- 1.9 их наяд төгрөгийн төсөв авсан Эрүүл мэндийн даатгалын сан яагаад дампуурав -
Эрүүл мэндийн салбарын нийт төсвийг ирэх онд 4.3 их наяд төгрөгөөр баталсан нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Энэ нь өмнөх оныхоос 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн. Салбарын энэ оны зардлыг 2.4 их наяд төгрөгөөр баталсан ч жилийн эцэст гүйцэтгэл нь 2.7 их наядад хүрэхээр байгааг төсөв хэлэлцэх үеэр дурдсан билээ. Ирэх оны төсвийг ийнхүү өндөр “суулгасан” нь Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн өнгөрсөн хугацааны алдагдлыг төсвөөс нөхөх, одоогийн санхүүжилтийн хэмжээнд нь тааруулж мөнгөн дүнг нь өсгөснийг албаныхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн шимтгэл төлдөг та, бидний татварын мөнгөнөөс дахиад сангийн алдагдлыг нөхнө гэсэн үг.
Татвар төлөгчдийг ингэж давхар шийтгэсэн атлаа сангийн мөнгөөр “тоглож”, өчнөөн тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынханд огтхон ч хариуцлага тооцолгүй, уснаас хуурай гаргасан нь хачирхалтай. Харин ч төсвөөс алдагдлыг нь бүрэн нөхөж, сангийн хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлж, шагнав. Энэ нь тэднийг арай л хэтэрхий давраасан хэрэг биш үү.
Ерөнхий агуулгаараа, эрүүл мэндийн салбарын төсвийг 2020 оноос хойш зөв зохистой, үр ашигтай хуваарилж чадаагүйгээс өнөөдөр сан нь дампуурч, даатгуулагчид тусламж, үйлчилгээ авч чадахгүйд хүрчихлээ. ЭМДС ийнхүү “модоо барихад” хүргэсэн шийдвэрийг эрх баригчид 2020 онд гаргаж, санхүүжилтийн тогтолцоонд нь өөрчлөлт оруулсан билээ. Тодруулбал, салбарын санхүүжилтийг нэг худалдан авагчид шилжүүлсэн. Ингэснээр ЭМДЕГ стратегийн ганц худалдан авагч болсон. Үүнийг зайлшгүй хийх ёстой шинэчлэл гэдэгтэй маргахгүй ч тус газрынхан сүүлийн дөрвөн жилийн туршид сангийн, та, бидний татварын мөнгийг судалгаа, тооцоогүй үрж, тусламж, үйлчилгээ худалдан авдаг хэрэглэгч болчихсон нь харамсалтай. Үүний уршгаар өмнө нь дурдсанчлан сан дампууран, эмнэлгүүд иргэдэд даатгалаар үйлчлэхээ больж, эм, тарианы хомсдолд орон, нэг удаагийн хэрэгслээ ч авч хүчрэхгүйд хүрлээ. ЭМДЕГ ч эмнэлгүүдэд өчнөөн мөнгөний өрөнд уначихсан. Үүний улмаас гэрээт эмнэлгүүдийнхээ санхүүжилтийг зогсоохоос өөр арга хэмжээ авч чадахгүй байна. Ингэснээр иргэд он дуустал өвдөх эрхгүй болж, ирэх төсвийн жилийг хүлээх боллоо.
Уг нь эрүүл мэндийн салбарын төсвийг 2021 оноос хойш их наяд төгрөгөөс бууруулаагүй. Гэсэн ч үүний үр ашгийг даатгуулагчид төдийлөн хүртэж чадаагүй. Ийм байтал ирэх жил эрүүл мэндийн салбарт 4.3 их наяд төгрөг зарцуулах болчхов. Төсөв нэмэгдсэнээр тусламж, үйлчилгээ нь сайжирсан бол эрүүл мэндийн салбар өдийд өндийчих байлаа. Даанч бүх зүйл нь эсрэгээрээ алдагдалтай, дампууралтай явж ирснээс даатгалаар хөнгөлөлттэй үзүүлдэг тусламж, үйлчилгээнүүд нь эхнээсээ зогсоод байна. Тодруулбал, улс, хувийн эмнэлгүүд амбулаторийн цогц тусламж, өдрийн эмчилгээ, сэргээн засах, архаг өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх үйлчилгээнд он дуустал даатгалаас хөнгөлөлт үзүүлэхээргүй болов. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Улсын I, III төв эмнэлэг, Монгол, Японы эмнэлэг, ГССҮТ зэрэг томоохон эмнэлэг гэрээний үнийн дүнгээсээ хэтэрсэн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Тиймээс зарим тусламж, үйлчилгээг даатгалаар үзүүлэх боломжгүйд хүрлээ. Жишээ нь, архаг өвчтэй, рашаан сувилалд хэвтэх шаардлагатай хүмүүс дараа жилээс хөнгөлөлтөө эдэлнэ гэсэн үг. Түүнээс биш эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээг зогсоосон зүйл байхгүй” гэж өчигдөр мэдэгдэнэ лээ. Яаралтай тусламж л биш бол өдөр тутамд, байнгын эмчилгээ, асаргаа хийлгэдэг, хэвтрийн, хүнд өвчтэй хүмүүс сайд Т.Мөнхсайханд хамаагүй аж. ЭМДС-гийн өнгөрсөн хугацааны өчнөөн тэрбумын алдагдлыг төсвөөс нөхөөд, салбарынхаа зардлыг өсгөөд л асуудлыг шийдчих бололтой. Эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ доголдлоо гэх бүрд иймэрхүү тайлбар хэлж, аргацаах уу.
Тэгвэл ирэх онд эрүүл мэндийн салбарынхан түүхэнд байгаагүй төсвөөрөө юу хийхээр төлөвлөсөн юм бол. Зөрчил, дутагдлаа арилгаж чадах уу. Дээр дурдсанчлан эрүүл мэндийн салбарын үр ашиг, үйлчилгээний хүртээмж, чанар нь төдийлөн ахиагүй байхад төсөв, санхүүжилтийг нь өнгөрсөн хугацаанд тасралтгүй нэмэгдүүлсээр ирэв. Тодруулбал, тус салбарын нийт зардал 2010 онд 250.3 тэрбум төгрөг байсан бол эл үзүүлэлт 2020 онд 986.9 тэрбум болж өсжээ. Өнгөрсөн оны зардал 1.2 их наяд төгрөг байсан нь энэ жил нэг 1.9 тэрбум болсон аж. Гэвч энэ их зардлын үр ашиг, хүртээмж нь хаана байна вэ.
2025 онд эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар өөрчлөлт, шинэчлэл хийх талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд эхлээд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилт, цахим мэдээллийн тогтолцоог нэвтрүүлнэ” хэмээсэн. Мөн тэрбээр ЭМДС-гийн 2022, 2023 оны 218.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийг 2025 оны салбарын төсөвт нэмүүлж, “нэхэмжилсэн”-ийг хэлсэн. Ирэх жил “Цахим бодлого”, “Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн монгол” зэрэг хөтөлбөрийг ч хэрэгжүүлэх аж. ЭМДС-гийн 2023 оны орлого нэг их наяд 588 тэрбум төгрөг байсан бол зарлага нь 253 тэрбумаар хэтэрчээ. Тиймээс санд төрөөс олгох санхүүжилтийг нь нэмэгдүүлсэн юм байна.
Салбарын хэмжээнд нийт хоёр их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 2025 онд 993.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх 220 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, барилга, байгууламжид 640.5, их засварт 153.3, тоног төхөөрөмжид 199.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тэгвэл ирэх оны нийт төсвийн 2.8 их наяд төгрөгийг ЭМДС-д буюу тусламж, үйлчилгээний зардалд хуваарилсан байна. Эл дүн 2023 онд 1.5 их наяд төгрөг байв. Харин энэ оны сангийн төсөв 1.9 их наяд болсон юм. Сангийн алдагдал, өр, мөн тусламж, үйлчилгээний эрэлтэд үндэслэн ийнхүү нэмсэн гэж ЭМЯ-ныхан хэлж буй.
Ирэх оны салбарын онцлох арга хэмжээ нь Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудын хүрэх шалгуур үзүүлэлтийг дээшлүүлж, тусламж, үйлчилгээнд бүх нийтийн хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэв. Үүний дотор эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, иргэдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, энэ талын мэдлэг, боловсрол олгох, эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлийг бууруулах, иргэд гадаад руу явах бус, дотооддоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах аж. Мөн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны үр дүнг нэмэгдүүлнэ. Ингэхдээ 2021 оноос хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн өнөөгийн байдлыг үнэлж, шаардлагатай тохируулгуудыг хийж, сангийн орлого, зарлагын тэнцлийг хангана гэж төсөлд тусгажээ.
Анхан шатлалын тусламж, үйлчилгээний тухайд өнөөх л чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэнээ дагасан санхүүжилтэд хяналт тавих тогтолцоог бэхжүүлнэ. Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтыг өргөжүүлж, үйлчилгээний менежментийг сайжруулахтай холбоотой урсгал зардлуудыг тусгасан байна. Үүнд эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг шинэчлэх, жишиг тарифт өөрчлөлт оруулахтай холбоотой зардал, ЭМДС-гаас санхүүжүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд чанар, төлбөрийн хяналт хийх журмыг өөрчлөх, хөндлөнгийн шинжээч нарыг гэрээгээр ажиллуулах техникийн хороог Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулахаар болжээ.
Шинэ болон дахин сэргэж буй халдварын эрсдэлээс сэргийлэх, хамгаалах, бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг ч мөн хэрэгжүүлнэ гэлээ. Улмаар эмнэлгийн засаглалыг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын удирдлагын менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийг зөв хуваарилан, зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх нь. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлж, өртөг зардлыг тооцох, хөтөлбөр, төсөл арга хэмжээг санхүүжүүлэх аргачлал батлуулахаар тогтов. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсантай холбоотойгоор үйл ажиллагаанд нь шаардлагатай зардлыг төсөвт анх удаа тусгажээ. Тухайлбал, улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн 12 төвийн тандалт, судалгааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийг түшиглэн ийм төв байгуулах, нийгмийн эрүүл мэндийн бодлого, удирдлагыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэгт нийт 102.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчилсэнтэй холбогдуулан эмийн чанар, аюулгүй байдлыг шинжлэх лабораторийн чадамжийг сайжруулах зардлыг төсвөөс гаргахаар болжээ. Ингэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дэргэдэх эм шинжлэх лабораторийн орон тоог 22-оор нэмж, лабораторийн эм, урвалж, оношлуур, зарим тоног төхөөрөмж худалдан авахад нийт 2.4 тэрбум төгрөг зарцуулах аж. Эрүүл мэндийн сайдын багц өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөг байсан бол энэ жилийнх 1.8 их наядад хүрэхээр буй гэнэ. Үүнтэй уялдуулан салбарын сайдын багцын мөнгөн дүнг ирэх онд нэмж, 3.3 их наядын санал өгснөөс доод хязгаарыг баримтлан 1.4 их наяд төгрөгөөр тогтоож.
Энэ мэтчилэн анхан шатнаас эхлээд нарийн мэргэжлийн төвүүдийн барилгыг засаж шинэчлэх, тоног төхөөрөмжийг нь сайжруулах, эмч, ажилтнуудын урамшууллыг нэмэгдүүлэх, сангийн алдагдлыг нөхөх зардлуудыг төсөвлөжээ. Харин иргэд, даатгуулагчид дээр хэлсэнчлэн ирэх онд төсөв хуваарилтал өвдөж болохгүй нь харамсалтай.