Идлиб мужид босогчдын засаг захиргааг тэргүүлж байсан Мухаммед Аль-Башир Сирийн шилжилтийн Засгийн газрыг одоо толгойлж байна. “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэл болон түүний холбоотнууд Аль-Баширыг ирэх оны гуравдугаар сар хүртэл энэ албыг хашиж байхыг үүрэг болгосон аж. Шилжилтийн Засгийн газрын гишүүд хийгээд Асадын үеийн танхимынхан оролцож, Засгийн эрхийг шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн мягмар гаргийн уулзалтыг тэрбээр даргалжээ. Энэ болтол Аль-Башир босогчдын хяналтад байсан зүүн хойд нутгийнхнаас бусдад төдийлөн танил болоогүй байв.
Аль-Башир цахилгааны инженерийн мэргэжилтэй, иргэний дайнаас өмнө хий боловсруулах заводод ажиллаж байжээ. Нутгийн зүүн хойд хэсгийн газар нутгийг захируулахаар босогчдын байгуулсан Сирийг аврах Засгийн газрын Ерөнхий сайдаар энэ оны нэгдүгээр сард түүнийг томилсон байв. Энэ хэсэг газар нутаг өөрийн гэсэн яамд, департаментууд, шүүхийн болон хүчний байгууллага, шашны зөвлөлтэй жижиг улс маягтай байсан аж. Энд ихэнх нь тус улсын бусад нутгаас ирсэн дөрвөн сая орчим хүн амьдарч байж.
Босогчдын удирдагч, албан ёсны арга хэмжээнд Ахмед аль-Шараа гэх жинхэнэ нэрээ хэрэглэх болсон Абу Мухаммед аль-Жулани сири хүмүүсийг тамлаж, цэргийн гэмт хэрэг үйлдсэн төрийн өндөр албанд байсан хүмүүсийг мөрдөн шалгахаар урьд нь амлаж байсан аж. “Sky news”-ийн сурвалжлагчтай ярилцахдаа тэрбээр дайнд сульдсан улс орноо дахин ийм юмтай учруулахгүй хэмээгээд, гадаад улсуудыг тайвшруулахыг хичээсэн байна. “Өмнөх дэглэмээсээ бид айдаг байсан. Улс маань одоо хөгжил, сэргээн босголт руу хөдөлж байна. Бүх юм тогтвортой байдал бий болгоход чиглэнэ” гэж тэр хэлжээ. НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай элч Гейр Педерсен Женев хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа төр засгийн эрхийг энхийн замаар шилжүүлэхдээ Сирийн нийгэм, Сирийн намуудын хамгийн өргөн төлөөллийг хамруулах нь чухал. Ингэж эс чадвал шинэ зөрчил, тэмцэл гарах эрсдэлтэй” гэж хэлсэн байна. Европын Холбооны дипломат бодлогын тэргүүн Кая Каллас ч улс дотроо хүчирхийлэл өдөөж, хэт даврагчдыг өндийлгөхөөс сэргийлэхийг, Ирак, Ливи, Афганистанд болсон үйл явдлыг давтахаас зайлсхийх ёстойг анхааруулав. Сирийн ирээдүйн Засгийн газар цөөнхийг хүндэтгэж, итгэл хүлээж, харилцан тохиролцооны үр дүнд бий болбол түүнийг Вашингтон хүлээн зөвшөөрч, бүрэн дэмжинэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдлээ.
Сирийг иргэний дайнтай байхад Башар Асадыг Владимир Путин дэмжиж, 2015 оны есдүгээр сарын эцсээс тус улсад Оросын цэргийн томоохон хүч байрлах болсон аж. 2024 оны эхэнд энэ цэргийн тоо тодорхой шалтгаанаар 7.5 мянга орчим болсон байв. Асадын дэглэм унаснаар эдний хувь заяа төвөгтэй боллоо. Орос улс цэргээ Сириэс аюул осолгүй гаргаж чадах, эсэх асуудлыг ВВС-гийн Оросын алба хөндөхийг оролдож байна. Оросын тэнгисийн цэрэг, Агаар-сансрын хүчний хоёр томоохон бааз Сирид бий. Тэдний эргэн тойронд мэдээж туслах чанарын янз бүрийн зориулалттай жижиг салбарууд байгаа.
Тартус, Хмеймимд байгаа Оросын цэргийн баазуудыг 49 жилээр буюу 2066 он хүртэл ашиглах тухай хэлэлцээрт Москва, Дамаск хоёр 2017 онд гарын үсэг зурсан. Эдгээр баазын асуудлыг Дамаск дахь шинэ эрх баригчидтай Москва ярилцаж шийдвэрлэнэ гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт хэллээ. Түүнээс гадна цэргүүдээ Сириэс аюул, осолгүй гаргахад нь туслахыг Туркээс ОХУ хүссэн тухай CNN Turk телесуваг мэдээлэв. Энэ нь Оросын цэргийн томоохон баазуудын тухай биш, Сирийн нутгийн янз бүрийн хэсэгт алс зайдуу байрлуулсан цэргийн тухай ярьж буй хэрэг аж. Эдгээр цэргийн байрлаж буй газар нь биенээсээ хэдэн зуун километр хол зайд байдаг юм байна. Оросын цэргийн зарим бүлэг одоо үндсэн хүчнээсээ таслагдчихаад байгаа гэнэ. Оросын Төрийн Думийн Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов Сирид байгаа манай цэргийн бааз, цэргүүдэд ямар нэг аюул байхгүй, тэд бусдаасаа таслагдаж тусгаарлагдаагүй гэж мэдэгдсэн ч Оросын цэргийнхэн өөрсдөө бэлтгэсэн нь илт анзаарагдах гэрэл зургууд нийгмийн сүлжээнд байгаагаас үзвэл үндсэн анги, хүчнээсээ тусгаар нь хэний ч нүднээс далдах аргагүй байгаа аж. Түүнчлэн Оросын цэргийн техникүүд Сирийн замаар явж байгаа бичлэг зэргээс Оросын цэргүүд Сирийн алслагдсан газар нутгаас гарч явахыг хичээж буй юм байна гэсэн дүгнэлт хийж болохоор. Оросын Гадаад тагнуулын албаны удирдагч Сергей Нарышкины мэдэгдсэнээр бол Сири дэх Оросын иргэдийн аюулгүй байдлын асуудлаар шинэ эрх баригчидтай нь оросууд яриа хөөрөө хийж байгаа, тэгэхдээ энэ нь юуны урьд дипломат болон төлөөлөгчийн бусад газруудын ажилтнуудад хамаатай юм байна. Оросын нисэх хүчин Сирийн Агаарын цэргийн хүчний Т-4 гэдэг томоохон буудлыг ашиглаж байжээ. Нисэх онгоцны энэ буудал Пальмираас баруун тийш 50 километрт байдаг аж. Оросын цэргүүд Сирийн босогчдын шаргуу довтолгооны үр дүнд бусдаасаа таслагдаад байсан юм. Орос улс цэргийн хүчээр хангаж, үүгээр өөрийн оролцоог олон улсын тавцанд харуулж байсан болохоор Сирид цэргээ байлгах нь Путиний хувьд улс төрийн утга агуулгатай байсан нь эргэлзээгүй. Эцэст нь, Голаны өндөрлөгийн Изриал-Сирийн залгаа хилийн хэсэгт Оросын цэргийн цагдаагийн хүч өөрийн оролцоог тэлжээ. Босогчид улс орондоо эрх мэдэлтэй болсноор Сириэс тусгаарлах тухай 1974 оны хэлэлцээр ач холбогдолгүй болсон гэж мэдэгдээд Израилын цэргүүд ч одоо цэрэггүй, жийргэвч бүсийг түр хяналтдаа аваад байна.
Оросын цэргийнхний тэмдэглэж байгаагаар Америк, Израилын нисэх хүчний өгөх цохилт орос цэргүүдэд учрах онцгой аюул болоод байна. Хэт даврагчдын гарт оруулчихгүйн тулд зэвсэг, пуужин үйлдвэрлэж, хадгалдаг газруудад цохилт өгнө гэж Израил мэдэгдлээ. АНУ болохоор улс төр, цэргийн тодорхой бус байдлыг өөрийн эрх ашигт зориулахаас сэрэмжилж нисэх хүчин нь “Исламын улс”-ын удирдагчдын байршлыг оролцуулаад 75 байг устгаснаа зарлав.
Дмитрий Песковын хэлснээс дүгнэвэлs Сирийн Тартус, Латакид байгаа баазуудаа яахаа Оросын удирдлага шийдэж чадаагүй байна. Оросууд цэргээ эндээс гаргахад бэлэн байх ёстой нь ойлгомжтой ч энэ нь тийм амар хийчих ажил биш. 7.5 мянган хүнээс гадна их хэмжээний зэвсэг, техник тэнд байгаа. Хуягт машин, зенит-пуужингийн цогцолбор хийгээд бусад янз бүрийн техникийг эндээс гаргахыг бусдын анхаарлыг таталгүйгээр хийх боломжгүй юм. Хмеймимээс цэрэг, зэвсгээ яаравчлан гаргаж эхэллээ гэхэд Ан-124, Ил-79 мэт хүнд даацын онгоцнууд богино хугацаанд хэдэн зуун нислэг үйлдэх хэрэгтэй болно. Усан замаар хөлөг онгоцнууд олон хүн, их ачаа тээгээд хөдөллөө гэхэд Украин руу Орос довтолсны дараа Хар далай дахь Босфор, Дарденеллийн хоолойг Турк хааж, дайтаж буй орнуудын онгоцуудыг нэвтрүүлэхээ болиод байгаа билээ. Тиймээс оросууд Газар дундын тэнгис, Гибралтарын хоолойгоор дамжиж, Европыг тойрч дараа нь Балтын тэнгис руу, Норвег, Баренцын тэнгисээр умард буудлуудад очих болно. Энэ ажиллагаа өндөр өртөгтэй, нүсэр байх болно.
Сири дэх цэргийн баазууд Асадын дэглэмийг дэмжихэд нь л Орост хэрэгтэй байсангүй, Ойрхи Дорнодод Оросын цэргийн оролцоог хангаж, сүүлийн үед Оросын ашиг сонирхол их болоод байгаа Африк руу хүн, ачаа зөөхөд нь тус дэмж болж байсан юм. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, Башар Асадын Засгийн газар Оросоос үлэмж хэмжээгээр хамааралтай байсан бол Сирийн шинэ эрх баригчдыг нааштай хандуулахын тулд Дамаскад Москва ямар нэг “өргөл барьц” өгөхөд хүрнэ.