НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсисийн санаачилгаар “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээ энэ сарын 15-нд Нью-Йорк хотноо эхэллээ.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний аялал жуулчлалын асуудлаарх бүгд хуралдаанд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж, үг хэлэв. Тэрбээр “ДГХБО-ын хувьд дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын платформуудыг түлхүү ашиглах, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх нь аялал жуулчлалын салбарыг дэмжих, улмаар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал хувь нэмэр болох”-ыг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын Засгийн газар ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлыг онцгой анхаарч, ДГХБО-ын бүлгийн дэд дарга, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагчаар тус тус ажиллаж байна.
НҮБ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчид, бусад оролцогч тал энэхүү өндөр түвшний арга хэмжээний хүрээнд “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах тогтвортой тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал, эрчим хүч, өрийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн тэгш байдал зэрэг асуудлыг чухалчлан хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: ГХЯ