Нийслэлд энэ сарын 25-наас эхлэн цас орсны улмаас халтирч унан гэмтэж бэртсэн хүний тоо нэмэгдэх болсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн анхаарууллаа. Тухайлбал, өнгөрсөн даваа, мягмар гарагт халтиргаанаас болж гэмтсэн 44 хүн дээрх төвөөс тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний долоо нь хүүхэд, бусад нь насанд хүрсэн хүн аж. Тусламж, үйлчилгээ авсан иргэдийн олонх нь гар сарвуу, дунд чөмгөө гэмтээсэн, зөөлөн эдийн бэртэлтэй байсан гэнэ. Иргэд халтирч унах үедээ голчлон гарын тохой, сарвуугаар хүчтэй тулдаг, эсвэл аарцаг нуруугаар суудаг. Тиймээс гар сарвуугаа гэмтээх нь түгээмэл аж. Түүнчлэн арагш хүчтэй савж унаснаас хүнд хэлбэрийн буюу гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэлтэй хүн ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна.
Иймд иргэд халтиргаа гулгаанаас сэргийлэхийн тулд халтирдаггүй ултай гутал өмсөх, авто замын явган хүний гарцаар болгоомжтой зорчих, бага насны хүүхэд болон өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр гадуур явуулахгүй байхыг дээрх төвийнхөн сэрэмжлүүлжээ.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өчигдрийн байдлаар манай орны нийт нутгийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод буй аж. Тэр дундаа Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт 22, Ховдын Дарвид 14 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Ирэх сард агаарын дундаж температур баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх гэнэ. Бусад бүсэд дунджийн орчим байх төлөв гарчээ. Гэхдээ агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх тул холын замд гарах иргэд урьдчилсан мэдээлэлд үндэслэн ажлаа төлөвлөхийг цаг уурын байгууллагынхан зөвлөлөө. Хур тунадасны хувьд зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох нь. Бусад нутгаар дунджийн орчим болон түүнээс бага хэмжээний цас орох төлөвтэй гэнэ.