Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалт эхэллээ.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус чуулгад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн АзиНомхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулж буй.
Энэ удаагийн чуулга уулзалт нь төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хэрэгжилтийг түргэсгэхэд чиглэж буйгаараа онцлогтой. Мөн Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид үндсэн есөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал бодлоо солилцоно.