Дэлхий дахинд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг уламжлалтай. Манай улсад 1997 оноос эхлэн уг аяныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулжээ. Жендерт суурилсан хүчирхийлэл нь хүүхдийн эсрэг, гэр бүл, бэлгийн, хүн худалдаалах, ажлын байран дахь бэлгийн дарамт зэргээр илэрдэг байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас 640 хүүхэд хохирчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөний улмаас 516, хүүхдийн эрхийн зөрчлөөс шалтгаалж 1303 хүүхэд хохирсон байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч З.Ундрах “Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нэг цэгийн үйлчилгээний 37 төв, түр хамгаалах байр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төв гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 3041 хүнд эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн зэрэг нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Эдгээрээс 736 нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 нь эрэгтэйчүүд, 28 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Мөн түр хамгаалах байранд 1231 эмэгтэй, 926 эрэгтэй хүүхэд ирж, тусламж авсан. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар өссөн дүн. Тусламж хүссэн охидын тал хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирчээ. Манай улсад жилд 700 орчим буюу өдөрт хоёр бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж байна. Үндэсний статистикийн хорооноос 2017 онд хийсэн жендерт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгаагаар манай улсын 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж мэдүүлсэн байдаг. Үүн дотор ураг төрлийн хүчирхийлэл элбэг тохиолддог” гэв.
2019-2021 онд цагдаагийн байгууллагад хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг 1655 гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдсан байна. Эдгээр гэмт хэргийн хохирогчдын 80 орчим хувь нь 10-29 насны охид, эмэгтэйчүүд аж. Насанд хүрээгүй хохирогчдын 87 хувийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлж байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэрэг 2022 онд 12, 2023 онд 13 бүртгэгджээ. Хүний биеийг үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэх, хүнийг элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, орогнуулах, хүлээн авах үйлдэл нь хүн худалдаалах гэмт хэрэгт тооцогддог юм.
Сүүлийн үед технологи ашиглан үйлдсэн, жендерт суурилсан хүчирхийлэл ихсэж байгааг цагдаагийн болон хүний эрхийн байгууллагынхан анхааруулах болсон. Цахим орчинд дээрэлхэх, өдөөн хатгах, онлайн хэрэглээ, орон зайг нь хянах, хязгаарлах, зураг, бичлэг ашиглан дарамтлах, бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох, хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй олон нийтэд дэлгэх үйлдэл хамгийн түгээмэл аж. 10 хүүхэд тутмын гурав нь нийгмийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны судалгаанд дурдсан байна.
Ч.Болор