Франц улсын Гринобле хотод зохион байгуулсан олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, “Алтан цом”-ын эзэн болсон Э.Лхагва-Очиртой ярилцлаа. Тэрбээр амьдралынхаа 20 гаруй жилийг уран нугарахад зориулж, Монголын циркийн хөгжлийн түүхэнд нэрээ тодоор тамгалсан залуу уран бүтээлч юм.
-Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, “Алтан цом”-ын эзэн боллоо. Юуны түрүүнд танд баяр хүргэе.
-Баярлалаа. “Өнөөдөр” сонины нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.
-Тус тэмцээний давхар сандлын тэнцвэр төрөлд та 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн нь дэлхийд анхдагч боллоо. “Алтан цом” хүртэх мэдрэмж ямар байв?
-Энэхүү тэмцээнд Монголоос анх удаа ганцаарчилсан төрөлд сандал дээрх тэнцвэрийн үзүүлбэрээр “Алтан цом” хүртлээ. Анхны гэдэг утгаараа Монголын циркийн түүхэнд ч маш онцлогтой тэмцээн болсон байх. Миний хувьд мэдээж маш их баяртай байна. Олон жилийнхээ хөдөлмөрийг алтаар үнэлүүлнэ гэдэг хэмжээлшгүй их аз жаргал, баяр хөөр шүү дээ.
-Сандал дээрх тэнцвэрийн үзүүлбэрээ хэдий хэр хугацаанд бэлдэв. Гол онцлог нь юу бол?
-Энэ үзүүлбэрийг 2017 оноос хойш долоон жил гаруй бэлдлээ. Нарны циркийн “Кристал” хэмээх тоглолтод оролцох урилга авснаар Канадын Монтреал хотод энэ үзүүлбэрийг анх бэлдэж эхэлсэн юм. Тоглолтын сандлыг төмрөөр хийсэн, бас гадна үзэмжид нь ч нэлээд анхаарсан. Модерн загварын сандлууд учраас харагдах байдал нь ч сайхан. Гэхдээ хөдөлгөөн ихтэй, урт нарийн хийгдсэнээрээ энэ төрлийн бусад хэрэгслээс онцлогтой. Өндөр бөгөөд урт, нарийн харагдах зориулалттай гэсэн үг. Үүгээрээ дэлхийд анхдагч боллоо.
Мөн зургийг нь сайн харвал хамгийн дээд талын хоёр сандал зөвхөн нэг хөлөөрөө л холбогдсон байгаа. Түүний дээр тэнцвэрийн үзүүлбэрээ үзүүлдэг гэсэн үг. Энэ нь сандлын тэнцвэрийн түүхэнд анхдагч үзүүлбэр боллоо.
-Циркийн урлаг хүний сэтгэлийн утсыг хөндөж, айлгаж, бас догдлуулж чаддаг шүү дээ. Үзэгчид ч ийм мэдрэмж авснаа хэлдэг. Харин тухайн үзүүлбэрийг үзүүлж буй хүнд ямар мэдрэмж төрдөг бол?
-Уран бүтээлчид ч тоглолт бүрд үзэгчидтэйгээ адил догдолдог. 11 метрийн өндөрт гарахаар хүний байгалийн зөн совин ажиллаж, өөрийгөө хамгаалах мэдрэмж төрнө. Энэ зөн совинтойгоо нүүр тулж, өөрийгөө тайвшруулан, бясалгал хийж, оюун санаагаа амар амгалан байлгаснаар үзүүлбэрээ алдаагүйгээр олны хүртээл болгох юм. Үзэгчид амьсгаа даран үздэг шиг би ч амьсгаа даран үзүүлбэрээ толилуулдгаараа онцлогтой. Тэгэхээр биеийн болон сэтгэлийн хүчээр бүтдэг үзүүлбэр гэх юм уу даа.
-Энэ урлагт хөл тавьж, уран нугараач болоход багш тань их нөлөөлсөн гэж сонссон. Харин та тухайн үедээ уран нугараач болно гэж огт төсөөлж байгаагүй гэх юм билээ. Циркийн урлагт дурласан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би бага насаа Налайх дүүрэгт өнгөрүүлсэн. Багадаа нэлээд хөдөлгөөнтэй, зурагтаар цирк гарвал дуурайгаад л акробат эргэж, мост унан, шпагат суудаг хүүхэд байлаа. Миний энэ авьяасыг нагац ах хамгийн анх олж харсан. Тэгээд л “Энэ хүүхдийг циркийн сургуульд оруулъя” гээд 1997 онд Дашчойлин хийдийн хажуугийн циркийн сургуульд И.Жаргалсайхан багшийн шавь болгосон түүхтэй. Тэгэхээр хамгийн анхны багш минь “сахар” хочит И.Жаргалсайхан юм. Хамтдаа найман сар гаруй хугацаанд хичээллэсний дараа багш “Акробатаас илүү уран нугаралт чамд зохино. Чиний бие уян хатан, арай өөр юм байна” гэсэн. Тэгээд л Ардын жүжигчин, Төрийн шагналт Т.Цэнд-Аюуш багшийн шавь боллоо. Т.Цэнд-Аюуш багш яг л миний эмээ шиг санагддаг. 10 гаруй жил намайг хүмүүжүүлж, циркийн урлагийн сайхныг, бас ямар хатуу, ширүүнийг мэдрүүлсэн хүн. Маш хүнд дасгал, бэлтгэлүүдийн ард гарахад мөн ч их тусалсан. Тухайн үед манайх гэр хороололд амьдардаг байв. Тиймээс багш намайг ус, түлээ зөөх хар бор ажлаас хол байлгах гээд хэсэг хугацаанд гэртээ амьдруулж, бэлтгэлээ хийхэд тусалдаг байлаа.
2004 онд 16 настайдаа багштай хамт Монте Карлогийн олон улсын залуу циркчдийн уралдаанд оролцохоор явсан юм. Энэ уралдаанд оролцохоос зургаан сарын өмнөөс намайг гэртээ байлгаж, өөрийнхөө дүрэм журмаар хооллож, унтуулж, бэлтгэл хийлгэсэн. Үүний ачаар бид эл тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Анхны тэмцээн гэдэг утгаараа их ч догдолсон. Тайз руу гарах мөчид бие засмаар санагдаад, юу болж буй нь мэдэгдэхгүй маш их сандарч, айсан. Гэхдээ нүд ирмэхийн зуургүй л өнгөрч байлаа. Энэ ташрамд, багшдаа маш их талархаж явдгаа хэлэх нь зүйтэй байх. Өнөөгийн Э.Лхагва-Очирыг бий болгоход хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол миний багш. Бас гэр бүлийнхэн минь байнга дэмжлэг үзүүлсээр ирсэн. Та нартаа маш их баярлалаа.
-Манайд эрэгтэй уран нугараач гарын таван хуруунд багтахаар цөөн гэдэг. Энэ нь төрөлхийн уян налархай байдал бага байдагтай нь холбоотой юм болов уу?
-Эрэгтэй уран нугараач манайд харьцангуй цөөн. Би багшийнхаа гурав дахь эрэгтэй уран нугараач шавь нь. Мэдээж эрэгтэй хүн уран нугарна гэдэг хэцүү. Үүнээс гадна төрөлхийн уян хатан биш бол бүр ч төвөгтэй. Төрөлхийн уян хатан байдлыг хүүхдийг багад нь тодорхойлсныхоо дараа уран нугаралтаар хичээллүүлэх ёстой. Азаар би төрөлхийн уян хатан өгөгдөлтэй байсан гэдэг. Үүнийг л багш олж хараад хөгжүүлж, маш сайн бэлдсэний эцэст гайхамшигтай үзүүлбэрийг хангалттай хэмжээнд сургуулилж тайзнаа толилууллаа. Ер нь төрөлхийн болон бэлтгэлийн уян хатан байдал гэсэн хоёр ангилал бий. Төрөлхийн гэдэг нь байгалиасаа өгөгдөлтэй гэсэн үг. Харин бэлтгэлийнх нь олон удаа давтсанаар хүүхдийн нурууг уян болгох юм. Төрөлхийнх нь илүү уян хатан, урт хугацаанд нугарах боломжтой гэж хэлнэ.
-Магтаал хүнийг урамшуулдаг ч нөгөө талаас хөнөөх хүчтэй шүү дээ. Та магтаалд хэр дуртай хүн бэ?
-Бага байхаас эхлээд л ээж минь аливаа зүйлд битгий онгирч байгаарай, муухай зан шүү гэж байнга хэлдэг байлаа. Ер нь гэр бүлийн хүмүүжил чухал. Ээжийн зааж, сургадаг байсан зүйлс одоо хүртэл миний сэтгэл зүрхэнд хадгалаастай байдаг. Хэн нэгэн магтахад өөрийгөө сахилга баттай байлгаж, дардаг. Циркийн урлаг хатуу. Энэ урлагийн талбарт 20 гаруй жил зүтгээд, дэлхийн олон тайзнаа гарч, уралдаанд оролцоод шагнал, шүүмжийг наанатай, цаанатай хүлээн авдаг болж. Буруу цагтаа ташуур, зөв цагтаа урам болгон хүлээн авдаг. Тэгээд ч уран бүтээлч хүнд магтаал маш их эрч хүч, урам зориг хайрладаг. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн монгол ардын зүйр цэцэн үг ч бий шүү дээ. Үүнийг л ойлгож явна даа. Магтаал, урмын үг биднийг ташуурддаг.
-Урлагийн “тогоонд” орсноосоо хойш өөртөө ямар шаардлага тавьдаг болов?
-Цаг минут тутамд хөгжиж байх ёстой. Чамд ямар нэгэн байдлаар гайхалтай өгөгдөл ирсэн бол үүнийгээ зогсолтгүй хөгжүүлж, илүү сайжруул. Бас сурсан мэдсэнээ дараагийн үедээ харамгүй зааж, сургах хэрэгтэй гэж боддог юм. Яг энэ зарчмаараа л ажиллаж, амьдарч байна.
-Чанартай үзүүлбэр үзүүлэхэд мэдээж бэлтгэл сургуулилалт чухал байх. Бэлтгэлээ хэрхэн хийдэг тухайгаа сонирхуулахгүй юу?
-Өдөр бүр тогтмол 3-4 цагийг бэлтгэл хийхэд зарцуулдаг. Эхлээд биеэ халаана, тэгээд сунгалт хийнэ. Үүний дараа техникийн дасгалуудаа хийх зэргээр үргэлжлүүлдэг. Ерөнхийд нь үзүүлбэрээ 3-4 удаа хөгжимтэйгөөр давтдаг. Үүний дараа гар дээрээ удаан зогсох гэх мэт тэнцвэрийн дасгал, бас хүчний болон сунгалт, хөргөлтийн бэлтгэлээ хийнэ.
-Уран нугараач байх мэдээж амаргүй. Сэтгэл зүйгээс гадна бие махбодын хувьд хүндрэлтэй зүйлс их тохиолддог байх. Энэ бүхнээс шантрах үе бий юү?
-Өнгөрсөн хугацаанд маш олон сорилттой тулгарчээ. Уран нугараач нь нэг талаас уран бүтээлч. Гэвч нөгөө талаас тамирчин байх шаардлагатай. Цирк бол энэ хоёр төрлийг хослуулсан урлаг. Тамирчны маш хүнд бэлтгэлээс гадна үзэгчдэд гоо зүйн мэдрэмж өгөх ёстой. Тиймээс хүч болон уян хатан байдал үргэлж тэрсэлдэх шаардлагатай болдог. Ер нь бэртэж, гэмтсэн үед хамгийн хэцүү. Тэгэхээр нэгдүгээрт бэртэхээс болгоомжлох хэрэгтэй.
-Та олон улсын тайзнаа үнэлэгдсэн хүн. Олон орны тайзнаа үзүүлбэрээ толилуулсан байх. Монгол болон гадаад үзэгчдэд ялгаа байдаг уу?
-Миний санаж байгаагаар 10-аад жилийн өмнө монгол болон гадаад үзэгчид хоорондоо их ялгаатай байлаа. Гадаадууд орилж, хашхирах, уйлах зэргээр сэтгэл хөдлөлөө түүртэлгүй илэрхийлдэг бол манайхан зүгээр л алга ташна. Харин одоо монголчууд сэтгэл хөдлөлөө харьцангуй чөлөөтэй илэрхийлдэг болсон юм шиг санагдсан.
-Монголын циркийн өнөөгийн хөгжлийг хэрхэн хардаг вэ?
-Циркийг хувьчилснаас хойш олон уран бүтээлч тусдаа гарч, хувиараа уран бүтээл хийн, өөрсдийн замналаар хөгжих боллоо. Үүнээс үүдэн циркийн үндсэн зургаан төрөл хумигдсаар өдгөө гурав нь л идэвхтэй хөгжиж, сурагчдаа бэлтгэж байна. Уг нь бусад төрлөөр нь оюутнуудыг бэлтгэж буй хэдий ч сургуулиа төгсөөд ажиллах орон зай нь хомс. Тэгэхээр тэр төрлийн үзүүлбэрүүд хөгжиж, гадагшаа гарах боломж нь хаагдана. Тухайн төрлөөр мэргэших уран бүтээлчгүй болно гэсэн үг. Циркийн орон зайнаас хамаараад агаарын болон нарийн төвөгтэй үзүүлбэрүүдийг бэлтгэх боломж манай улсад хязгаарлагдмал. Учир нь агаарын үзүүлбэрийн төхөөрөмжийг 10-15 метрийн өндөрт байршуулах шаардлагатай болдог. Гэтэл бидний одоогийн нөхцөлд үүнийг хийх боломжгүй шүү дээ. Маш нарийн төвөгтэй үзүүлбэрүүдийг олны хүртээл болгох боломж хомс байгаад би хувьдаа санаа зовниж явдаг юм.
-Сүүлийн үед сошиал орчин ч идэвхтэй хөгжиж, мэргэжлийн бус хүн уран нугаралт заах болжээ. Үүнд мэргэжлийн хүний үүднээс та ямар бодолтой явдгаа хуваалцахгүй юу?
-Энэ бол миний санаа зовниж явдаг зүйлсийн нэг. Мэргэжлийн бус хүн уран нугаралт заах нь ёс зүйн хувьд байж боломгүй зүйл. Тухайн мэргэжлээр хичээллэж, өвдөлтийг нь өөрийн биеэр мэдрээгүй хүн бусдад зааж, зааварлах нь зохисгүй. Хүний нуруу, нугаламтай харилцдаг нарийн ажил шүү дээ. Тэгэхээр энэ талаар мэдлэггүй хүн бусдад заах нь хэн хэндээ л эрсдэлтэй.
-Хэрэв та уран нугараач болоогүй бол ямар мэргэжилтэй хүн байх вэ?
-Ээж минь намайг бага байхад “Миний хүү сайн дуулдаг юм чинь дуучин бол” гэдэг байсан. Хэрэв циркийн урлагт хөл тавиагүй бол жүжигчин, дуучин, эсвэл боксчин байх байлаа. Ер нь л урлагийн салбараас нэг их холдохгүй байх.