“Айл”-аас эрсэн аз жаргал

“Ингэж зовохоор Америкт ч юм уу, аль нэг өндөр хөгжилтэй улсад баян айлын нохой болоод төрчих минь яав даа” гэж арав гаруй жилийн тэртээ танил эгч минь хэлж байж билээ. Зуун түмэн будаанаас зүүний үзүүр дээр тогтох ганцхан ширхэг арвайтай дүйдэг хүмүүний амьдралыг үгүйсгэж, нохой болохыг хүссэн тэр эгчийг одоо хэр ойлгоогүй хэвээр. Харин энэ л өдрүүдэд тэр үг санаанаас ер гарсангүй.

Найз маань хуучин ажиллаж байсан дунд сургуулийнхаа багш нартай уулзахаар очтол олонх нь БНСУ-ыг зорьсон байж. Дээд боловсролтой, ажил, мэргэжилтэй, тэр тусмаа эх орны ирээдүйг бэлтгэгч багш хүн хар ажил хийхээр ирснийг сонсоод солонгос хүмүүс толгой сэгсэрдэг гэнэ. Энэ л шалтгаан намайг Солонгос улсыг зориход хүргэсэн хэрэг. Монголчууд энд чухам юу хийдэг вэ. Хэрхэн, яаж амьдардаг бол. Харийн нутгаас хайсан жаргалаа олж авдаг уу. Аль эсвэл...

Урьд би энэ улсад хоёр удаа ирсэн ч албаны шугамаар явсан тул хамаг л сайхан бүхнийг үзэж, гоё сайхныг нь биширснээс цаашгүй. Харин энэ удаа хүний нутагт ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа ахуй амьдрал, нөхцөл байдлыг харж, бас тэр бүхнийг өөрийн биеэр мэдрэхийн тулд тэдний хийдэг бүхний зах зухаас “амталлаа”.

Эгэл өдрүүдээс ялгагдах зүйлгүй энгийн л нэг өдөр гадаад иргэдийг оролцуулалгүйгээр зөвхөн солонгос хүн нь л 10 саяд хүрдэг БНСУ-ын нийслэл Сөүл хотод газардлаа. Эдийн засаг нь асар хурдацтай өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 12-т, Азид дөрөвт эрэмбэлэгдэх болсон хөгжингүй орны иргэд Ерөнхийлөгчийнхөө увайгүй үйлдлийн эсрэг тэмцэж, түүнийг цоожтой торны цаана суулгачихаад байхад харин өдөр бүр 500-600 монгол хүн БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр дугаарлана. Тэд аяллын болон эмчилгээний визээр зүсээ хувирган, хилийн дээс давж, солонгос хүний голоод хийдэггүйг хийж, тус улсын бүтээн байгуулалтад өөрийн мэдэлгүй хувь нэмрээ оруулна.

Тэдний нэг бол Туяа. Төрийн байгууллагад том биш юм аа гэхэд багад тооцогдохгүй алба хашиж байсан тэрбээр сонгуулийн дүн гарах мөчид ажилгүй болж, дарга нар тамга тэмдгээ солилцох торгон агшинд тойрох хуудсаа зуруулан, “лааз өшиглөгч”-дийн тоог нэгээр нэмсэн. Энэ мөчөөс хойш тэр ажил хайгаагүй. Хүний боловсрол, хөдөлмөрийг бодитоор үнэлдэггүй, нам дагаж, ул долоосон хүн л хоолтойгоо золгодог, хүнд сурталд идэгдсэн нийгэмд ажиллахгүй байхаар шийдсэнээ тэр надад ярьсан. Харин хилийн дээс алхах хэд хэдэн боломжийг судалж, хамгийн чансаатайгаар нь БНСУ-ыг сонгож, хуучин даргынхаа дэмжлэгтэйгээр тус улсад хөл тавьж чаджээ.

Өнөөдрийн байдлаар Солонгост 30 мянга гаруй монгол хүн буюу манай нийт хүн амын нэг хувь нь ажиллаж, амьдарч байна. Тэдний 5000 орчим нь оюутан. Үлдсэн нь хараар болон гэрээгээр ажиллагсад, тэнд гэр бүл зохиосон хүмүүс. Солонгост сурч, ажиллаж байгаад буцсан хүмүүсийн тоог оруулбал 300 мянгад хүрдэг аж. Харин Монголд өдгөө 3000 гаруй солонгос хүн амьдардаг. Солонгос улсыг зорих цуваа цаашид ч тасрахгүй нь уг хэлийг сурч буй хүмүүсийн тооноос илт. Өдгөө Монголд солонгос хэл суралцаж буй хүний тоо аль хэдийнэ 4000 давжээ.

ОРЧИН ЦАГИЙН БООЛ

Туяагийн анхны ажил нь хоолны газрын угаагч. Бүхэл бүтэн 12 цаг борви бохисхийлгүй ажиллаж байж авсан 78 мянган вон буюу монгол мөнгөөр 156 мянган төгрөг нь түүний их сургууль төгссөнөөс хойших арав орчим жилийн хугацаанд авсан хамгийн өндөр цалин. Тэрбээр ганц өдөрт ийм хэмжээний мөнгө авч үзээгүй. Бүр ажлынхаа хажуугаар халтуур хийгээд ч тэр шүү.

Энэ олзондоо урамшиж, ахиад хэдэн өдөр ч ингэж ажиллаж чадах юм шиг санагдсан ч солонгос хэл мэдэхгүйгээс эзэндээ гологдчихжээ. Монголд “Ямар гоё гартай юм бэ” гэдэг байсан үг Солонгост “Ажил хийж үзээгүй юм байна” гэдгээр солигдож, бас л анх удаа сүмбэн хуруунаасаа ичиж үзсэн гэнэ. Энэ бүхэн биднийг танилцахаас яг 50 хоногийн өмнө болсон. Үүнээс хойш тэр буудалд цэвэрлэгч, хоолны газарт бэлтгэгч, үйлдвэрт жимс савлагч, ном хавтаслагч гээд хийж үзээгүй ажил үгүй.

Зөвхөн монголчууд гэлтгүй хүмүүсийг ажилд оруулж, цалингийнх нь 10 хувиар ашгаа олдог зуучлагч газрууд Солонгост олон. Гэхдээ тэдний гол үйлчлүүлэгчид нь мэдээж монголчууд. Ийм газрууд манайхаар микро автобусархуу машиндаа гурван хүний суудал дээр чихцэлдүүлж, багтахгүйг нь бусдынх нь өвөр дээр хэвтүүлж, ажлын байранд нь хүргэж өгдөг. Хэн эрт очсон, хэн сэргэлэн нь арай тухтай суудалд заларна.

Манайхны микро автобусанд чихэх бол үүнтэй харьцуулахад юу ч биш юм билээ. Туяа ажиллаж байсан үйлдвэрийнхээ монголчуудтай нийлж, ажил хаяж байсан удаатай. Хамт ажиллаж байсан 50 гаруй насны монгол эрийг солонгос эзэн нь сав л хийвэл гоочилж, сүүлдээ “Ажил хийж чадахгүй байна, гэртээ харь” гэжээ. Тэнд байсан монголчууд хүний нутагт нэгнээ дээрэлхүүлэхгүй гэхдээ “Хэрэв энэ хүнийг явуулбал бид ч бас явна” гэсэн байна.

Солонгос эзэн нь “Тэгж л байхгүй юү” гээд хээв нэг байсанд найман монгол хаана байгаагаа үл мэдэх ч зам даган алхахад ажилд зуучилсан захирал нь ярьж “Наад хүний чинь цалинг бүтэн өгье. Та нар очиж ажлаа хий” гэснээр тэд буцсан. Харин маргааш нь хоёр хүнээс бусад нь халагдсан гэнэ. Тэр энэ хүртэлх хугацаанд хийсэн бүх ажлаа ерөнхийд нь “Орчин цагийн боолын хөдөлмөр” гэж тодорхойлсон.

НҮҮДЛИЙН ШУВУУ

Солонгост амьдардаг монголчуудыг ерөнхийд нь оюутан, харынхан, гурван сарынхан, гэрээнийхэн, эмчилгээнийхэн, солонгос хүнтэй гэр бүл бологсод гэж ангилна. Бэл бэнчинтэй солонгос хүнтэй сууснаас бусдаар хэн нь ч бай ажил хийнэ. Оюутнууд нь хичээлийнхээ завсар зайгаар ажил хийж, олсон хэдийгээ хэрэглээндээ зарцуулан, илүү гарвал төлбөртөө нэмэрлэнэ. Харин гурван сарынхан бол нүүдлийн шувууд. Тэд хүмүүний амьдралын багахан гэж хэлж болох энэ хугацаанд Солонгост ирсэн зардлаа нөхөхийн тулд ямар ч хамаагүй ажил хийж, ханш унагана.

Харин “хар”-ууд болон гэрээнийхэн бусдыгаа бодвол олсон хэдийгээ өөртөө наах нь арай дөнгүүр тул тэднийг монголчууд дотроосоо хамгийн боломжтой нь гэх юм билээ. Зовлон үзсэн хүн бусдын зовлонг илүү ойлгодог гэдэг шиг энд байгаа монголчууд нэг гэрт орохдоо илүү хурдан санагдсан. Байрны төлбөр төлөхөөс эхлээд л нэгэндээ нэмэртэй учраас ганцаараа амьдрахаас хоёулаа байхыг илүүд үзнэ. Туяа маань ч тэдний адил замыг туулсан. Солонгост ирээд удаагүй байхдаа танилцсан монгол залуутайгаа Солонгосын захын гудамжны хэзээ ч нар үзэхгүй дөрвөн ханатад толгой холбосон.

Солонгост хамгийн хямд байр нь газар доорх давхарт байрлах юм уу, аль эсвэл өдрөөс өдөрт нэмэгдсээр буй шинэ барилгуудад цонх нь “дээрэлхүүлж”, битүүлэгдсэн байдаг. Хямдыг нь бодож монголчууд ийм байр түрээсэлж суух нь элбэг. Энэ л шалтгааны улмаас зарим солонгос хүн монголчуудыг “Харх” гэдэг юм гэнэ лээ. Туяа нөхөртэйгөө гэрийнхээ тавилга, ойр зуурын зүйлсээ хог буюу монголчуудын хэлдгээр “цэцэг” түүгээд тохижуулчихсан.

Төрийн албанд ажилладаг, бас ч үгүй шаардлага өндөртэй байсан тэрбээр хүний нутагт өөрийг нь гэх цор ганц эр хүний өмөг түшигт найдаад, сайн таньж мэдэж амжаагүй ч амьдралын жолоогоо атгуулчихсан. Тэр одоо зөвхөн цаг хугацаанд л найдаж буй. Итгэл хүлээлгэж, нэг гэрт орсон залуу нь энэ хэвээрээ түүнийг хайрлах эсэхийг, аль эсвэл татаад дууссан тамхины иш шигээ хаяад явах, эсэхийг хэлж мэдэхгүй. Харин яг одоо цагт бол тэд аз жаргалаар бялхаж байгаа.

Солонгост монгол эмэгтэйчүүд цэвэрлэгч, угаагч, бэлтгэгч гэх мэт ажил хийж, өдөрт дунджаар 50-90 мянган воны цалин авдаг. Харин эрчүүд айл нүүлгэх, барилга, хүргэлтийн ажил хийж, 90-150 мянган воны цалинтай ажиллана. Уг нь бол Солонгосын хөдөлмөрийн тухай хуульд нэг цагийн ажлын хөлсийг 6470 воноор үнэлнэ гэж заасан байдаг. Энэ хууль монголчуудад төдийгүй хараар ажиллагсдад үйлчлэхгүй.

Монголчууд бол солонгосчуудын нүдэнд үнэгүй ажиллах хүч, бяр ихтэй үхэр л гэсэн үг. Тийм ч учраас аль нэг орны иргэдтэй харьцуулан сонголт хийх шаардлагатай тулгарвал монгол хүнийг л сонгоно. Солонгос хүний голоод хийдэггүйг хийж, тэднээс хэд дахин хямд үнээр, хэд дахин их ажил хийх хүнээс татгалзвал аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй л адил.

Манайд хувцасны дэлгүүр нэг хэсэг ажиллуулж байсан, монгол хэлтэй солонгос эр зөвхөн монгол хүнийг л ажилд авдаг. Үүнийхээ шалтгааныг “Монголчууд ажилдаа сайн. Тэрнээс гадна өвлийн хүйтэн, зуны халуунд ийм хүнд нөхцөлд ажиллах солонгос хүн олдохгүй” гэж тайлбарласан. Тэгсэн атлаа тэрбээр монголчуудыг аль болох хямд үнээр ажиллуулахыг хүсдэг.

18 настай, ахлах сургуулиа дөнгөж төгсөөд Солонгост ирсэн монгол хүү, хүргэлтийн компанид яг 87 хоног ажиллаад нутаг буцсан. Долоо хоногийн нэг л өдөр амарч, нуруу нь өвддөг болоод буцахдаа хэлсэн түүний сүүлчийн үг нь “Энэ өдрийг гурван сар хүлээлээ” гэх. Тэр гоё сайхныг нь магтаад байдаг солонгос одуудын нэг ч тоглолт, нэг ч кино үзээгүй. Тэр ч байтугай тоглоомын төв ч орж амжаагүй.

Сайн ажилласан түүнийг захирал нь дахин ирж, ажиллахыг урьсан. Хэдийгээр наснаасаа ахадсан ажил хийж, нуруу нь өвддөг болоод буцсан ч гэсэн тэр ирэх зун ажиллаж, сургалтынхаа төлбөрийг олохоор шийдсэн. Гэхдээ ганцаараа биш найзуудтайгаа ирнэ.

ЦАГ АГААР ХЭМЖИГЧ

Барилга дээр ажилладаг монголчууд нэгнээ “Цаг агаар хэмжигч” гэнэ. Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран, цаг агаарын хүнд хэцүү бүхнийг туулан ажилладаг учраас тэр. Тэд л чухам өнөөдөр хэр халуун, хэр хүйтэн байсныг хэн бүхнээс илүү мэднэ. Түүнчлэн эмчилгээний визээр 14 хоног ирсэн ч хүн байна. Гэр бүлийнх нь хэн нэгэн өвдчихсөн, үхэлтэй тэмцэлдэн байх нэгэн байхад зүгээр л Солонгост хөл тавих хамгийн сайн арга нь энэ байсан учраас ирсэн нь ч бий.

Хоёр дахь төрөлд хамаарах хүмүүс богино хугацаанд зуучлуулсан компанийн хөлс, замын зардлаа олохын тулд өдөр шөнөгүй ажиллана. Нүд нь гархилж, зовхиных нь доогуур хөх зураас татсан ч ганцхан аяга кофе уугаад л дараагийнхаа ажилд ханцуй шамлан орно. Дараагийн удаа хэн нэгэн биш, тэд өөрсдөө эмчлүүлэхээр энэ улсын хилийг давж, эмнэлгийн орон дээр хэвтэж байхыг үгүйсгэхийн аргагүй аж.

Үргэлжлэл бий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай