Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газар гаргалаа. Үүний хүрээнд нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэлх хувиар хөнгөлөхөөр судалж шийдвэрлэх нь. Мөн дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх гэнэ. БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэхээр тогтоолд тусгажээ.
Цагаан сар, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохион байгуулах, жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг тус тогтоолд тусгасан аж. Эдгээр ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас холбогдох сайд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
М.ОЧ