Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Цахим орчин дахь түгээмэл асуултуудад хариулж байхаар шийдлээ" хэмээн нүүр номдоо бичжээ. Тэрбээр энэ удаа гурван асуултад хариулт өгснийг та бүхэнд хүргэе ээ.
1. Хууль бус хөрөнгө хураах хууль чинь юу болсон бэ?
Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд манай яамны залуус, МУИС, ДХИС-ийн эрдэмтэн судлаачид болон олон байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн маш их судалгаа хийж, толгой өөд татах завгүй ажилласны эцэст "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай" хуулийн төслөө боловсруулж дуусаад маргаашнаас эхлэн бүх яамд, шүүх, прокурор, цагдаа, АТГ, хуульчдын болон өмгөөллийн холбоо зэрэг байгууллагуудаас санал авахаар илгээж байна. Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж эхлэхээр энэхүү хуулиар эрх ашиг нь хөндөгдөх авилгачин, албан тушаалтан этгээдүүд эсрэг пиар, элдэв үйл ажиллагааг идэвхжүүлэх магадлалтай тул урьтаад хэлэхэд бид судалгаагаа маш сайн хийсэн, манай нийгмийн идээ бээр болсон хэсгийг цэвэрлэж цаашдаа илүү гэрэлтэй ирээдүйг бий болгохын тулд энэхүү төслөө хийсэн гэдгийг онцлох байна. Судлаачид маань адил төстэй хууль баталж хэрэгжүүлж байгаа улс орнуудад биечлэн очиж, өөрийн орны онцлогыг ч тусгаж анхдагч, томоохон хуулийн төслөө гараас гаргасан, одоо гагцхүү хууль тогтоогчдын маань чин хүсэл, зориг мэднэ.
2. Төсөвт тавьсан ерөнхийлөгчийн хоригт яагаад эсрэг санал өгсөн бэ?
Бүлгийн хурлаар хоригийг хэлэлцэх үед дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. Чуулганд санал хураах үеэр эсрэг гарсан тул дэмжсэн санал өгсөн гэдгээ хуралдаан зохион байгуулагчид хэлж тэмдэглэлд тусгуулах хүсэлтээ амаар гаргасан болно. Энэ дашрамд дурьдахад тангараг өргөснөөсөө хойш миний бие үүргийн дагуу бүх л өдрийн чуулганд оролцож, байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ ажил, хурал давхцаж 30 орчим минут хоцорсон алдаа байгаа, цаашдаа анхаарч заснаа.
3. Хог дээр байсан хайрцагтай төрсний гэрчилгээнүүд ямар учиртай вэ?
2018 онд буюу зургаан жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ. Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээ хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан.