Дарга нар Үндсэн хуулийн ойн баяр тэмдэглэж байхад иргэд Төв талбайд тайван жагсаал цуглаан хийсэн юм. Тэд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн бухимдлаа илэрхийлсэн билээ. Нийгэмд тулгамдсан олон асуудлыг төр засгийн сонорт хүргэх зорилгоор цугларчээ. Тэдний олонх нь автомашины улсын дугаарыг хэвийн олгохыг хүсэж, дуу хоолойгоо хүргэсэн юм. Мөн “Засгийн газар, УИХ огцор” гэсэн уриа лоозон барьсан иргэн ч цөөнгүй харагдсан. “Хүний эрх, эрх чөлөөг бүрдүүлж, иргэдээ эдийн засгийн баталгаатай амьдруулж чадахгүй байгаа Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр.
Яам, тамгын газрын тоог л нэмэхээс өөрөөр ядарсан иргэдээ бодохгүй байна. Үндсэн хуулиа төрийн дээд албан тушаалтнууд өөрсдөө биелүүлэхгүй байгаа учраас огцрох шаардлагатай” гэцгээж байв. Түүнчлэн 11 настай хүүхдүүдийг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинд хамруулах болсныг эсэргүүцсэн хүмүүс ч Төв талбайд цугларчээ. Хүнс, агаараар нь хордуулж байна. Одоо эрүүл мэндээр нь хохироох нь гэх хүн олон байлаа. Мөн иргэд утааны эсрэг гарын үсэг цуглуулсан юм. Төв талбайд тав дахь өдрөө зогсож буй эмэгтэй “Хортой түлш хэрэглэхийг зогсооё. Угаартаж эндэх вий гэсэн айдастай иргэд тайван унтаж ч чадахгүй байна” гэв. 100 мянган хүний гарын үсэг цуглуулахаар зорьж буй аж.