2024 оны 4-р сарын 15-нд олон нийтийн цахим сүлжээнд банкны нэрийг оролцуулсан нэг талын тэнцвэргүй мэдээллүүд цацагдаж, Тээвэр хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндэд халдсанд харамсаж байна.
Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан дүрэм журмыг чанд мөрдөж, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган, олон улсад нэр хүнд бүхий KPMG, BDO зэрэг хөндлөнгийн аудитын байгууллагаар банкны тоон үзүүлэлт, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг жил бур хянуулан баталгаажуулж, банкны зээлжих зэрэглэл, хэтийн төлөвийн үнэлгээг олон улсын Moody's үнэлгээний байгууллагаар тогтмол хийлгэн, дэвшилтэт техник технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа хүргэн ажиллаж ирсэн.
Манай банк 2023 онд улсын төсөвт 24.3 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлж, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсны зэрэгцээ Олон улсын VISA интернэшнл байгууллагын сүлжээнд нэгдэн орж, картын төлбөр тооцооны бие даасан процессингийн төвийг шинээр байгуулан, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлж, харилцагч нартаа банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, хүртээмжтэйгээр үзүүлэх замаар бизнесийн үр өгөөж, үнэ цэнийг бүтээж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байна.
Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдадаа найдвартай, итгэлтэй үйлчилгээг үзүүлэн, санхүүгийн түнш байж, цаашид ч Монгол Улсын банк санхүүгийн салбарын ууган банкны хувьд тогтвортой, хэвийн үйл ажиллагаагаа хадгалан ажиллаж, та бүхэнтэй хамтран ажиллах болно.
Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай гэж харагдахуйц хэмжээнд Тээвэр хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тарааж байгаа нь үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тээвэр хөгжлийн банк
2024.04.16