Британийн Ерөнхий сайд байсан Борис Жонсон дурсамжаа бичиж “Гинжнээс мултарсан нь” нэртэй ном болгон хэвлүүлжээ. Хатан хаан II Элизабеттэй уулзсан тухайгаа уг номд өгүүлсэн байна. Хатан хааныг сүүлчийн удаа харсан хүмүүсийн нэг нь Борис Жонсон аж. Энэ хоёр хүн анх 2019 онд уулзсан байх юм. Жонсоныг Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан энэ явдал тохиожээ. Хатан хааны Балморал дахь өргөөнд тэрбээр нууц амраг нь болох, тухайн үедээ ч уулзаж учирдаг байсан Кэрри Саймондестой хамт очсон байна. Үүнээс үүдэн англичуудын дунд элдэв хэл яриа зөндөө гарав. Гэр бүл болоогүй эмэгтэйг аваад очиход нь хатан хаан юу бодсон бол, тэднийг нэг өрөөнд унтахыг нь зөвшөөрөө болов уу гэх маягаар хэвлэлээр шуугиан дэгдэв.
“Энэ бүхнийг хатан хаан огт хайхраагүй” гэж Жонсон бичжээ. Харин нохой авч очихгүй байхыг ордныхон зөвлөжээ. Нэгэнтээ хатан хааны охин Анна гүнж ээж дээрээ нохдоо авч очиж, тэд нь II Элизабетийн хайрладаг корги (нохойн нэг үүлдэр)-ийг нь бохиртуулснаас хойш дахин ийм байдал бий болгохоос ордныхон цээрлэх болжээ.
Жонсоны үгээр бол энэ уулзалт тун дажгүй болж өнгөрчээ. Тухайн үед 93 настай байсан хатан хаан өөрөө өргөөнөөсөө гарч Ерөнхий сайдыг дагуулан замаар алхсан байна. Оройн зоогийн дараа задгай галын дэргэд яриа хөөрөө өрнөжээ.
Гурван жилийн дараа тэд сүүлчийн удаа уулзав. 2022 оны долоодугаар сард Жонсон огцорсон ч орных нь хүнийг есдүгээр сард л томилсон байдаг. Жонсон огцорч буйг 2022 оны есдүгээр сарын 6-нд л хатан хаан мөн л нөгөө Балморалд хүлээн зөвшөөрчээ. Хатан хааны нөхөр Филипп гүн өөд болчихсон, хатан хаан ч юун замаар Жонсонтой хамт алхахтай мантай байлаа. Жонсон ч хатан хаан хүнд өвчтэй байгааг мэдсэн байв. Хатан хаан ясны хорт хавдартай болсон байсныг Жонсон номдоо бичжээ. “Ерөнхий сайдад тохирох хүнийг олж сонгох талаар Эрхэм дээдэст өгөх зөвлөгөөний тухайд намайг наргиан болгохыг оролдоход ордныхон инээлдсэн ч тэд цаанаа л гунигтай царайтай байцгаав. Хатан хааны хувийн нарийн бичгийн дарга Эдварт Янг намайг уулзалтад бэлтгэв. Хатан хаан ясны хорт хавдраар өвчлөөд байгааг би лав нэг жилийн өмнөөс мэдсэн, бие нь хэзээ ч муудаж магадгүй болсон байсан юм. “Энэ зун их муудсан” гэж Эдвард надад хэлэв. Зарц дохио өгч намайг эрхэм дээдсийн зочдын өрөө рүү авч ороход “Өглөөний мэнд, Ерөнхий сайд аа” гэж хатан хаан мэндчиллээ. Бид ногоон цэнхэр өнгөтэй буйдан дээр өөд өөдөөсөө харан суулаа. Хатан хааны царай цонхигор, нуруу нь нэлээд бөгтөр, гар, бугуйн дээр нь хар бараан толбонууд байгаа нь бодвол тариа хийлгэсний ор мөр биз. Эдвардын хэлснээр ухаан санаанд нь өвчин ер нөлөөлөөгүй нь илт. Ярилцаж байхад цагаан шүдээ гарган инээж, ярилцагчийнхаа сэтгэл санааг тэр дор нь өргөдөг сөн, тэр инээд ер алга байв.
Жонсон болохоор хатан хааныг хөгширснөөс болж хорвоог орхиогүй, хорт хавдар өвчин түүнийг “авч явсан” гэж үздэг. Гэтэл албан ёсны мэдээлэлд хатан хааны үхлийн шалтгааныг өндөр насалсантай нь холбож үзсэн байдаг. Филипп гүнгийн анд Жайлз Брандретийн хэлснээр бол хатан хаан чөмөгний хорт хавдар гэдэг ховорхон өвчин туссан байв. Ядрах, турах, хөдөлгөөн муудах зэрэг уг өвчний шинж тэмдгүүд түүнд илрээд, энэ тухай сүүлийн саруудад ойрын хүмүүс нь ярих болсон юм. “Чөмөгний хорт хавдрын түгээмэл шинж тэмдэг нь яс, ялангуяа аарцаг бүсэлхийгээр өвддөг, энэ бол ахмад насны хүмүүсийг туйлдуулдаг өвчин” гэж Брандрет номдоо бичсэн байдаг. Хатан хаан сүүлчийн үүргээ биелүүлэхийн тулд хоёр сар өвчинтэйгөө тэмцэлджээ. Жонсоны бичсэнээр амьд явах хугацаа бага үлдсэнийг хатан хаан мэдэж байж. Бие нь эрс муудаж байсан ч Жонсоныг огцорсны дараа эрх мэдэл хэнд очихыг мэдэхгүйгээр үхэж болохгүй гэж хатан хаан үзэж байсан аж.
Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх хүнийг хайх хугацаа сунжирсаар байснаас хатан хаан хоёр сар тэсэхэд хүрсэн байна. Эдвард Янг хожим нь надад хэлснээр хатан хаан үхэхээ зуны турш мэдэж байсан ч нэг Засгийн газрыг нөгөөгөөр тайван замаар зохион байгуулалт сайтай солихыг ажиглах сүүлчийн үүргээ биелүүлэхийн тулд, магадгүй бас нэг Ерөнхий сайдыг огцруулах өөрийн “дээд амжилт”-аа ахиулах бодолтой байсныг ч бас үгүйсгэх аргагүй юм.
Лиз Трасс Британийн Ерөнхий сайд болох нь 2022 оны есдүгээр сарын 5-нд тодорхой болов. Нэг өдрийн дараа II Элизабет сүүлчийн удаа Борис Жонсонтой уулзаж, Трассыг Ерөнхий сайдаар томилов. Хатан хаан амьсгал хураасныг Букингемийн ордон хоёр хоногийн дараа зарлалаа. Трасс Ерөнхий сайдын сэнтийд 49 хоног залраад 2022 оны аравдугаар сарын 25-нд огцров.
70 жил улсынхаа жолоог атгахдаа хатан хаан Шарль Де Голлиос Эммануэль Макрон, Гарри Труменээс Жо Байден, Маогоос Си Зиньпин хүртэл олон түүхэн хүнтэй нүүр учирч байжээ. Энэ нь улс төрийн үйл явдалд хандах зүйрлэшгүй чадварыг түүнд бий болгожээ гэж Жонсон бичсэн байна. Түүний үлдээсэн зөвлөгөөний нэг нь Оростой харилцах олон улсын хандлагыг шууд хөндсөн байв. Энэтхэгтэй хийсэн тун амаргүй хэлэлцээрийн талаар хатан хаанд ярьснаа Жонсон эргэн дурсжээ. Оростой харилцахдаа хатуухан бодлого баримтлах ёстойд Энэтхэгийн Ерөнхий сайдыг итгүүлэх гэж Британи ихээхэн чармайлт гаргасан аж. Энэтхэгийн Засгийн газарт энэ байр суурь таалагдахгүй байв. Шалтгааныг II Элизабет тайлбарлан ойлгуулж чадсанд Жонсон гайхсан байна. Тусгаар тогтносон Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Нерутэй ярилцсанаа хатан хаан дурсан санажээ. Түүний ярьснаар бол бүр 1950-иад онд л Энэтхэг тэр чигтээ Оросын төлөө байжээ.
Жонсоны үгээр бол хатан хаан юуны урьд маш сайхан дотортой, хэн нэгэнд дургүй нь хүрч, гомддоггүй хүн байж. “Муу санахын утга учир байхгүй” гэж хэлдэг. Улс төрд, амьдралд ч бүхнийг түүн шиг ойлгож ухаардаг сан бол энэ дэлхий маань илүү жаргалтай орчин байх сан.
Ажил, үйлс бүтэлгүй байхыг анхааруулдаг гэгддэг шаазгай шувуунаас жийрхэхгүй болоход нь хатан хаан тусалсныг Жонсон номдоо хүлээн зөвшөөрчээ. Шаазгай тааралдвал түүнтэй мэндчилж, өнөөдөр ямар өдөр байсныг ярьж өгч байхыг хатан хаан зөвлөсөн байна. Хатан хааны хэлснээр ингэх нь нүдний хорыг зайлуулдаг гэнэ. “Хэрэв та ганцаар яваа шаазгайтай тааралдвал мэндлээд, өнөөдөр ням гараг, гуравдугаар сарын 12 гэдэг ч юм уу, хэлэхэд бүх юм сайхан болно” гэж II Элизабет хэлснийг Жонсон эш татсан байна.
Дурсамжийнхаа Путин, Зеленский нарын тухайд өгүүлсэн хэсгийг зохиогч “Би Орост сайн байсан” гэж нэрлэжээ. Жонсон Ерөнхий сайдаар гурван жил ажиллаж, энэ хугацаанд Европын Холбооноос Британи гарч, “Ковид-19” цар тахал дэгдэж, Украин руу орос довтлов. Жонсоныг хамгийн их шуугиан дэгдээсэн, Британийн улс төрч гэцгээдэг. Тэрбээр Орос, Украины Ерөнхийлөгчидтэй уулзсан, Скрипалийнхныг хордуулсан, НАТО-г дорно зүгт тэлсэн, Киевийг дэмжсэн, Истанбулд болсон энхийн яриа хэлэлцээрт өөрийнхөө гүйцэтгэсэн үүргийн талаар дурсамжийнхаа энэ хэсэгт бичсэн байна.
Хатан хаан “Бусдад гомдох хэрэггүй” гэж Жонсонд захисан ч түүнийг хайхраагүйн нотолгоо нь 700 гаруй хуудастай дурсамж ном нь болжээ. Лейборист, Консерватор, Брексит (Английг Европын Холбооноос гаргахыг) -ийг эсэргүүцэгчид, дэмжиж байсан хэрнээ сүүлдээ түүнээс нүүр буруулсан хүмүүс гээд “дайснууд”-тайгаа Жонсон эрэмбэ дараатайгаар тооцоо бодсон байна. Энэ дурсамж Жонсоны анхны ном биш, өмнө нь Черчиллийн намтрыг, Лондон хотын түүхийг, Ромын эзэнт улсын тухай бичсэн аж. Уран сайхны роман ч тэрлэж. Номны гол агуулга нь Брексит, Европын Холбоог эсэргүүцэх гол үндэслэл, Британи дахь түүнийг дэмжигчид юм. Гадаад бодлогын асуудалд бага зай эзлүүлжээ. Сергей Лавровын тухайд гэхэд л хаадаас нь хойш Оросын Гадаад хэргийн сайдын албыг хэн ч түүн шиг ийм удаан хашаагүй гээд түүнийг “the Gromyko de nosjours” (Өнөө цагийн Громыко) гэж нэрлэсэн байна. Ийн францаар бичсэн нь ердөө л хэлний мэдлэгээ харуулсан хэрэг гэж хэлж болно. Баримтын тухайд бол ЗХУ-ын Гадаад хэргийн сайдаар 28 жил ажилласан Андрей Громыкогийн зиндаанд очих Лавров болоогүй байлаа. Анзаарахад энэ номыг Жонсон өөрөө бичээгүй, хүнд хэлж өгч бичүүлсэн гэхээр байгаа юм. Жонсон дуурайх гэж хичээдэг Уинстон Черчилл дурсамж номоо мөн ингэж бүтээсэн гэдэг.
Крымийг Орос хүчээр өөртөө нэгтгэснийг үл харгалзан Оростой Сирид Өрнөд хамтран ажиллах ёстой гэж Жонсон 2015 онд бичиж байв. Гэвч Гадаад хэргийн яамыг толгойлох болсноор түүний бодол өөрчлөгдсөн байна. Энэ ажлыг эрхэлсэн хоёр жилд зориулсан бүлэг дотор нь “Путин-хордуулагч” гэсэн гарчигтай хэсэг бий. Тагнуулч байсан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарт халдсан явдалд Британи хэрхэн хандаж буйг Жонсон олж хараад НАТО-гийн орнууд болон тэдний холбоотнуудаас Оросын 150 дипломат ажилтныг гаргаж олон улсын хариу барьжээ. Үүнийг тэрбээр дипломатын том ялалт гэж үзэж, номынхоо нэлээд хуудсыг зориулсан аж. Энэ хэсэгт Жонсон Достоевскийн зохиолуудыг уншиж, орос хэл үзэж, сурагч байхдаа ЗХУ-д очиж мөхөөлдсийг нь, архийг нь амсаж үзсэн тухайгаа өгүүлжээ. “Би орос хэл, Оросын соёл, уран зохиол, уран зураг, байгальд дуртай” гэж бичсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Европын Холбоо, НАТО-гийн үүдийг Оросын өмнө хаахгүй байхыг 2000 онд уриалсныг Жонсон номдоо дэмжжээ. Кремльд Борис Ельциний халааг Аюулаас хамгаалах байгууллагын офицер байсан хүн авахад Британийн дээдэс түүнийг хайхрах гэж яарсангүй. 2003 онд Британид Путинийг эхний бөгөөд сүүлчийн гэж хэлж болох айлчлалаа хийхэд түүнд хэрхэн хандсаныг “ивээл”-тэй гэхээс өөрөөр хэлэх аргагүй гэж Жонсон бичжээ. Тэгвэл НАТО дорно зүгт тэлж байгааг Путин сэжиглэнгүй харж байснаа цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг Оросын хувьд аюул занал гэж үзэх болсон гэж тэр бичсэн байна. Ирак, Афганистанд АНУ болон түүний холбоотнуудын явуулсан цэргийн ажиллагаа нурсны дараа энэ эвсэл сул болохыг мэдрээд Путин Крымийг Орост нэгтгэж, Сирид интервенц хийж, Британийн газар нутаг дээр өдөөн хатгах үйлдэл (Скрипалийнхныг хордуулсан) зохион байгуулжээ. Оросын удирдагч Украин руу бүрэн хэмжээгээр халдан довтолсонд нөлөөлсөн байж болох олон шалтгаан бий гэж Жонсон үзжээ. Юуны түрүүнд НАТО-гийн зүгээс учруулах аюул, хуучин ЗСБНХУ-ыг үгүйлэн санагалзаж, ардчилсан Украин амжилт олж буй нь Орос дахь эрх мэдлийг нь унагааж мэдэх, түүнчлэн нефтийн үнэд дайны үзүүлэх нөлөө.
2020 онд Ливид болсон олон улсын арга хэмжээний үеэр Жонсон Путинтэй ганц удаа л уулзсан аж. НАТО-д Украин элссэн тохиолдолд Оросын авах хариу арга хэмжээгээр айлгах гэхэд нь Жонсон “НАТО бол батлан хамгаалах зорилготой эвсэл” гэж хариулжээ...