“Хандгай”, “Оннц дүмд” зэрэг бүтээлээрээ хэдийн олны танил болсон, тоглоомон урлагийн соёлыг түгээгч “Nomad toy” студийнхэн таван жилийнхээ ойг тохиолдуулан өөрсдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах нь. Энэ сарын 28-29-нд “Лхам” галерейд дэлгэх эл үзэсгэлэнгээс тэдний таван жилийн түүхийг тольдох боломжтой юм байна.
“Nomad toy” студийнхний хийдэг арт тоглоом нь орчин үеийн баримал, сюрреализм, поп арт, графитти, илюстрейшн, анимейшн зэрэг олон урлагийн төрлийн огтлолцлоос үүссэнээрээ онцлогтой юм. Мөн нүүдэлчдийн соёлыг орчин үеийнхтэй хослуулан бүтээлээ туурвидаг. Эл студийнхэн тоглоомын дизайнаас гадна илюстрэйшн арт буюу медиа хэлбэрүүдээр ашиглах боломжтой бүтээл хийдэг гэнэ. Бас дүр хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.