“Pearson” олон улсын боловсролын байгууллагаас англи хэлний багш нарт зориулсан “Teacher awards-2024” шилдэг багш шалгаруулах уралдаан зохион байгуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй шилдэг багш өрсөлдсөнөөс монгол багш гуравдугаар байрт шалгарсан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын II сургуулийн багш С.Агиймаа “Залуу багш” ангилалд өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ. Тэмцээнийг таван төрлөөр зохион байгуулсан бөгөөд тус бүрд нь алт, мөнгө, хүрэл медалийн эзнийг тодруулсан гэнэ.
Уг тэмцээн нь багш нарын боловсролын чанар, хичээл заах ур чадвар, сургалтад оруулж буй хувь нэмрийг үнэлэх зорилготой аж. Суралцагчдад үзүүлэх нөлөө, инновац ба бүтээлч байдал, хамт олон, нийгэмтэй харилцах харилцаа, мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан үзэж дүгнэдэг юм байна. Шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулсан бөгөөд тэргүүн байрт 500 фунт стерлингийн мөнгөн шагнал, сургуульд нь “Mondly” болон “Pearson eng-lish journe” аппликэйшн ашиглах эрхийн бичиг бэлэглэжээ.
Ч.БОЛОР