Манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй таван төрлийн хавдрын дөрөвт нь хөхнийх бичигдэж байна. Энэ төрлийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн таван жилд тогтмол өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулсан тоон мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд хөхний хавдрын 344 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн нийт хүний тоо 2438 болжээ. Мөн эл хавдрын улмаас 90 хүн нас барсан байна.
Шинэ тохиолдлын тоог 2022 оныхтой харьцуулахад 61, таван жилийн өмнөхөөс 79-өөр нэмэгдсэн аж. Харин нас барсан хүний тоо долоогоор буурчээ. Энэ нь хөхний хорт хавдрын эрт үеийн илрүүлэг манайд харьцангуй сайн байгаатай холбоотой гэнэ. Тухайлбал, гуурсан хоолой, нойр булчирхайн хорт хавдартай иргэд ихэвчлэн хожуу шатандаа оношлогдож, эмчлүүлэх аргагүйд хүрэх нь элбэг аж. Харин өнгөрсөн жил хөхний хавдраар өвчлөгсдийн 66 хувь нь эрт үедээ оношлуулжээ.
Ташрамд дурдахад, манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Бас элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байгаа юм.
Ч.ЗУЛ