-Асуулт тавихаар загнуулчих юм. Бараг хоёр цаг загнууллаа. Бид сөрөг хүчний хувьд болохгүй асуудлуудыг л эсэргүүцсэнээс биш, зөвийг нь дэмжинэ. Гэтэл хотын дарга ялархаж, гомдож, уурлаж байна. Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэдэн хувийг хэрэгжүүлсэн бэ. Таны мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг бууруулах заалт оруулсан уу?
-Та улстөржсөн зүйл ярьж байна. Би бүр илүү улстөржсөн хариулт өгье. Ах нь чам шиг хүний суудлыг булааж авах гэж явж байгаагүй. Би дандаа сайн ажиллаж, дэвшиж ирсэн. Сонгуулиар би царай алдаж явдаггүй.
-Хотын дарга огт өөр зүйл яриад байна. Сонгууль, намын дотоод асуудлыг би огт яриагүй л дээ...
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус I хуралдаан энэ сарын 15-нд болж, хотын даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үеэр Х.Нямбаатар төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд ийнхүү “томорсон” юм. Асуудал ярьсан хүний өмнөөс хүн ярьдаг, өөрийг нь доромжилдог, дээрээс харж бусдыг загнадаг социализмын үеийн дарга нарын хэв шинжит дүр бол Х.Нямбаатар.
Х.Нямбаатарын хэн нэгнийг дээрэлхсэн жишээ ганц энэ биш. Ер нь л тэрбээр нийслэлд хаан мэт аяглаж, үг сөрсөн хүн бүрийг дураараа загнадаг болчихлоо. Нийслэлийн ИТХ-д олонх болж, 45 суудлын 40-ийг нь эзэлсэн МАН-ын төлөөлөгчид түүнээс ямар ч тэнэг санал гарсан ч үг дуугүй дэмжиж байна. Харин АН-ын таван төлөөлөгч ам ангайх бүрдээ л доромжлуулдаг, ардчилсан бус, коммунист маягийн дэглэм Улаанбаатарт хэдийн тогтчихлоо. Хотод тулгамдсан асуудлуудын шийдлийг тодруулахад дорвитой хариу, гарц гаргалгаа хэлэхгүй хэрнээ хувь хүн талаас нь дайрч, доромжилдог нь Х.Нямбаатарын бий болгож буй “соёл”. Үүгээрээ тэрбээр хотын өмнөх дарга нараас илт ялгарч байгаа. Гэвч дарга хэрэлдлээ гээд хотын иргэдийн амьдралын орчин нөхцөл сайжирч, өөрчлөгдсөн бил үү.
Шударга шүүмжлэл бол ардчилсан нийгмийн амин сүнс. Шүүмжлэлгүй нийгэм, хэлэлцүүлэггүй хурал гэж үгүй, цөөнхөө сонсдоггүй ардчилал гэж байдаггүйг хуулийн бодлого атгаж суусан энэ дарга ойлгодоггүй гэвэл эндүүрэл биз. Түүний бүрдүүлсэн муйхар, түрэмгий, бүдүүлэг авир нь иргэдэд хүндлэгдэх нь бүү хэл, хот хэмээх том айлын соёл, өнгө төрхийг улам дордуулаад байгаа юм биш үү.
“Ёс суртахууны хувьд боловсроогүй хүн улс төрд оролцох хэрэггүй”
“Улс төрчдөд мэдлэг, туршлагаас илүү нэн тэргүүнд тавигдах шаардлага нь мэргэжлийн ёс зүй. Тэдний өмнө нийгэмд ёс суртахуунаараа манлайлах, үлгэр дуурайл үзүүлэх гэсэн чухал шаардлага бий. Аристотелийн “Дээд суртахуун” зохиолд “Ёс зүй бол улс төрийн ухааны бүрдэл хэсэг. Ёс суртахууны хувьд боловсроогүй хүн улс төрд оролцох хэрэггүй” гэж дурдсан байдаг” гэж МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Р.Дарьхүү ярьсан.
Түүний дурдсан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үнэхээр нийцэмгүй, бүх цаг үеийн хамгийн бүдүүлэг дарга бол Х.Нямбаатар. Нэг танхимд сууж байгаа төлөөлөгчийг тэрбээр “ахын дүү” гэж даапаалдаг бол иргэдээ харин “халтар” хэмээн доромжилдог. Улаанбаатарт олгох автомашины дугаарыг 730 мянгаар хязгаарласантай холбоотойгоор Эко автомашин импортлогчдын болон Авто худалдаа, автомашины бизнес эрхлэгчдийн холбооныхон хотын захиргааны гадна жагсаал зохион байгуулж, шийдвэрээ эргэн харахыг дарга нараас шаардав. Гэтэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэдэнд “Хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй. Энэ хүмүүс монгол төгрөгийн ханшийг хамгийн их сулруулж байна” хэмээн хариу барьсан нь олон хүнийг эгдүүцэхэд хүргэсэн.
Хотын дарга автомашины бизнес эрхлэгчдийг ийнхүү бүдүүлгээр гутаан доромжилсныхоо төлөө уучлал гуйх ёстой гэж дээрх хоёр холбооныхон шаардаж, хэвлэлийн бага хурал хийсэн. Гэвч Х.Нямбаатар уучлал гуйх нь битгий хэл, харин ч зөв зүйтэй үг хэлсэн мэт аашилсаар, автомашины худалдаа эрхлэгчдийг үргэлжлүүлэн буруутгасаар байна. Уг нь “эрүүл” нийгэмд бол иргэд нь хотын даргаа шударгаар шүүмжилж, шаардлагаа ч тавьж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах шийдлүүдээ хамтдаа гаргаж, хэрэгжүүлээд явдаг учиртай. Бас ёс зүйн зөрчил гаргасан улс төрч, дарга нар огцорч, цаашлаад карьер нь дуусах жамтай. Харин Монголд эсрэгээрээ бөгөөд дурын дарга нь иргэдээ хээвнэг доромжилж, ёс зүйн доголдлоо “гайхуулж” байна. Улмаар доголдлоо улс төрийн “имиж” болгон, түүгээрээ олон нийтэд тахин шүтэгдэх гээд улайраад байгаа нь хамгийн аймшигтай.
Нийслэлээ Х.Нямбаатараас аваръя
“Улаанбаатарын иргэд соёлгүй байна”, “Хотын соёлыг нийтэд түгээе” гэж улаанбаатарчууд байнга ярьдаг. Үүнтэй холбоотой нөлөөллийн ажлуудыг ч үргэлж зохион байгуулдаг ч үр дүнд хүрсэн нь цөөн. Холбогдох албаныхан одоо ч “Соёл танаас эхэлнэ” гэсэн аян үргэлжлүүлсээр буй. Уриа лоозонгийн шинж чанартай ийм аянуудад татвар төлөгчдийн мөнгийг үрэхээс хэтэрдэггүй албаныхан ажлаа үр дүнд хүргэхийн тулд хотын даргатайгаа л тулж ажиллах шаардлагатай байна. Дарга нар захирангуй байж бүгдийг дарлаж, дээрэлхэж болдог гэсэн ойлголтыг олон нийтэд, ялангуяа хүүхэд, залууст өгч байгаа Х.Нямбаатарт анхаарах нь л хотоо аврах, соёл төлөвшүүлэх гол арга зам болсон гэсэн үг. Учир нь соёл бол иргэдийн ухамсраас урган гардаг, хүний оюунаар бүтээгдсэн үнэт зүйл. Хүн хэдийчинээ хариуцлага, соёл, ухамсартай байна, хотын соёл төдийчинээ бүрэлдэн тогтоно гэж энэ чиглэлийн судлаачид тайлбарладаг билээ.
Хотын дарга гудамжинд ч, хуралдааны танхимд ч, албан тасалгаандаа ч хэрүүл хийгээд, бусдыг доромжлоод байгаа нь дэргэдэх хүмүүстээ аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Тухайлбал, түүний бүдүүлэг авир нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайд ч халдсаныг нотлох жишээ бий. Гадаргуу нь тэгш бус, долгионтой, зам, тээврийн осол гарах эрсдэлтэй, хүн алахаар замыг татвар төлөгчдийн мөнгөөр тавьчхаад байхад тэрбээр жишим ч үгүй “Хүн алчихсан биш, замын алдааг засаж болно” гэж хэлсэн билээ. Энэ мэтээр хотын удирдлагаа дуурайгаад, бусад албан тушаалтан нь өөрсдийгөө иргэд бидний дарга гээд ойлгочихсон, юу дуртайгаа хэлж, дарлаж болно гэж бодоод яваа юм биш биз.
Хүн бүр тэгш эрхтэй
Иргэдээ “улныхан” гэж хэлснийхээ төлөө Д.Сарангэрэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас огцорсон жишээ бий. Сайд яамныхаа үйл ажиллагааг тайлагнах хурлын үеэр иргэдийг ялгаварлаж, Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчсөн гэдэг үндэслэлээр огцорсон. Тэгвэл Д.Сарангэрэлд үйлчилсэн хууль Х.Нямбаатарт ч адил үйлчлэх ёстойг өмгөөлөгч А.Пүрэвдулам онцолжээ. Тэрбээр “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш. Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг эрхэлсэн ажил, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхсан. Хэдэн төгрөгийн орлого олдог хүмүүс халтар төгрөгтэйд тооцогдохгүй, түүнд доромжлуулахгүй байх боломжтой вэ. Жаргон хэллэг гэх ойлголт хэл шинжлэлд бий. Этгээд үг хэллэгүүдийг ерөнхийд нь ингэж нэрлэдэг. Бүдүүлэг, гудамжны, албан бус үг хэллэгийг ихэвчлэн шоронгийн хоригдлууд болон гэмт хэрэг үйлдэгч нар ашиглаж, хоорондоо харилцдаг” гэж цахим хуудсандаа бичсэн байв.
Бас хотын дарга бусдын эрхэд бүдүүлгээр халдаад байгааг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ч онцолжээ. Тэрбээр “Орон нутгийн сонгуулийн өмнө чухам л “Сайн, сайхан хотод та бүхнийг амьдруулна. Биднийг сонгоорой” гэж байсан. Гэтэл сонгогдсоныхоо дараа олон нийтэд бүрэн танилцуулаагүй, судалгаа нь итгэл үнэмшил төрүүлэхгүй шийдвэрүүдийг шууд тулгалаа. Үүнийг нь шүүмжилж, хүний эрх зөрчөөд байгааг нь хэлж, шаардлага тавихаар “Хэдэн халтар төгрөгтэй ченжүүд” гэж байна. Уучлаарай, энэ юу гэсэн үг юм бэ. Нийтийн албан тушаалтан иргэдээ ингэж доромжилж болдог юм уу. Ингэж болохгүй. “Зөвхөн миний зөв” гэж зүтгэхээсээ илүү учир шалтгаанаа тайлбарлах ёстой. Ямар гарц, эрсдэл, боломжууд байгааг хэлж, асуудал үүсэж болзошгүйг тайлбарлаад, олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй” гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байна.
“Улаанбаатарыг хэрүүлийн бузаргүй хот болгох нь зүйтэй”
Хамгийн гол нь Х.Нямбаатарын зөвхөн үг нь л бүдүүлэг байгаа юм биш. Үйлдэл нь ч үгээсээ ялгаагүй. “Би нийслэлийн ажил, амьдралтай зууралдаад 13 сар болж байна” гэж саяхан дурдсан тэрбээр өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт дорвитой ямар өөрчлөлт, шинэчлэл хийсэн бэ гэхэд жишээ татаад хэлчих зүйл үгүй. Харин захиргаадалтын, коммунист, хясан боогдуулсан, өөрийнх нь хэлснээр “шорвог” шийдвэрүүдээрээ л нийслэлчүүдийг залхаасаар байна. Тэрбээр хотын дарга болсноосоо хойш орон нутгийн машинуудад “хориг тавилаа”. Машины дугаар олгохоо ч зогсоож, хүний эрхэд илтэд халдах болов. Өвөл -30 хэмээс давж хүйтэрдэг, явган хүний зам нь мөсөн гулгуурын талбай болдог, угаартуулах шахам утаатай, нийтийн тээвэр хүртээмжгүй нийслэлд алхсан, автобусанд суусан хүмүүст урамшуулал өгнө гэх мэтээр иргэдээ тавлаж сууна.
Үнэн хэрэгтээ нийслэл ямархуу хот болчхоод буй, цаашид яаж өөрчлөх ёстойг Засаг дарга асан Э.Бат-Үүл “Европ стилийн цэмбэгэр хот байсан Улаанбаатар маань халтар, үзэмжгүй, стандартгүй болоод байгааг Х.Нямбаатар онцгой анхаарах хэрэгтэй. Нэн ялангуяа Сонгинохайрхан дүүргийн удирдлага хотжихгүй, Эрээний хогоор гудамжнуудаа тохижуулдгийг болиулах ёстой. Бас Улаанбаатарыг хэрүүлийн бузаргүй хот болгох нь зүйтэй” гэж товч бөгөөд тодорхой хэлсэн нь бий.
Одоо л гудамжиндаа гармаар байна
Х.Нямбаатар хотын даргаар томилогдоод удаагүй байхдаа “Үндсэн хууль дахь та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг өөрчлөн, нийтийн эрх ашгийг ханган, Улаанбаатар хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно” гэж амласан. Гэвч түүний хэлсэн “давс адил шорвог шийдвэр гаргах” гэдэг нь л биелж, хүний эрхийг уландаа гишгэн иргэдээ бухимдуулж, бусад нь ор тас орхигдсоныг өнгөрсөн хугацааны үйл явдлууд гэрчилнэ.
Учир нь иргэдэд түгжрэл, агаарын бохирдол, халтиргаа гулгаа, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал гээд нийслэлийн суурь асуудлууд дарамт болсон хэвээрээ л байна. Гэтэл Х.Нямбаатар “Улаанбаатар хотын хувьд ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн жилүүд байх болно” гэж мөрөөдсөөр, метро, дүүжин тээвэр, тусгай замын автобус, цахилгаан станц барих гэх мэтээр нийслэлийн өмнөх хэд хэдэн даргын мөрөөдлийг нэгтгэж ярьдаг нэгэн л болчихлоо. Орон нутгийн сонгуулийн өмнө өдөр бүр гудамж, замаар яваад байсан дарга одоо утаан дундуураа гүйж, бодит байдлаа мэдэрмээр байна.
М.ОЧ