Энэ цаг үеийн шилдэг дуурийн гоцлооч, ДБЭТ-ын дуучин Б.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас хос цом хүртээд буй анхны эмэгтэй уран бүтээлч юм.
-Үлээвэр хөгжимчин болох гэж анх та Хөгжим бүжгийн коллежид элссэн юм билээ. Гэтэл яагаад дуурийн дуучин гэдэг мэргэжил руу хөрвөх болов?
-Багадаа бусад хүүхдийн адил гадаа тоглож наадаж явсангүй. Хөгжим бүжгийн коллежийн гурван давхарт л бага нас минь өнгөрсөн. Би дөрөвдүгээр ангиасаа Хөгжим бүжгийн коллежид элсэж, гобой гэдэг оркестрыг хөглөдөг хөгжмийн ангид орсон юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ширчинбаатар багшийн удирдлагад суралцаж байлаа. Тэгэхээр гобой үлээж л хүүхэд насаа өнгөрүүлсэн гэсэн үг.
Гобой бол сонгодог хөгжим. Тийм учраас наймдугаар ангиас тоглож буй зохиолууд хүндрээд эхэлсэн. Тухайн үед шилжилтийн нас ч таарлаа. Хөгжмөө маш их давтдаг байсан хүүхэд гэнэт л дургүй болоод байх шиг санагдсан. Г.Ширчинбаатар багш маань үүнийг хэдийн анзаарсан юм билээ. Энэ хүүхэд нэг л сонирхохгүй байнадаа гээд. Хүүхэд болохоор багшаасаа айгаад гобой сонирхохгүй болсноо хэлж чадахгүй их удсан. Тэгээд нэг л өдөр зориглоод“Багш аа, би хөгжмөө орхихоор шийдлээ. Дуурийн дуулаачийн ангид шалгуулж болох уу” гэж асуусан юм. Багш маш уриалгахан хүлээн авч “Тэгье, миний охин” гэж хэлээд, намайг Гавьяат жүжигчин А.Бүтэд багш дээр дагуулж очсон. Г.Ширчинбаатар багш намайг“Хөгжим бүжгийн коллежид суралцаж байсан учраас хөгжмийн боловсролтой, сонсголтой. Тэр
тусмаа үлээвэр хөгжим тоглодог учраас амьсгаа нь задарсан” гэж хэлээд дуурийн дуулаачийн ангид оруулж байлаа. Энэ бүх үйл явдал нүд ирмэхийн зуур л болоод өнгөрөх шиг санагдсан. Миний хувь тавилан гэж боддогдоо.
-Таныг урлагийн хүн болоход хэн нэгний нөлөө байв уу. Яагаад урлагийн салбарыг сонгох болсон юм бэ?
-Ээж, аав нөлөөлсөн. Аав, ээж хоёр маань охиноо Хөгжим бүжгийн коллежид оруулж урлагийн л хүн болгоё гэж бодсон байх. Түүнээс биш, хэн нэгнийг харж, бишрээд урлагийн хүн болъё гэж бодоогүй. Нас ч балчир, жоохон хүүхэд байсан.
-Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан таны багш шүү дээ. Энэ хүний шавь болно гэдэг их хувь тохиол байх. Анх яаж шавь нь болж байв. Таныг дипломтой төгссөн анхны шавь нарынх нь нэг гэж сонссон.
-Тийм ээ, би дипломтой төгссөн анхны шавь нарынх нь нэг. Багш 2002 оны намар дуурийн дуулаач мэргэжлээр оюутнууд бэлтгэхээр анги даан авч байлаа. Түүнээс өмнө цагаар хичээл зааж байсан гэдэг. Яг үнэндээ хүүхэд байсан учраас багшийг мундаг хүн гэж мэдээгүй. Дуурийн дуулаач гэдэг мэргэжлээ ч гүн гүнзгий, сайн ойлгоогүй байсан үе. Юу ч мэдэхгүй, ойлгохгүй явж байгаад багштайгаа танилцсан тэр үеэс хойш л мэргэжлийнхээ үнэ цэн, сайн сайхан талыг нь олж нээсэн дээ.
-ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн их сургуулийг дуурийн дуулаач, багш мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. Цаашдаа театртаа ажиллахаас гадна багшлах сонирхолтой юу?
-Багшлуулах санал их ирж байгаа. Мэдээж багшаар ажиллана. Аливаа зүйлийг өөрийн болгож, сурч мэдсэн бол заавал дараагийн үедээ өвлүүлж үлдээх ёстой гэж боддог. Энэ бол бидний үүрэг. Миний багш ч хичээлээ заасаар байгаад л хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Олон шавь төрүүлсэн хүн. Тийм болохоор багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж боддог. Багшлах гэдэг хэцүү ажил л даа. Ялангуяа дуурийн дуулаач бэлтгэхийн тулд тулж ажиллана. 10-20 хүн цуглуулж лекц уншаад өнгөрдөг ажил биш. Бие биетэйгээ энергиэ солилцож, маш ойр байж л эрдэм ухаанаа өгөлцөж, авалцдаг мэргэжил юм. Дуулна гэдэг амьсгааны урлаг. Дуурийн дуучдын хөгжмийн зэмсэг бол хоолойн мах нь. Үүнийг хөгжмийн зэмсэг шиг болгож өнгөлнө гэдэг маш нарийн ажил. Тиймээс хойч үедээ өвлүүлэн үлдээхэд их цаг хугацаа, мөн хувь хүнээс тэвчээр шаарддаг. Ер нь сайн дуурийн дуучин маш ховор төрдөг гэж боддог.
-Хамгийн анх ямар дүр бүтээж байв?
-“Евгений Онегин” дуурийн Татьянагийн дүрийг бүтээж байсан. ОХУ-д суралцаж байхдаа Консерваторынхоо хажуугийн 600-800 хүний суудалтай дуурийн театрт анх “Евгений Онегин”-ий Татьянагийн дүрд дуулсан. Анх би ийм том дүр, тэгээд бүр орос зохиолыг орос хэлээр дуулж чадах болов уу гэж их эргэлзсэн. Гэтэл багш маань “Анка, чи өөрийгөө сориод үз. Аливаа зүйлийг болно гэж бодвол чи чадна. Харин болохгүй гэж бодвол чадахгүй” гэж байв. Тэгээд л би маш сайн бодсоны эцэст дуулсан юм. Тэр нь харин одоо бодоход миний хамгийн зөв шийдвэр байж.
-Татьяна, Энхнаран хоёрт төстэй тал бий юү?
-Мэдээж байлгүй яах вэ. Татьяана бол их дотогшоо, олон таван үггүй тайван, цайлган дүр. Бид хоёрын төстэй тал гэвэл аливаа зүйлд гүнзгий хандах гээд байдаг нь. Бас олон таван үггүй, цайлган нь юм болов уу.
-Та дуурийн гоцлоочоор багагүй хугацаанд ажиллалаа. Бүтээхийг хүсдэг дүр үлдсэн үү?
-Дуурийн дуучин мэргэжлийг эзэмшсэн бол өөрийгөө заавал сорьж, бүтээхийн төлөө хөдөлмөрлөх шаардлагатай дүрүүд гэж бий. Жишээ нь, Ж.Пучинийн “Тоска”, Ж.Вердийн “Айда” зэрэг дуурь байна. Монголоос “Ламбугайн нулимс” дуурийн Цэрэнлхамын дүр үлдсэн. Мөн над шиг сопрано хоолойтой дуучид“Турандот” дуурьд дуулахыг хүсдэг. Ирээдүйн бас нэг том хүсэл гэх юм уу даа.
-Тэгвэл дуурийн гоцлооч хүний хувьд сэтгэлд илүү ойр, бүтээх дуртай дүр гэж бий юү?
-Яагаад ч юм надад Татьянагийн дүр л их ойр байдаг. Намайг дуурийн урлагт дурлуулж, гол дүр бүтээх чин хүслийг нээж өгсөн нь яах аргагүй Татьяна. Анхны дүр болоод ч тэр үү, хөгжим эгшиглэх төдийд сандарсан тэр үеийн мэдрэмж, оюутан цагийн дурсамжууд шууд санаанд ордог.
-Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн цалин хангамж, ажиллах орчин нөхцөл тааруу гэсэн шүүмжлэл байнга гардаг шүү дээ. Тийм зүйлийг даван туулаад, одоог хүртэл мэргэжлээ орхилгүй үнэнч үлдсэн нууц нь юунд байна вэ?
-Миний хувьд энэ мэргэжлээр 10 жил сурсан. Дуурийн дуулаач ер нь тэтгэвэрт гартлаа л суралцаж байдаг гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл шинэ дүр, шинэ уран бүтээлийг тоглохын тулд тасралтгүй суралцах ёстой. Олон жил сурсан болохоор ч тэр үү энэ нь дадал, зуршил болчихсон. Тиймээс орхиход хайран, харамсмаар санагддаг. Манай Монгол ганц дуурийн театртай. Олон жил, их цаг хугацаа гэнэ мэргэжилд суралцахад зориулсан учраас миний байх газар бол дуурийн театр л гэж боддог. Би театрынхаа олон уран бүтээлд ажиллаж суралцаж, түүнийхээ үр шимийг хүртэнэ гэж гэгээнээр мөрөөддөг юм. Мэргэжилдээ дурлачихсан гэсэн үг. Тиймээс өдий хүртэл театртаа байна. Түүнээс цалин, нийгмийн асуудлыг яривал хэцүү шүү дээ. Зөвхөн сэтгэл зүрхээрээ ажиллаж байгаа хүмүүс л энэ театрт бий. Тиймээс л хэзээ ч орхиж явж чадахгүй болчихдог байна лээ.
-Анх театртайгаа хэрхэн амьдралаа холбож байв?
-Театртаа11 жил ажиллаж байна. ОХУ-д сургуулиа төгсөж ирээд ажилд орох гэсэн ч орон тоо байхгүй гээд аваагүй. 10 жил энэ мэргэжлээр сурсан хүн дуурийн театртаа л ажиллахгүй бол хийсэн, бүтээсэн зүйлс минь нурах юм шиг санагдсан. Тэр үед Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуулаачийн улсын уралдаан зарлаж таарсан. Тэгээд л би одоохондоо дуурийн театрт орж чадаагүй юм чинь уралдаанд бэлдээд үзье гэж шийдсэн. Дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж буй оюутнууд бүгд оролцохыг хүсдэг, том хэмжээний уралдаан шүү дээ. Тэр уралдаанд нэгдүгээр байр эзэлж, маш их урам авсан. Дараа нь “Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравгуайн нэрэмжит уралдаан зарласан байна, чи өөрийгөө сорь” гэж Х.Уртнасан багш маань зоригжуулж “Анкачи ерөөсөө л зогсохгүй явах хэрэгтэй” гэж хэлж байв. Энэ уралдаанд ч мөн нэгдүгээр байр эзэлсэн. Тэгээд л “Хөөх би хоёр том уралдаанд нэгдүгээр байр эзэллээ” гээд тухайн үедээ үнэхээр сайхан мэдрэмж авч байсан. Үүний дараахан дуурийн театраас намайг дуудсан. “Гоцлол дууны ангид нэг орон тоо гарсан, ирээд уулзаарай” гэсэн юм. Тэгж л анх ажилд орж байлаа. Театрт ажилд орохдоо мөн л “Евгений Онегин” дуурийн Татьянагийн дүрд дуулж шалгалтаа өгсөн.
-Саяхан болсон “Мөнгөн мод” наадмаас та хос цом хүртсэн шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрөв?
-Хос цомтой дуучин гэвэл Ардын жүжигчин Э.Амартүвшин, Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар нар байна. Харин анхны хос цомтой эмэгтэй дуучин нь би боллоо. Үнэхээр сайхан мэдрэмж. “Би үнэхээр хоёр цом авчихлаа гэж үү” гэх бодол төрдөг юм билээ.
Хөдөлмөрийн минь үр шим эргээд надад ийм сайхан, гэгээлгээр ирж байна гэж хамгийн түрүүнд бодсон. “Хөдөлмөрлөж байвал бурхан чамайг ямар нэгэн байдлаар шагнадаг” гэдэг үг байдаг шүү дээ. “Мөнгөн мод” цом авсан өдөр хөдөлмөрийн минь үр шим бороо болоодасгарсан үе байлаа. Заримдаа гэнэт “Би чинь хоёр цомтой болсон бил үү” гээд л итгэмээргүй сайхан мэдрэмж төрсөн хэвээрээ л байна.
-Таны хувьд өнгөрсөн жилийн уран бүтээлүүдээсээ алийг нь илүү гэж онцлон нэрлэх вэ?
-2023 онд маш олон уран бүтээлд ажиллажээ. Ж.Вердийн “Макбет” болон “Атилла” дуурь, Морин хуурын чуулгатай 400 жилийн түүхт Францын Версалын ордонд маш гоёмсог, алтан тайзан дээр дууллаа. Хөгжмийн зохиолч Моцарт анх тэр тайзан дээр тоглосон гэдэгюм билээ. Б.Шаравгуайн найруулгаар бүтээсэн “Бүжидмаа”-г, дэлхийн сонгодог“Чио Чио сан”-ы ари зэргийг тэр зааланд эгшиглүүлсэн. Мөн Ардын жүжигчин А.Энхтайвны нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанаас гран при шагнал хүртсэн. Арваннэгдүгээр сард нь бие даасан “Bellissima” гэх тоглолтоо олон нийтийн хүртээл болголоо.
Энэ жил Ж.Вердийн “Травиата”-д дуулсан. Миний багш энэ дуурьд дуулж байсан учраас би дуулахыг маш их хүссэн л дээ. Бас багшийн минь хүсэл байсан. Хүслийг нь биелүүлж багшаа баярлуулсан гэж боддог. Багшийнхаа амьдралаа зориулсан дуурийн театрт өөрийнх нь дуулж байсан дууриудыг дуулах чин хүсэл надад бий. Гэхдээ шууд биелүүлэх боломжгүй учир алхам алхмаар бэлтгэдэг. Мөн өнгөрсөн сард Ардын жүжигчин Э.Амартүвшинтэй “Макбет” дуурийг үзэгчдийн хүртээл болгосон. 2024 он маш сайхан эхэлж байна. Хөдөлмөрийн минь үр шим, “ургац хураалт” нь “Мөнгөн мод”-оор эхлэлээ тавьсанд маш их баярлаж бас бэлгэшээж байгаа. Луу жил гайхалтай үр өгөөж өгнө гэж найдаж байна.
-Өнгөрсөн сард та хурц шийдэмгий хатагтай Макбетаас шууд гэнэн зөөлөн, “Үүлэн заяа” дуурийн Наран зэлийн дүр лүү шилжлээ. Нэгээс нөгөө жүжгийн хооронд маш завгүй ажиллаж, амьдардаг юм шиг санагдсан. Энэ хугацаанд ар гэрийн ажлаа хэрхэн зохицуулдаг бол?
-Ар гэрийн ажлыг нөхөр маань зохицуулдаг. Дуурийн бэлтгэл эхэлбэл маш завгүй болчихдог юм. Заримдаа хэсэгхэн зуур, үүлэн чөлөөний нар гэдэг шиг амралтын үе гарна. Харин ар гэрийн ажилд хань, ээж, аав, гэр бүлийнхэн минь үргэлж тусалж дэмждэг. Тэд байхгүй бол би энэ ажлыг хийж чадах уу, үгүй юү гэдэг хэцүү л дээ. Би гурван хүүхэдтэй. Хоёр бага маань балчир, цэцэрлэгт явдаг. Том охин маань гуравдугаар ангийн сурагч болсон. Сургууль, цэцэрлэгт нь зөөхөөс эхлээд ажил их бий. Тэгэхээр заавал ар гэрийн тусламж, дэмжлэг байж би тайван ажлаа хийж чаддаг. Ташрамд хэлэхэд, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа, миний амжилт та бүхний ч амжилт юм шүү гэж хэлмээр байна.
-Урлагийн хүн бусдын өмнө заавал гоё сайхан харагдах ёстой гэсэн хэвшмэл ойлголт олон бий. Таны хувьд уран бүтээлч байхын тулд өөртөө ямар нэг шаардлага тавьдаг уу?
-Нэн түрүүнд тэвчээртэй байх хэрэгтэй. Чи өнөөдөр унаж болно. Магадгүй маргааш, нөгөөдөр ч дахиад унах үе бий. Дөрөв дэх өдөр унаж ч, эсвэл босож ч магадгүй. Тиймээс өнөөдөр миний өдөр биш байсан ч маргааш миний өдөр байх болно гэж хүлээж чадах хэмжээний хариуцлагатай, дундаршгүй тэвчээртэй байх хэрэгтэй гэж боддог. Урлаг хүний тэвчээрийн хязгаарыг шалгадаг шүү дээ. Нэг сонгосон бол шантаршгүй, тэвчээртэй, бас хүлээцтэй бай, тэгэж чадвал түүний цаана ямар нэгэн сайхан зүйл үргэлж хүлээж байгаа.
-Үлээвэр хөгжимчин биш, дуурийн дуулаач болсондоо харамсах үе байдаг уу?
-Хүний амьдралд хар, цагаан ээлжилдэг учраас мэдээж гуньж гутрах үе бишгүй. Хааяа яагаад хамгийн хэцүү, хүний тэвчээрийн шандсыг шалгасан мэргэжил сонгочихдог байна аа гэж боддог. Хүн л юм чинь байнга шагнал авсан үе шиг сайхан байна гэж байхгүй. Том дуурьд гоцолж байгаа үеүдэд шантрах нь цөөнгүй. Миний хүчин чадлаас давсан, чадахгүй зүйлс тулгарах болгонд шантардаг. Гэхдээ чадахгүй байсан ч өдөр бүр давтдаг юм. Нэг өдөр тоглохын тулд 2-3 сарын өмнөөс бэлддэг. 100 гаруй өдөр гэсэн үг. Гэсэн ч хамгийн гол нь хийж чадсаны дараа“Би үнэхээр чадчихлаа гэж үү” гээд баярладаг. Би дараагийн удаа яг үүн дээрээ анхаарах хэрэгтэй юм байна, ингэж хийж үзнэ гээд л шантарсан, хэцүү байсан үеэ аль хэдийн мартчихсан байдаг.
-Дуурийн дуучин болоогүй бол Б.Энхнаран ямар мэргэжилтэй хүн байх байсан бэ?
-Би оюутан байхдаа“Мобиком” компанид теллерээр ажилладаг байсан. Тэгэхээр магадгүй дуурийн дуучин болоогүй бол теллер хийгээд, одоогийн амьдралаасаа тэс өөр хэмнэлээр тайлан тооцоо, шинэ дугаар гээд явах байсан болов уу. Ингээд бодохоор амьдрал маш баялаг юм даа.
-Чөлөөт цагаараа хийхийг хүсдэг сонирхолтой зүйл, хобби тань юу вэ?
-Завгарвал кодоор зураг будах дуртай. Одоо гэрт хоёр ч зураг бий. Гэвч зав олдохгүй болохоор гүйцээгээгүй байна. Ер нь зураг, тэр дундаа уран зурагт дуртай. Мундаг цуглуулагч, дурлагч биш ч уран зураг их сонирхолтой санагддаг. Уран зургаас тайвшралыг мэдэрдэг гэх юм уу.
-Ойрын хугацаанд та ямар уран бүтээлээр сонгодог урлаг шимтэгсэдтэй “уулзах” гэж байна вэ?
-Монголын хөгжмийн зохиолчдын шидээвэр болсон бүтээлүүдээр пянз юм уу, цомог гаргах хүсэл байна. Мэдээж сопрано хоолойд зориулсан. Бид үргэлж нэгээс нөгөө дүр лүү шилжиж байдаг. Ялангуяа жилд нэг шинэ дуурьд дуулна гэж боддог. Энэ нь надад ч хэрэгтэй. Өөрөө ч хөгжинө гэсэн үг. Дараагийн уран бүтээл гэвэл ирэх зургаадугаар сард“Ламбугайн нулимс” дуурийн Цэрэнлхамын дүрд дуулахаар бэлтгэлдээ орох гэж байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн