Батлан хамгаалах яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан ДОХ-ын халдвартай иргэн нас барсан нь олон хүнд түгшүүр төрүүлээд буй. Тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж, бөөрний диализын аппаратад орж байсан иргэн нас нөгчиж, түүнийг ийм халдвартай гэдгийг мэдээгүй, задлан шинжилгээ хийсэн эмч нар, түүнтэй хамт уг аппаратанд цусаа шүүлгэж байсан иргэдэд ДОХ-ын халдвар тархсан байж болзошгүй хэмээн мэдээлж буй.
Харин өчигдөр Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх “Тухайн үйлчлүүлэгч нойр булчирхайн цочмог үрэвсэл, бөөрний дутагдал, амьсгалын болон олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор эмчилгээнд орж, ес хоног эмчлүүлсэн. Тэрбээр ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны хяналтад байсан. ДОХ-ын эмчилгээний эерэг үр дүнтэй үйлчлүүлэгч. Өөрөөр хэлбэл, ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Тухайн иргэн олон эрхтний дутагдалтай учраас цусан дахь хорт бодисыг шүүх, олон эрхтэнд байгаа хаванг буулгах зорилгоор бөөрийг үргэлжлүүлэн орлуулах эмчилгээнд орсон.
Эмчилгээ хийхдээ нэг удаагийн, битүү системтэй иж бүрдэл хэрэглэсэн учраас бусад хүнд аппаратаар дамжуулан халдвар тарах эрсдэл байхгүй. Нойр булчирхайн цочмог үрэвсэл, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээ хийсэн эмч нарт халдвар дамжих эрсдэлгүй. Задлангийн эмч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хамгаалах хувцас хэрэгсэлтэй ордог. Эмч өөрөө ямар нэгэн эрсдэлт байдал үүсээгүй гэх тайлбарыг өгсөн” хэмээсэн юм.