Монголын үндэсний бөхийн холбоо “Хийморь” төсөлтэй хамтран жүдо, чөлөөт бөхийн тамирчдын дунд үндэсний бөхийн халз барилдааныг Монгол бөхийн өргөөнд энэ сарын 15-нд зохион байгуулна. 1999 онд анх зохион байгуулсан уг барилдаан тухайн үед тэнцээгээр өндөрлөсөн аж. Хайн хагалах халз барилдаанд оролцох жүдочдын багийг Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар дасгалжуулж, ахлагчаар нь дархан аварга Н.Батсуурийг сонгосон аж. Бүрэлдэхүүнд нь улсын заан Д.Анар, Б.Серик, улсын начин Л.Отгонбаатар, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар багтжээ.
Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад чөлөөт бөхийнхөн бэлтгэл базааж, улсын начин Ж.Чулуунбат ахлахаар болсон. Тэд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нараар хүчээ зузаатгажээ. Тив, дэлхий, олимпын наадмын тэмцээнд оролцдог жүдогийн тамирчдаас Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, чөлөөт бөхөөс Гавьяат тамирчин, Т.Тулга, ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар, О.Сүлдхүү нар зодоглох нь.