Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах “Буман жаалууд” цэцэрлэгт өнгөрсөн сарын 28-нд нэг ой хоёр сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар хүүг хахсаны улмаас нас барсан гэж үзсэн бөгөөд хэргийг тус дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст мөрдөн шалгаж буй. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт талийгаачийн ар гэрийнхэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хүүгийн ээж Д.Нандинболор “Миний хүү тухайн өдөр 15.00-16.00 цагийн орчимд эндсэн. Багш нь анх “Ээж нь мөн үү. Хүү чинь унтаж сэрэхдээ царай нь сонин байсан. Бид эмнэлэг рүү аваад явж байна” гэж ярьсан. “Яасан юм бол” лавлаж асуухад “Мэдэхгүй ээ. Хоолоо идэж байгаад унтсан. Өлгийдөөд орон дээр нь тавьсан” гэсэн.
Би хүүгээ хордлогод орсон л гэж бодсон. Гэтэл хүү минь хэдийн амьсгал хураасан байж. Бид сая шүүх шинжилгээний хариутай танилцлаа. Миний хүүг “Элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрх, судасны асуудалтай байсан. Мөн уушгины хатгалгаатай байсан нь хүндрээд зүрхийг нь хаагдуулсан байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ нь ямар ч боломжгүй. Миний хүү ханиадтай байсан нь үнэн. Гэхдээ эдгээгээд цэцэрлэгт нь өгсөн. Эмчид үзүүлсэн бүх бичиг баримт нь бий. Өглөө эрүүл саруул инээгээд орсон хүүхэд хүнд өвчний улмаас нас барна гэж байх уу. Тиймээс шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Дүгнэлт гаргасан Болормаа гэх шинжээч болон мөрдөн байцаагчийг шалгуулах хүсэлт гаргана. Хариуцлага алдсан багш нарт ямар ч арга хэмжээ аваагүйд гомдолтой байна” гэв.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Мөнхбат “Шүүх шинжилгээний хариуг баталгаажуулаад энэ сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн хариуцсан байцаагчид хүлээлгэн өгсөн. Хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дахин шинжилгээ хийлгэж болно. Өмнө нь дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахгүйгээр шинээр гурваас дээш эмч бүхий бүрэлдэхүүн ажилладаг. Мөрдөгчийн тогтоол ирсэн өдрөөс шинжилгээ хийх эрхтэй” гэсэн юм.
Задлан шинжилгээнд орсон эмч нарыг шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарсан, ХӨСҮТ-өөс болон ЭМЯ-наас Цэргийн төв эмнэлэгт хийж буй шалгалтууд үргэлжилж байгааг удирдлага нь мэдээллээ.
Ч.БОЛОР