Аймаг, сумдын боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг халах “соёлын хувьсгал” эхлүүлсний таван жилийн ой удахгүй болно. 2020 оны сонгуулийн дараа УИХ-аас 39 дүгээр тогтоол гаргаж, сургууль, дотуур байр, цэцэрлэгийн нүхэн жорлонг өөрчилж, стандартад ариун цэврийн байгууламжаар хангах үүргийг Засгийн газарт өгсөн. Ингэхдээ төслийг IV үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Төлөвлөгөө ёсоор уг төсөл энэ онд дуусах байв. Улмаар “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 100 тэрбум төгрөг гаргаж, сургууль, дотуур байр цэцэрлэгүүдийн жорлонг өөрчлөхөд том дэмжлэг үзүүлж байв. Ингээд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхныг хэрэгжилтэд хяналт тавих, Байгаль орчин, аялал жуулчлалын, Барилга хот байгуулалтын яамныхныг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгүүлэхээр Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гэвч дарга нарэл үүргээ төдийлөн биелүүлээгүй тул төд удалгүй болиулсан. Оронд нь Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, уг чухал төслийг даалгасан. Өдгөө санхүүжилтээс 74.7 тэрбум төгрөгийг хэдийн зарцуулсан ч төсөл үр дүн муутай болсныг сургууль, цэцэрлэгүүдийн зарим удирдлага ярьж буй. Ингээд манай сурвалжлах баг баруун бүсээс Завхан, зүүн талаас Дорнод аймгийг сонгож, сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах Засгийн газрын төсөл хэр үр дүнтэй хэрэгжсэнийг сурвалжиллаа.
Аливаа юм сайн, муу хоёр талтай. Ингээд үр дүн муутай гэх Завхан аймгийн сургууль цэцэрлэгүүдийн мэдээллийг хүргэе.
Завхан аймагт 25 сум, багийн 91 объектыг боловсон “ОО”-той болгохоор төлөвлөсөн. Ингээд I дүгээр ээлжид зургаан сумын 19, II ээлжид долоон сумын 24 сургууль, дотуур байр, цэцэрлэгийг боловсон “ОО”-той болгохоор тендер зарлаж, компаниуд орж ирсэн. Харин III, IV ээлжид орсон сургууль, цэцэрлэгүүдийн нүхэн жорлонг халах ажил эхлээгүй шахам байгаа юм. 2023 оны тавдугаар сард Завхан аймаг руу томилолтоор ажиллах завшаан тохиож байв. Тухайн үед УИХ болон Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон ажлын хэсэг Завхан аймгийн хойд сумуудаар ажиллаж, сургууль цэцэрлэгт суурилуулсан боловсон “ОО” чанартай, эсэхэд хяналт тавьж ажилласан юм. Ингэхэд зарим сумдын сургуулийн “ОО” ажиллахгүй, үлдсэн нь хагас дутуу ажилладаг зэрэг маш олон асуудлууд гарч байв.
2024 оны хавар албаныхан Завхан аймагт дахин ажилласан. Өнгөрсөн жил сургууль цэцэрлэгийн удирдлага хийгээд хэрэгжүүлэгч компанийнханд үүрэг даалгавар өгч, алдаа дутагдлаа засах тодорхой хугацаа өгсөн. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр энэ жил зарим ажиллаж байсан “ОО” нь хөлдөж, хэрэгжүүлэгч компаниуд алдаа завхралаа засаагүй байсан юм.
Хэрэгжилт тааруу байгаагийн гол шалтгаан нь:
-Зураг төсөлгүйгээр “ОО” барьж, сүүлд нөхөж хийсэн.
-Хөрсний шинжилгээ хийлгүйгээр ариун цэврийн байгууламж барьсан
-Боловсон “ОО” суурилуулахдаа чанаргүй, тохиромжгүй материал ашигласан.
-Сургууль, цэцэрлэгт мэргэжлийн сантехникч, инженер дутагдалтай
-Хийсэн ажлынх нь төсвийн задаргаа байхгүй, эсвэл тайлагнаагүй гэсэн зөрчил дутагдал илэрсэнд аж.
Тухайлбал, Отгон сумын хөрс цэвдэгтэй. Хөрсний нарийвчилсан шинжилгээ хийлгүйгээр сургууль, цэцэрлэгийн “ОО”-ыг “шинэчилсэн” тул 2023-2024 оны хичээлийн жилд хөлдөж, бараг ашиглаагүй. Тиймээс ажлын гүйцэтгэл чанаргүй гэсэн үнэлгээг ажлын хэсэг өгсөн. Чанаргүй гэх байгууламжийг “Сепа медиа” компанийнхан гүйцэтгэжээ. Үүнээс гадна “Сэрүүн овоот” компани нэгдсэн цэвэр, бохир, дулааны шугамын ажлыг гүйцэтгэсэн ч бас л ажилдаа хойрго хандсаныг сургуулийнхан хэлж байсан.
“Сепа медиа” компанийнхан Отгоноос гадна Яруу, Ургамал, Баянхайрхан сумын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг хийж гүйцэтгэсэн гэдэг. Ингэхдээ тендер зарлаагүй байхад ажлаа эхлүүлсэн хэмээн зарим сургуулийн удирдлага шивнэнэ лээ.
Яруу сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш хэд хэд хөлдсөн. Бага оврын цэвэрлэх байгууламж “Эколос” төхөөрөмж суурилуулсан ч үр дүн багатай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрсний шинжилгээ хийгээгүйгээс тохиромжгүй технологи суурилуулсан аж. Тиймээс өнөөдрийн шийдэл нь хөлдсөн газарт нь нэмэлт дулаалга хийхээр болжээ.
Алдархаан сумын тухайд тендерт ялсан гэх компани нь ажлаа эхлүүлээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, тендер авсан ч зураг төслөө гаргаагүй цаг алдсан бурууг “Ноёдын туурь” компани хариуцна, цаашлаад эл компанийг Сангийн яамны хар жагсаалтад оруулах санал гаргана гэж Боловсролын ерөнхий газрын ариун цэврийн байгууламж хариуцсан зөвлөх инженер Г.Цэрмаа хэлж байв.
“Ноёдын туурь” компанийнхан Завхан аймгийн Тосонцэнгэл, Улиастай, Шилүүстэй, Алдархаан, Тэлмэн, Идэр, Их-уул, Цагаанчулуут аймгийн сургууль, дотуур байр, цэцэрлэгт ариун цэврийн 37 байгууламж барих гэрээг 2022 оны есдүгээр сарын 2-нд байгуулсан ч өнөөдрийг болтол ширхэг шугам ч тавиагүй аж.
А.Ариунболд: Хариуцсан инженер нь ажлаа хаяж явж, файлаа устгаснаас ажил саатсан
Тус компанийн захирал Н.Ариунболдоос утсаар өнөөдрийг хүртэл ажлаа эхлүүлээгүйн шалтгааныг тодрууллаа. Учир нь “Ноёдын туурь” Дархан-Уул аймагт байрлалтай компани юм.
-Сайн байна уу, Та бүхэн хэчнээн объектод ариун цэврийн байгууламж барих юм бэ?
-Завхан аймгийн найман сумын 37 объектод бид боловсон ОО, шүршүүр барих гэрээтэй.
-Гэрээний мөнгөн дүн хэд юм бэ?
-98 сая төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан.
-Ажил удааширсан гол шалтгаанаа хэлж болох уу?
-Биднээс гэхээс илүүтэй туслан гүйцэтгэгч компанийн хариуцлагагүйгээс болсон. Зураг төслөө хийсэн боловч өгөхгүй удсан. Ар гэрт нь ажил явдал гарсан юм билээ. Сүүлдээ компьютероос нь зураг төсөл нь файлаараа алга болж, устсан гэсэн. Ингээд бүх ажлаа шинээр эхлүүлсэн. Зураг төслөө шинээр хийж, хөрсний шинжилгээ авч, геодиз, геологийн зургаа авсан. Одоо төсвөө гаргаад төсвийн экспертийн багт өгсөн. Тэндээс батлагдаад ирчихвэл Барилгын хөгжлийн төвийнхнөөр хянуулж, нэгдсэн дүгнэлт гаргуулаад Боловсролын ерөнхий газарт хүлээлгэж өгнө.
Ингээд 2024 оны аравдугаар сарын 30-ны байдлаар төслийн явц ямар байгааг ажлын хэсгийн ахлагч Т.Ням-Очироос тодрууллаа.
Одоо сайн жишээ эш татъя. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчийн сургууль, дотуур байр, цэцэрлэгийн модон жорлонг халж, боловсон “ОО”-оор солих төсөл Дорнод аймагт хамгийн үр дүнтэй хэрэгжиж байна.
Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийг Дорнод аймгийн удирдлага дараах байдлаар зохион байгуулж ажиллажээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд 2018-2021 оны хооронд 13 сум, нэг багийн сургууль, долоон сум, нэг багийн цэцэрлэг, долоон сумын сургуулийн дотуур байрыг улс, аймаг, сум олон улс, хувийн хэвшлээс хөрөнгө босгож, ариун цэврийн байгууламж барих ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.
Ингээд 2022 онд Засгийн газрын дээрх төслийн хүрээнд I, II ээлжид сургууль, цэцэрлэгт боловсон “ОО” барих ажлыг амжилттай дуусгасан. Баян-уул сумын бага сургууль, цэцэрлэгийн хоёр салбар бүлэг, Дашбалбар сумын бага сургуульд боловсон ариун цэврийн байгууламж барих ажил, 2023 онд III ээлжийн ариун цэврийн байгууламжийн угсралтын ажлыг Дорнод, Сэргэлэн, Матад, Хөлөнбуйрт эхлүүлэх гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 60-80 хувьтай явж байгаа аж. Үргэлжлүүлэн IV ээлжийн ариун цэврийн байгууламжийг Дорнод, Баянтүмэнд байгуулахаар зураг төслөө эхлүүлээд явж байна. Өмнө нь Баянтүмэн, Сэргэлэн сумын сургууль, дотуур байрыг хүзүүвчээр холбож, ариун цэврийн байгууламж дундаа ашиглаж байсныг халахаар ажиллаж байна. Тодруулбал, төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хүрээнд тусдаа “ОО”-той болгох ажил үргэлжилж буй.
Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчийн сургууль, дотуур байр, цэцэрлэгийн модон жорлонг халж, боловсон “ОО”-оор солих төсөл Дорнод үр дүнтэй байгаа нь өмнөх туршлагатай нь холбоотой аж.
Тодруулбал,
-2018 онд Мобиком, “Дэлхийн Зөн” ОУБ хамтарсан хөрөнгө оруулалтаар:
Хөлөнбуйр, Булган сумын сургууль, Цагаан-Овоо, Халхгол сумын сургууль, цэцэрлэгт ариун цэврийн байгууламж байгуулж, нийт 430.0 сая төгрөг зарцуулсан.
2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
Баяндун, Баянтүмэн сумын сургууль, Чулуунхороот сумын цэцэрлэгийг боловсон “ОО” байгуулсан. Нийт төсөв 286.9 сая төгрөг болжээ.
2019 онд Мобиком, “Дэлхийн Зөн” ОУБ хамтарсан хөрөнгө оруулалтаар:
Халхгол сумын Ялалт багийн цэцэрлэг, Сэргэлэн сумын сургууль, цэцэрлэгийг боловсон ОО-той болгосон. Нийт төсөв 250.0 сая төгрөг болжээ.
2020 онд Мобиком, “Дэлхийн Зөн” ОУБ хамтарсан хөрөнгө оруулалтаар:
Матад, Чойбалсан сумын сургууль, дотуур байр, Булган, Гурванзагал, Чулуунхороот сумын дотуур байрт ариун цэврийн байгууламж байгуулсан. Нийт 370.0 сая төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
Энд нэг зүйлийг онцолж бичихэд олон улсын байгууллага, хувийн хэвшлийн дээрх төслийг баруун аймгуудад ч мөн хэрэгжүүлсэн. Харамсалтай нь, бусдын эхлүүлсэн төслийг баруун аймгийнхан амжилттай үргэжлүүлж чадаагүй, сургууль, цэцэрлэгүүд өнөөг хүртэл нүхэн жорлонтойгоо л байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгаруулах ёстой. Тэгвэл сумын сурагчид бие физиологийн эл асуудлаа шийдэхэд хүндрэл учирдаг. Хөдөөгийн сумын сургуулийн сурагчид хүйтэнд, баас шээсээ тольдож, модон жорлонд даарч суухаас халгаж, шээсээ тэвчдэг аж. Нөгөөтээгүүр багш нар хичээлийн дундуур сурагчдыг гаргадаггүйтэй холбоотой.
Мөн төв суурин газарт жижүүрүүд сургуулийн “ОО” бохирдохоос төвөгшөөж, байнга түгжээтэй байлгадаг нь сурагчдыг шээсээ тэвчихэд хүргэдэг. Эмч Б.Бямбабаяр энэ талаар цахим орчинд “Өнгөрсөн жилүүдэд ажиглаад байхад цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн хамгийн их өвчилж байсан өвчлөл дундаас хамгийн элбэг тохиолддог нь давсагны үрэвсэл, бөөр усжих эмгэгүүд байдаг. ОО-оо нээе” хэмээн пост оруулж, уриалсан удаатай. Товчхондоо, сургуулиудын нүхэн жорлонг “халж” чадаагүй нь сурагчдыг эрүүл мэндээр нь хохироож байна.
Төгсгөлд нь онцлоход, энэхүү мультмедиа нь Баримт нэн тэргүүнд сүлжээний олон нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл билээ.