-Улсын гэх тодотголтой номын сангууд тасалгааны чийгшлийгтохируулахынтулдсавтай ус тавьсаар байна. Энэ нь бүтээлүүдийн хадгалалт, хамгаалалтад сөргөөр нөлөөлөх үү?
-Хэвлэмэл номын насжилт нь сан хөмрөгийн өрөөний бичил цаг уур, тэр дундаа чийгшилтэй салшгүй холбоотой. Монгол орны эрс тэс уур амьсгал, агаарын бохирдолтой холбоотойгоор сан хөмрөгт тоосжилт болон хуурайшилт үүсэх нь номын эдэлгээг багасгадаг. Сан хөмрөгийн өрөөний чийгшил, дулаан нь стандартын дагуу байх ёстой. Гэтэл чийгшил стандарт хэмжээнд хүрдэггүй учраас тусгай аппарат ажиллуулах ёстой. Ийм аппарат байхгүй бол саванд ус хийж тавин чийгшлийг нь нэмэгдүүлдэг. Энэ нь хуучирсан арга биш гэж боддог. Учир нь ахуйн хүрээний энгийн аргуудыг номын санд ашиглаж болно шүү дээ. Жишээ нь, ахуйн хортон шавжтай тэмцэх механик арга гэдэгтэй л адил юм.
-Нийслэлийн номын сангуудын орчин нөхцөл тааруу байдаг гэхээр орон нутгийнх нь ямар байгаа бол гэсэн бодол төрлөө.
-Орон нутгийн зарим номын сангийн барилга хуучирсан, зай талбай муутай тул сан хөмрөгийн байрны орчин нь шаардлага хангадаггүй. Номын тавиур нь стандартын бус зэрэг хүндрэлтэй асуудал бий. Үүнтэй холбоотойгоор номын сангийн орчин нөхцөл, үйл ажиллагаанд тавих стандартыг мөрдөх боломжгүйд хүрдэг. Гэхдээ зарим аймаг, сумын номын сангийн барилгыг орчин үеийн стандартад нийцсэн жишгээр барьж, ашиглалтад оруулж байна.
-Номын сангийн бүтэц, зохион байгуулалт 1970-аад оны үеийнхээс төдийлөн өөрчлөгдөөгүй гэж шүүмжлэх хүмүүс байна л даа. Тэгвэл орчин үеийн шаардлагад нийцүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Бид энэ шүүмжлэлтэй санал нийцэхгүй. Нийгмийн болон техник, технологийн өөрчлөлттэй уялдуулан номын сангуудын үйл ажиллагаа үндсээрээ шинэчлэгдэж байна. Мэдээж өөрчлөлт, шинэчлэл нь номын сангийн бүтэц, зохион байгуулалтад нөлөөлдөг. Жишээ нь, уламжлалт үйлчилгээгээ үзүүлэхийн зэрэгцээ цахим систем нэвтрүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор номын санд инновац, маркетинг, цахимжуулалтын бүтэц бий болсон.
-Монголын номын сангуудын сан хөмрөгт болон хувь хүн хадгалж байгаа үнэт, ховор ном, гар бичмэл материалын судалгааг манайд хийдэг болов уу.
-Албан ёсны статустай номын сангуудад хийсэн судалгаа байдаг. Харин хувийн номын санг тэр бүр судалдаггүй.
-Хуучны ховор ном, судрыг хадгалахад ямар стандарт мөрдөх хэрэгтэй вэ. Номын сан, архивын сан хөмрөгт үүнийг мөрдөж чадаж байгаа болов уу?
-Орчин үеийн шийдэл бүхий олон арга байгаа. Гэхдээ манайд бодлогын чанартай, төдийлөн шийдэж амжаагүй асуудлууд бий гэдэгтэй санал нийлэх нь зөв байх. Зөвхөн номын сан дангаараа шийдэх асуудал биш учраас бэрхшээл гардаг.
-Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталогт манай улс нэгдсэн болов уу?
-Дэлхийн бүх улс орны номын сангуудыг нэгтгэсэн электрон каталог одоогоор алга. Харин үндэсний хэмжээний нэгдсэн каталогтой улс орнууд байдаг. Манай улсын хувьд олон улсын хэмжээнд ашиглагддаг “Koxa” электрон каталогийн программыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Соёлын яамнаас “Цахим соёл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийх хэд хэдэн ажлын нэг нь үндэсний цахим ном зүйтэй болох юм. Үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа.
-Ер нь манай улс ном, судраа каталогт бүрэн оруулсан уу?
-Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалж буй судар, номыг цахим хэлбэрт оруулах ажлыг 2007 оноос хэрэгжүүлсэн. Ингэснээр бүх номыг электрон каталогоос харах боломж бүрдсэн юм. Мэдээллийн эрин зуунд технологийн дэвшлийг номын санд нэвтрүүлж, монгол судлалын сан хөмрөгөөс нийт 5800 гаруй ном, судрыг тоон системд оруулсан байна.
-Сан хөмрөгийн эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн түвшинд хийж чадаж байгаа юу?
-Номын сангийн барилгын эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тодорхой хугацаанд хийлгэдэг. Мөн номын сан галын аюулын онцгой объект. Тийм учраас галын аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ байнга хийлгэдэг.
-СУИС-ийн Номын сан судлалын тэнхим нь номын санчдыг бэлтгэдэг улсын хэмжээний ганц байгууллага байх аа?
-Манайх үндэсний хэмжээнд номын сан, мэдээллийн ажилтныг бэлтгэн, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлдэг цорын ганц сургууль. Бид нийгмийн болон техник, технологийн дэвшилттэй уялдуулан, ажил олгогчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрөө тогтмол шинэчлэн боловсруулдаг. Тухайлбал, мэдээллийн технологийн чиглэлийн хичээлүүдийг түлхүү оруулах, судлах цагийг нэмэхэд анхаарч байгаа. Мөн хичээлийг дадлагад суурилж явуулахыг зорьдог.
-Нэг жилд хэчнээн оюутан элсэж, төгсдөг вэ?
-Номын сан судлалын өдөр, эчнээ ангийн сургалтад жилд дунджаар 20 орчим оюутан элсэж, мөн тооны оюутан төгсдөг.
-Үндэсний номын санг шинэ барилга руу нь богино хугацаанд багтаан нүүлгэх ажил ид өрнөж байна. Номын сангийн бүтээлүүдийг нүүлгэн шилжүүлэхэд баримтлах журам гэж байдаг уу?
-Номын сангийн сан хөмрөг, тавилга, тоног төхөөрөмжийг нүүлгэх нь маш хариуцлагатай, хүнд ажил. Ийм учраас бэлтгэл маш чухал. Засгийн газрын 2016 оны 288 дугаар тушаалаар баталсан Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам гэж байдаг. Үүнд үндэслэн тухайн байгууллагын захирлын шийдвэрийн дагуу нүүлгэх ажлыг зохион байгуулж байгаа болов уу.
-Номын санг нүүлгэхдээ ямар стандарт мөрдөх хэрэгтэй бол?
-Номын сангийн салбарын үйл ажиллагаанд мөрдөх 20 орчим стандарт бий. Гэхдээ тэдгээрийн дотор номын санг нүүлгэн шилжүүлэх гэсэн стандарт байхгүй.
-Уг номын сан нь 3.5 сая орчим бүтээлтэй юм билээ. Гэтэл ажилчид нь тэдгээрийг найм хоногт багтаан нүүлгэнэ гэсэн. Амжих уу?
-Энэ удаагийн нүүдлээр зөвхөн орчин үеийн хэвлэлийн 500 000 ширхэг номыг л зөөн шилжүүлж байгаа. Судар, ном болон монгол судлалтай холбоотой сан хөмрөг нь бүхэлдээ хуучин байрандаа үлдэнэ.
-“Олон номыг зөөх явцад гэмтээх, үрэгдүүлэх тохиолдол гарах эрсдэлтэй” гэж иргэд шүүмжилж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ном, хэвлэлээ хайрцаглах ажлыг эхлэн хийж байгаа. Энэ нь үрэгдэх, гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилготой. Гэхдээ нүүлгэх ажлыг зохион байгуулж буй Үндэсний номын сангийн ажилтнуудын хяналт, хариуцлага маш чухал. Мэдээж аль болох гэмтээхгүй талаас нь зөөвөрлөж байгаа.
-Шинэ барилгад орсноор ямар давуу талууд бий болох бол?
-100 гаруй жилийн түүхтэй, манай улсын Үндэсний номын сан орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ байртай болох нь бидний бахархах зүйлийн нэг яах аргагүй мөн. Шинэ байранд нүүж орсноор ажлын байр нэмэгдэж, стандартад нийцсэн барилга, тоног төхөөрөмжтэй болно. Мөн үйлчилгээний цар хүрээ тэлж, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг олон давуу тал бий.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн