Манай улсад өнгөрсөн онд 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4776 нь цуцлуулсан байна. Үүнд тулгуурлан тооцож үзэхэд нэг хоногт 40 гаруй гэр бүл өрх тусгаарлаж, 15 орчим нь салж буй юм. “Гэрлэлт гэдэг бол хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ” хэмээн одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Гэр бүлийн тухай хуульд заажээ. Харин гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцалж болдог. Хосууд гэр бүл болоход хэн нэгний албадлага, шүүхийн шийдвэр нөлөөлдөггүй бол салахад хэн, хэн нь хуулийн хүрээнд хариуцлага хүлээдэг гэсэн үг. Гэрлэх, салах, эсэх нь хувь хүний сонголт, эрхийн асуудал хэдий ч нэгэнт гэр бүл болсон бол үүрэг, хариуцлага оногддогийг хэлэхэд илүүдэхгүй биз. Ялангуяа эцэг, эх нь салахад хүүхдүүд хамгийн ихээр хохирч үлддэг. Хүүхдийн сэтгэл зүй, нийгэм, сурлагын хувьд олон сөрөг нөлөөтэйг сэтгэл зүйчид хэлдэг. Аав, ээжийнхээ аль нэгийг алдах вий гэж айх, ганцаардах, эцэг, эх хоёрын маргаан, салалт нь стресс үүсгэн, сэтгэлийн хямралд оруулж, буруутай мэт мэдрэмж төрүүлдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг билээ. Гэр бүл салсны улмаас эрэгтэй, эмэгтэй аль алинд нь санхүүгийн дарамт учрах, халамжийн үйлчилгээг тэлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хувьд ч ихээхэн хор уршигтай.
Хүүхдийн өмчтэй байх эрхийг зөрчиж байна
Манай улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, 2020 онд 3316 хос гэр бүлээ цуцлуулсан бол 2023 онд 4776 болж нэмэгджээ. Энэ нь 1000 хүнд ногдох гэр бүл цуцлалтын тоо 2020 онд 1.6 тохиолдол байсан бол өнгөрсөн онд 2.2 болж өссөн гэсэн үг. 2018 онд хуучнаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” судалгаа хийсэн байна. Тус судалгаанд дурдсанаар гэр бүлийн зөрчил, маргааны хамгийн гол шалтгаан нь санхүүгийн асуудал гэнэ. Тодруулбал, судалгаанд оролцсон хүмүүсийн 55.3 хувь нь санхүүгийн хүрэлцээгүй байдлын улмаас гэр бүлд маргаан үүсдэг, салах шалтгааны нэг болдог гэжээ. Санхүүгийн зөрчилдөөн дунд өр зээлээс болж 14 орчим хувь нь маргалддаг гэж хариулсан байна. Түүнчлэн 16 хувь нь согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй, 15.3 хувь нь хүүхдийн асуудлаас, 11 хувь нь үзэл бодол нийцэхгүйн улмаас зөрчилдөж, маргалддаг гэжээ. Энэ байдал нь даамжирсаар гэр бүлээ цуцлуулах хэмжээнд хүргэдэг гэнэ. Шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 12 хувь нь архидалтын улмаас салж буйгаа илэрхийлсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн “үндэс” нь архи, согтууруулах ундааг хэтрүүлсэн хэрэглэснээс болдгийг цагдаагийнхан байгууллагынхан хэлдэг. Архины хэрэглээг бууруулахад төр засгийн зүгээс анхаарах шаардлага үүсээд байна. “Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ” хэмээн хуульд заажээ. Тэгвэл гэр бүл салахад бүх гишүүн эд хөрөнгийн хувьд ижил тэгш эрхтэй гэсэн үг. Гэвч хамтдаа бүтээсэн өмч хөрөнгө ихэвчлэн эрэгтэйчүүд буюу өрхийн тэргүүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Ийм тохиолдолд гэр бүл салсны дараа эхнэр, хүүхдүүд өчүүхэн бага, заримдаа ямар ч хувь хүртэхгүй хохирч үлдсэн жишээ цөөнгүй. Ялангуяа хүүхдийн өмчтэй байх эрх хамгийн ихээр зөрчигддөг байна.
Малчид, гадаадад амьдарч буй иргэдийн гэр бүлд “санаа тавья”
Малчид, тушаалаар томилогдон ажилладаг төрийн албан хаагчид, гадаадад болон уул уурхайн салбарт ажилладаг хүмүүсийн дунд гэр бүл салах тохиолдол түгээмэл байгааг олон баримтаас харж болохоор байна. Тодруулбал, 1000 гэрлэлтэд ногдох гэр бүл цуцлалтын тоо Улаанбаатар хотод буурсан бол орон нутагт нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, гэрлэлт, цуцлалтын тоо хүн амын өсөлтөөс хамааралтай ч гэр бүлийн тогтвортой байдал нийслэлээс илүүтэй бүс нутгуудад алдагдаж буйг Жендерийн үндэсний хорооноос өнгөрсөн онд гаргасан тайланд дурджээ. Мөн анхаарал татаж буй өөр нэг баримт нь 2005-2018 онд нэг жил дэх гэрлэлтийн тоо улсын хэмжээнд 14, харин цуцлалт 2.6 дахин нэмэгджээ. Бүс нутгуудад гэрлэлтийн тоо буурч, орон нутаг эзгүйрч буйг тус тайланд онцолсон байна. Ялангуяа малчин гэр бүл анхаарал татсаар байгааг судлаачид хэлсэн. Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн бүртгэлийн 2017 оны тайланд гэрлээгүй малчдын 78 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэй байж. Гэрлээгүй эрэгтэйчүүдийн тоо жил бүр нэмэгдсээр байгаа аж. Мөн хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд хамруулж байгаа нь малчин өрхийн гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх болоод удаж буй юм. Хөдөөгийн гэр бүл тусдаа амьдрах нэг шалтгаан нь энэ. Ихэвчлэн ээжүүд хүүхдээ авч, сум, аймгийн төв барааддаг бол аавууд нь малаа харж гэртээ үлддэг. Хүүхэд сурч боловсорч, үр шимийг нь хүртэхээс өмнө гэр бүл тусдаа амьдарсны хор уршиг, үл ойлголцлоос болж эцэг, эх нь хоёр тийш болсон тохиолдол цөөнгүй. Түүнчлэн тушаалаар томилогдон ажилладаг цэргийн ар гэрийнхэнд амаргүй сонголт тулгардаг. Нөхрөө дагаад томилогдсон газарт нь очихоор амьдрах газар, ажлын байрнаас эхлээд асуудал мундахгүй. Уг нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цалин, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан ч төсөв санхүүтэй холбоотойгоор хөрсөндөө буух нь цөөн гэнэ. Тэдний нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байсаар. Мөн гадаадад ажиллах хүч илгээх нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, гадаадад ажиллагсдын дундаж нас 31.3. Тэдний олонх нь эрэгтэйчүүд бөгөөд эхнэр, хүүхдээ үлдээгээд удаан хугацаанд харийн оронд ажиллаж, амьдарч буй. 2012 оны судалгаагаар гадаадад ажиллаж буй хүмүүсийн ердөө 1.8 хувь нь л гэр бүлээрээ амьдарч байжээ. Амьдрал ахуйгаа сайжруулахаар хилийн дээс алхсан эрчүүдийн хэд нь буцаж ирж, элэг бүтэн амьдарч буйг хэлэхэд бэрх. Улсын зүгээс нийгмийн суурь асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхгүй бол гэр бүл салалт буурахгүй нь.
25 жилийн “настай” хуулийг шинэчлэхэд хэр хугацаа шаардлагатай вэ
Өнгөрсөн оны байдлаар манай улсад 983 485 өрх бүртгэлтэй байна. Одоогоос 25 жилийн өмнө буюу 1999 онд Гэр бүлийн тухай хуулийг батлах үед 541 149 өрх байж. Өрх тусгаарласан айлын тоо бараг хоёр дахин цөөн байх үед манай улс гэр бүлийн тухай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсруулжээ. Үүнээс хойш гэр бүлийн уламжлалт хэв шинж өөрчлөгдөж, нийгэм, соёлын ялгаатай байдал улам газар авсан. Өөрөөр хэлбэл, нийлмэл, дан, өрөөсгөл гэр бүл гэсэн олон хэв маяг, онцлогтой болсон билээ. Жишээлбэл, нийлмэл өрхийн уламжлалт хэв маяг нь өндөр настай аав, ээжийнхээ хэн нэгнийг нь асран тэтгэх шаардлагаар үүсэж байсан юм. Гэтэл өнөөгийн нийлмэл гэр бүл тэс ондоо, бүр эсрэг шалтгаанаар бүрэлдэж байгааг судлаачид онцлох болсон. Нийлмэл өрхийн дийлэнх нь залуучууд (залуу гэр бүл) бөгөөд эцэг, эхээ асран тэтгэх бус, тэдний ивээлд амьдрах болжээ. Энэ нь залуучуудыг гэр бүл болоход нь дэмжих төр засгийн бодлого байхгүйтэй холбоотой. Дөнгөж амьдралаа эхлүүлж буй залууст нийгмийн зүгээс маш олон асуудал тулгардаг. Хамгийн том бэрхшээл нь орон гэрээ төвхнүүлэх. Ажил, амьдралын захтай золгож буй залууст өөрийн гэсэн орон сууцтай болох нь бараг л мөрөөдөл. Залуу хосууд үр хүүхдээ харж хандахын зэрэгцээ өрхийн амьжиргаагаа залгуулах нь толгойны өвчин болоод буй. Ажил хийж мөнгө олохын тулд бяцхан хүүхдээ цэцэрлэгт өгөөд алдсан харамсалтай явдал саяхан гарсныг уншигчид мартаагүй биз. Гэр бүлийг дэмжих, хөдөлмөрлөх боломжоор хангах, үр хүүхдээ эрсдэлгүй өсгөх нөхцөл бүрдүүлэхэд төрийн бодлого дутагдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийг 1999 оноос хойш найман удаа өөрчилжээ. Гэвч эдгээр өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулж ирсэн гэж үздэг юм билээ. Өнгөрсөн онд тус хуулийг шинэчлэн найруулж, төслийг нь УИХ-д өргөн барьсан. Гэвч одоо болтол УИХ хэлэлцэн батлаагүй байна. Энэ хуулийн төсөлд гэрлэлтийн гэрээний талаар оруулсан нь шинэлэг болсныг хуульчид онцолж буй. Мөн эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгож, хүүхдийн тэтгэлгийг нарийвчлан зохицуулсан гэдэг. Гэр бүл салсны улмаас хэчнээн хүүхэд эцэг, эхээсээ тусдаа амьдарч буйг таашгүй. Гэвч тэдний маш бага хувь нь тэтгэлэг авдаг. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар шүүхээр 17 мянга гаруй хүүхдэд тэтгэлэг тогтоолгожээ. Гэвч бодит биелэлт нь ердөө 2.9 хувьтай буюу хангалтгүй гарсан байна.
Айл гэр болж “тоглох”-оосоо өмнө төлөвлөх, хүүхэд төрүүлэхээсээ урьтаж эрсдэлээ тооцох, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх нь нэн чухал болжээ. Гэр бүл төлөвлөлтийн талаар хүүхдүүдэд багаас нь мэдлэг, боловсрол олгох нь “чанаргүй” өрхийн тоог нэмэхээс сэргийлэх нэг арга байж болох. Хамгийн сүүлд буюу 2018 онд хийсэн “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” судалгаагаар гэрлэлтээ цуцлуулсан хосуудын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил хамт амьдарсан байна. Үүнийг гэр бүлийн тогтворгүй байдал алдагдсаны илрэл гэж судлаачид дүгнэж буй. Тэгвэл гэр бүлийг тогтвортой байлгахад нийгмийн суурь асуудлыг сайжруулах шаардлага үүсжээ.