдад зориулан тоглолт хийдэг. Энэхүү уламжлалт тоглолтод би 18 дахь жилдээ оролцож байна. Монгол Улсын дөрвөн зүгт тархан суугаа үндэстэн, ястнуудынхаа онцлогийг шингээж, өв соёлоо таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэх нь бидний гол зорилго юм. Ёс заншил, тоглоом наадгай, дуу, хөгжим, бүжгийн нэгийг нь ч орхигдуулалгүйгээр тайзны уран бүтээл болгодгоороо онцлогтой. Түүнчлэн энэ жилийн тоглолтын үзүүлбэрт монголчуудын үндэсний наадгай болох дэмбээний хэсгийг оруулсан нь миний хувьд хамгийн онцлог, сонирхолтой байлаа. Тоглолт үзсэн жуулчид сүрдэж, баярлаж байгааг харах сайхан. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, бүжигчин, дуучин, арын алба гээд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү тоглолтоо толилуулж байна.
-Анх хөгжмийн урлагт хэрхэн хөл тавьж байв. Хөгжимчнөөр ажиллах хүсэл сонирхолтой болсон нь өвөө, эмээгийн тань мэргэжлээс улбаатай юу?
-Тийм ээ, тэднийгээ л харж үлгэр дуурайлал авч, энэ мэргэжилд эргэлт буцалтгүй дурласан. Би урлагийн гэр бүлд төрж өссөн. Миний өвөө Гавьяат жүжигчин, хөгжийн зохиолч, морин хуурч Л.Идэрбат гэж хүн бий. Мөн эмээ шанз хөгжим тоглодог, ээж минь төгөлдөр хуурч. Урлагийн хүмүүсийн дунд өссөн болохоор нэг л мэдэхэд хөгжмийн урлагийг сонгосон. 1996 онд тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид элсэж байлаа. Үүний дараа дөрөвдүгээр ангиасаа ёочин хөгжмийн ангид давхар суралцаж, хос мэргэжилтэй төгссөн.
-Өвөө, эмээтэйгээ хамт тоглолтод оролцож, уран бүтээлээ үзэгчдэд хүргэж байв уу?
-Намайг Үндэсний урлагийн их театрт ороход өвөө маань ч бас ажилладаг байлаа. Өвөөтэйгөө хамт ажиллаж байсан нь миний амьдралын хамгийн аз жаргалтай, нандин үеүд байсан. Үндэсний их найрал хөгжимд өвөө маань морин хуур, би ёочингоо тоглодог байв.
-Ёочин, хийл хөгжмийн аль алийг нь тоглож сурахад уран бүтээлчээс онцгой ур чадвар шаарддаг байх?
-Яах аргагүй хоёр өөр, эрс тэс хөгжим. Тухайлбал, ёочин бол хөтлөх хөгжим юм. Энэ нь концертмейстр буюу манлайлж, бусад хөгжмөө хөтлөх үүрэгтэй. Дуугаралтын цар хүрээний хувьд цангинасан, шийдэмгий. Орчин үед хүмүүс ёочин хэмээн нэрлэж байгаа ч жинхэнэ монгол нэр нь янчир юм. Ардын хөгжмийн цөөхүүл болон Үндэсний их найрал хөгжимд ёочинг хөтлөх хөгжим буюу концертмейстр гэдэг. Харин хийл бол маш уянгалаг нумт хөгжим шүү дээ.
-Театрт анх хэдэн настайдаа орж үзэж байв. Тухайн үед ямар сэтгэгдэл төрсөн бол?
-Дөнгөж л 4-5 настай байхад өвөө минь намайг дагуулж театрт ирсэн юм. Үндэсний их найрал сургуулилалтаа хийж байхад нь би өвөөгийнхөө дэргэд оркестрын сүрдэм дуугаралт, уянгалаг аялгууг сонсоод л суудаг байлаа. Магадгүй театрт ямар нэгэн татах хүч байдаг байх. Тэгээд л нэг мэдэхэд Үндэсний урлагийн их театр гэх том айлын босгыг нь давчихсан.
-Хөгжимд хамгийн их татагдаж байсан үе нь хэзээ вэ. Ямар нөхцөлд хөгжмөөсөө хайр мэдэрч байв?
-Оюутан байхдаа мэргэжлийнхээ үнэ цэнийг тэр бүр мэдэрдэггүй, бас мэддэггүй байж. Харин амьдралд хөл тавьж, тайзан дээр тоглохдоо үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаас анх мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч, бахархсан. Үзэгчдийн алга ташилт, тэр олон хүмүүсийн энергийг мэдрэхээр яах аргагүй л хөгжимдөө дурладаг. Хөгжмөөс гарч буй эгшиг авиа бүр зүрхээр минь дамждаг. Тэр бүхнийг мэдэрч чаддаг юм байна. Хөгжмөө тоглож байхдаа орчноосоо хэсэг ч болтугай холдож, үүгээр дамжуулан бясалгал хийдэг. Зөвхөн тоглож буй зохиолдоо анхаарлаа төвлөрүүлэхэд гайхалтай гоё мэдрэмж авдаг.
-Анхны тоглолтынхоо талаар ярихгүй юу. Догдлол, баяр баясал авчирсан урт хугацааны хөдөлмөрийн үр шим байсан байх?
-Хамгийн анх 2009 онд театрынхаа тайзнаа “Ёочингийн эгшиг” хэмээх бие даасан тоглолтоо хийж байлаа. Үндэсний их найрал хөгжимтэй, төгөлдөр хууртай их сайхан тоглолт болсон. Удахгүй дахин тоглолтоо хийнэ гэж бодож байна.
-Хөгжмийн эгшиг аялгууг бусдад илүү сайхнаар, яруугаар хүргэхийн тулд хувь хүн ямар зан чанартай байх хэрэгтэй гэж боддог вэ?
-Хувь хүний зан чанар хөгжмийн эгшиг авианд асар их нөлөөлдөг. Ер нь зүрхээрээ мэдэрч хөгжимдөхийг эрмэлздэг. Хүн болгонд өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө бий. Би түүнийгээ улам бүр өнгөлж, сайхан аялгуугаар үзэгчдийн сонорыг мялаахын тулд зүрх сэтгэлтэйгээ ойр байхыг хичээдэг.
-Урлагийн хүн байхын тулд өөртөө тавьдаг шаардлага гэж бий юү?
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэж хэлнэ. Нэгдүгээр ангийн сурагч болж, Хөгжим бүжгийн коллежийн хаалгаар орсноос эхлээд л урлагийн хүн ямар байх, биеэ хэрхэн авч явах, үзэгчидтэйгээ яаж харилцах зэрэгт суралцсан.
-Өчигдөр таны амьдралын марташгүй мөчүүдийн нэг тохиосон байх. Гэрлэх санал хүлээн авсан шүү дээ.
-Энэ амьдралын минь хамгийн жаргалтай, гэнэтийн сюрприз, хайр дүүрэн мөч тохиолоо. Хайртаасаа 99 сарнай, гэрлэх санал аваад би гэдэг хүн үүлнээс дээгүүр л нислээ. 19 жилийн өмнө ажил, амьдралын гараагаа хамтдаа эхлүүлсэн алтан тайзнаа, Үндэсний их найрлын хамт олныхоо дэргэд хүндэтгэлтэйгээр гэрлэх санал тавьсанд нь маш их баярласан. Баярын нулимсаа барьж дийлэхгүй догдоллоо. Гэр бүлийн хүн маань ч урлагийн мэргэжилтэй. Би 2006 оноос Үндэсний урлагийн их театрт хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн юм. Тэр үед гэр бүлийн хүн маань бүжигчин байсан. Бидний ажил, амьдралын гараа яг энэ тайзнаас эхэлсэн.
-Танд сонсоод л тайвширдаг, өөрийг тань илэрхийлдэг хөгжим гэж бий юү?
-2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав багшийн “Янчир” симфони найрал хөгжмийн концертыг “Алтан намар” хөгжмийн наадамд Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй анхлан хөгжимдөж байлаа. Мөн 2009 онд “Үлэмжийн ертөнц” хэмээх суут зохиолчийн тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй дахин тоглож байсан нь давтагдашгүй сайхан үе минь. Б.Шарав багш энэхүү зохиолыг “Хувь заяа минь дээ” гэх дуунаасаа сэдэвлэн ёочин хөгжимд зориулан том хэлбэрийн бүтээл болгон туурвисан юм. Энэ бүтээл монгол үндэстний аж амьдрал, хайр сэтгэл, нигүүлсэл, гал цог, хийморь гээд бүх л сайхан чанарыг агуулсан. Хөгжимдөхөд зүрх сэтгэл хайлж уяраад, яагаад ч юм, миний дотоод хүнтэй ойр байдаг зохиол. Тиймээс үүнийг тоглох дуртай.
-Хийл хөгжим сонирхдог, дөнгөж сурч буй залууст юу зөвлөх вэ. Хувь хүнээс ямар чадвар шаарддаг вэ?
-Хүүхэд бүр хөгжмийн мэдлэгтэй болбол ямар сайхан ёс суртахуунтай, хүмүүжилтэй, мэдрэмжтэй, тэвчээртэй болох бол гэж боддог юм. Тэгэхээр сурахад алдах зүйлгүй. Энэ нөхцөл боломжийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаасай гэж боддог. Харин хөгжим сурахад хувь хүнээс тэвчээр их шаардана.
-Мэргэжлийн урлагийн байгууллагын ажилтнуудын цалин хангамж муу гэдгээс шалтгаалж олон уран бүтээлч ажлаа орхидог. Таны хувьд 20 орчим жил ажиллалаа шүү дээ. Одоо хүртэл мэргэжилдээ үнэнч үлдсэн нууц нь юу бол?
-Урлагийн бид бүгд л төрийн байгууллагад ажилладаг хүмүүс. Төрөөс цалин хангамж бага багаар нэмээд л байгаа. Гэхдээ хувь хүн яаж амьдрахаа ухаанаараа шийддэг гэж боддог. Их найрал хөгжмийнхөө энерги, тоглож буй хөгжмийнхөө аялгуу эгшигт дурлаж, үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, сайхан урмын үгсээр үргэлж тэтгэгддэг. Энэ мэргэжлийг сонгосноороо хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдарч байна. Ер нь би эмэгтэй хүнийхээ хувьд мөн чанартаа үнэнч гэж боддог. Тайзнаа гарч тоглохдоо үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, урмын сайхан үгсээр үргэлж тэтгэгддэг. Тиймээс дутах зүйлгүй, бүрэн бүтэн аз жаргал мэдэрдэг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Ёочин хөгжмөө бүх хүнд таниулахыг зорьж буй. Тиймээс үүнд зориулан олон ч уран бүтээл хийж байна.
-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?
-Италийн нэрт хөгжмийн зохиолч, хийлч Никколо Паганинийн “Каприс 24” гэх бүтээлийг ёочингоор хөгжимдөж клип хийлээ. Энэ нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Ёочингоор хөгжимдөхөд хөгжимчний ур чадвар болон ёочин хөгжмийн дуугаралтын онцлог гайхалтай, сонирхолтой байлаа. Тусалж дэмжсэн нөхдөдөө баярлалаа.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн