Үргэлжлэл. Түрүүч нь №110 (6103) дугаарт
Хүний амьдралд гурван зүйлийг л сонгож болдоггүй юм гэнэ лээ. Энэ бол эх орон, ижий, аав, хүйс. Гэхдээ одоо цагт бол мөнгө л байвал боломжгүйг ч боломжтой болгодог болсон. Мөнгөний төлөө, сайхан амьдралын төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө монголчууд хилийн дээс алхаж, зарим нь хэзээ ч дахин эх орондоо хөл тавьж чадахгүйгээр хүний нутагт ясаа тавьж байна. Азийн дөрвөн барын нэг БНСУ-д харлагсдын тоогоор манай улс тэргүүлдэг.
Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтдаг тус улс манай Хөвсгөл аймагтай тэнцэхүйц буюу 99.392 ам километр газар нутагтай, 50 сая гаруй хүн амтай. Хүн амынх нь гурван хувьтай дүйцэх буюу 1.5 сая гадаад иргэд аж төрдгийн 30 мянга нь монголчууд. Тийм ч учраас БНСУ-аас виз олгох журмаа өнгөрсөн гуравдугаар сард чангатгасан.
Цөөн хэдэн тоо дурдахад л Солонгост 2016 оны арваннэгдүгээр сард 211, арванхоёрдугаар сард 213, 2017 оны нэгдүгээр сард 221 монгол хүн хууль бусаар амьдарсан гэсэн тоо бий. 2014 онд жилд 130 орчим хүн харлаж байсан бол энэ тоо 2015 онд эрс нэмэгдэж, 1500-д хүрсэн байна. Харин өнгөрсөн онд 2000 болж өссөн нь хоёр жилийн өмнөхөөс даруй 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. 2015 онд жилд 35 мянган иргэн виз хүсэж байсан бол 2016 онд 67 мянга болж нэмэгдсэн байна.
Хүн л юм хойно хүнд тохиолддог бүхэн харийн нутагт амьдарч буй монголчуудад маань тулгарна. Жаргал, зовлон ээлжлэн ирнэ. Тэд өвдөнө, уйлна, шанална. Бас ууж идэн, зодоон цохион хийнэ. Олуулаа болохоор хэл ам татлах нь “айл”-ын хүний чихэнд илүү хүрнэ. Тэр болгонд нэг хүний бус, улсын нэр гарна. “Солонгост ажилладаг монгол залуу захирлаа хороожээ” гэсэн мэдээний зэрэгцээ “Шалгалт ихэссэн байна шүү. Болгоомжлоорой” гэх үг дагалдана.
Өдөр ирэх бүр хяналт, шалгалт чангарч байгаа тухай яриа өрнөнө. Өмнө нь тусгай албан хаагч л гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгах эрхтэй байсан бол одоо жирийн цагдаа ч хянадаг болжээ. Ингэхдээ тусгай аппликэйшн ашиглан, тухайн хүний нэр, паспортын дугаарыг оруулахад л бүх мэдээлэл гардаг болсон гэнэ. “Солонгост ирсэн монголчуудын 60 хувь нь харлаж байгаа учраас Ховд, Булган аймгийнхан болоод дунд сургуулийн багш нарт виз олгохоо больжээ. Визийн хугацааг нэг сар болгох нь” гэх мэт яриа хөвөрсөөр.
Ер нь гадаадад амьдардаг монголчууд нэгнээсээ аль болох зугтахыг эрмэлздэг нь энд ч адил. Хараар ажиллаж байгааг нь мэдэх, эсвэл дургүйг нь хүргэсэн тохиолдолд хов хүргээд баривчлуулчихдаг. Тэгснийхээ төлөө шагнал хүртдэг учраас ийм тохиолдол хэд хэд гарчээ.
Мөн сүүлийн үед монгол эмэгтэйчүүд солонгос эрчүүдтэй гэр бүл болох нь олшров. Ихэнхдээ монгол эмэгтэйчүүд хар ажил хийж яваад танилцдаг тул тийм хэмжээний эрчүүдтэй ханилж, арай дөнгүүр шиг амьдралтай нь монголчуудаа ажилд зуучилдаг гэнэ. Гэсэн ч тэд нутаг нэгтнүүд гэхээсээ хэдэн төгрөг олохоо л боддог тул солонгосчуудаас илүү хүнийрхүү зан гаргадаг аж.
ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛААД Ч АТУГАЙ ХИЛ ДАВАХ ХҮСЭЛ
Сүүлийн үед гэр бүлийн хоёрын нэг нь Солонгост ирчихээд нөгөөгөө авчрахын тулд гэрлэлтийн баталгаагаа салгуулдаг болжээ. Ганцаараа байснаас хамтдаа ажиллавал авах хэд нь ч нэмэгдэж, тэр хэрээр амьдралд нэмэртэй. Эс бөгөөс тэд багагүй хугацааг тусдаа өнгөрөөж, бие холдвол сэтгэл холддогийн жамаар жинхнээсээ гэр бүлээ салгахад хүрэх учраас үүнээс өөр хил гарах найдвартай арга үгүй. Учир нь гэр бүлийн хоёрын нэг, эсвэл ах дүүгээс нь хэн нэгэн нь харласан бол Солонгосын виз гарах магадлал тэр хэрээр багасна.
Туяагийн Солонгост ирээд танилцсан хүмүүсийн нэг бол Сараа. Тэрбээр зургаан сарын өмнө нөхөртэйгөө аяллын визээр ирээд харласан. Нөхөр нь барилга нураах ажил хийдэг бол тэрбээр орон сууцанд цэвэрлэгчээр ажилладаг. Тэд ханилаад зургаан жил өнгөрөхөд хүүхэдтэй болоогүй. Харин энд ирээд хоёр сар болоогүй байхдаа жирэмсэн гэдгээ мэджээ.
“Солонгос бидэнд ээлтэй байгаа юм” хэмээн олзуурхан суугаа ч хэрхэн хоёр яс салахаа үл мэднэ. Өмнө нь сүмийн болоод сайн дурын эмнэлгүүд харласан, жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтдаа авдаг байсан бол сүүлийн үед больжээ. Гэсэн ч тэр нутаг буцах бодолгүй, хөл хүнд ч ажлаа хийсээр байгаа. Бүр “Биед амар” хэмээн ажлаа магтах нь гунигтай.
“Яагаад монгол хүн эх орондоо элэг бүтэн амьдарч, хөдөлмөрийнхөө хөлсийг шударгаар үнэлүүлж, хэвлийдээ бойжих үрээ бүрэн бүтэн, эх нутгийнхаа салхиар өлгийдүүлэн төрүүлж чадахаа больчихов оо” хэмээн түүний нөхөр халамцуухан халаглан, нулимс унагана.
Дүүрэн амьдрал гэж хаана ч байдаггүйн жишээ энд олон. Солонгост ирээд 20 орчим жилийн нүүр үзэж байгаа Цэцгээ ханиа алдаж, ганц хүүгийнхээ амьдралыг баталгаатай болгохын тулд анх хилийн дээс алхсан. Өөрийнхөө аав, ээж дээр өсөж байгаа хүүгээ юугаар ч дутаахгүй гэхдээ хүссэн болгоныг авч өгдөг байж. Амьдрал ахуй нь дээшлээд ирэхэд нэг насыг ганцаараа баралтай нь биш гээд солонгос хүнтэй гэр бүл болов.
Гэтэл эцэг, эх нь нь үл зөвшөөрч, холбоогоо тасалсан төдийгүй ганц хүү нь бэлэн юман дээр туйлсаар эрхийн тэнэг нэгэн болчихсон. Хүссэн үедээ хүссэн хэмжээний мөнгөө нэхэж, өгөхгүй бол гэмт хэрэг үйлдэх нь энүүхэнд. Энэ бол нэг л жишээ. Одоо ч гэсэн хэдэн мянган монгол хүүхэд эцэг, эхээсээ хол, тэднийгээ үгүйлэн, харанхуй шөнө хөнжилдөө шургалан нууцаар уйлж суугаа гэхээр элэг эмтэрмээр.
Намайг нутаг буцах мөчид Туяагийн визийн хугацаа дууссан. “Нэг л сонин, айдастай болчихдог юм байна. Бурхан хэзээ харь гэнэ. Тэр цагт л нутагтаа очно доо. Ээж, дүү минь л болж байвал би яах вэ. Би чинь бурхны визтэй хүн шүү дээ” гэж тоглоом хийгээд үлдсэн. Солонгост харласан хүмүүс өөрсдийгөө ийн нэрийднэ. Туяа хэзээ эх орондоо хөл тавихаа мэдэхгүй. Магадгүй өнөөдөр, эсвэл хэдэн арван жилийн дараа.
Эх орны үндэс мөчир болсон нэгэн сайхан бүсгүй залуу халуун насаа хүний нутагт хүнд хөдөлмөр хийж, хөгжил цэцэглэлтэд нь хувь нэмрээ оруулаад буцна. Харин Монгол минь бахь байдгаараа байх вий. Энэ бүхнийг хараад тэр дахиад л цалин өндөр аль нэг газар руу нүүдэллэх байх. Хэн энэ бүхэнд буруутай вэ. Яагаад бид эх орондоо хөдөлмөрлөж, яагаад бид хүний нутагт бус өөрсдийнхөө өсөж төрсөн нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж болдоггүй юм бэ.
Хэрэв таны ойр дотнын хэн нэгэн хүний нутагт хөдөлмөр эрхэлж байгаа бол тэднийгээ хайрлаарай. “Болж байна аа, сайхан байна” гэж хэлэхдээ, цахим хуудсандаа аялж зугаалсан зургаа нийтлэхдээ тэд нулимсаа залгиж, хэзээ нэгэн цагт сүүтэй цайгаа ууж, чанасан махаа идээд хайртай хүмүүстэйгээ ширээ тойрон халуун дулаан яриа өрнүүлэхийг хүссэн ч хэдхэн төгрөг олохын тулд аз жаргалаа золиослон суугаа юм шүү.
Хяналт шалгалт ихэссэнээр Туяагийн нөхрийн найз баригдан, нутаг буцжээ. Баригдаад ирсэн түүнийг гэр бүлийн хүн нь тосоогүй гэхээр бас л элэг эмтэрмээр. Хүсээд, зориод байсан газартаа хүрсэн ч хөөрхий монголчууд маань аз жаргалаа олоогүй хэвээр. Яалтай билээ, хүний хорвоог. Бидний хэд нь эхэлсэн цэгээ мэдэхээс төгсгөлөө мэддэг билээ.