Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” яруу найргийн наадам Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд Соёлын төв өргөө шиг өргөн хүрээтэй танхимд бус, цомхон суудалтай Улсын филармонийн концертын танхимд болов. Наадам эхлэхээс дуусах хүртэл хоосон суудал харагдсангүй. Түүнчлэн цөөнгүй үзэгч танхимыг захалж зогсоод, яруу найрагчдын шүлэг бүтээлийг сонсож байв. 30 дахь удаагийн “Болор цом”-ын тэргүүн яруу найрагч Н.Гантулга, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гантигмаа нар наадмыг хөтөллөө.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Ичинхорлоо “Болор цом-42”-ыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Монголчуудын яруу сэтгэлгээтэй салшгүй холбоотой далавчтай сахиусан тэнгэрүүд, давхиж яваа оддын хүлэг, онгодын цагаан морьд та бүхэндээ цогтой халуун мэнд дэвшүүлье. Танхим дүүрэн хүн цугласанд баяртай байна. “Болор цом” наадмын хоймроос тэр жилийн шилдэг шүлгүүд эгшиглээд зогсохгүй тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн сэтгэлгээний онцлог, нийгэм, цаг үеийн өнгө тодорч байдаг. Даяаршлын соёлын дайралтаас монгол хэлийг аварч чадах нь яруу найрагчид, зохиолчид, уншигчид, номын хүмүүс билээ. Монгол Улс минь та, бидний шүүмжлэл, ерөөл, үгээр үргэлж дутдаг. Шүүмжлэл бус, доромжлолыг бидэнд тулгаж, “Болор цом” наадмыг таслан зогсоох гэсэн увайгүй хүмүүстэй бид бүх цаг үед таарч байсан. Гэхдээ энэ наадам ард түмэнтэйгээ цуг уйлж, дуулж, шаналж, жаргаж энд хүрсэн юм. Монголчуудын оюун санааны хамгийн гэгээн бүхэн энэ өдөр эгшиглэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Яруу найрагчдын маань онгодын хүлэг хурдан байх болтугай” гэлээ.
Урьд жилийн “Болор цом”-ын эзэн өнөө жилийнхээ наадмыг нээж мялаалгын шүлэг уншдаг уламжлалтай. Ийнхүү тайзан дээр яруу найрагч С.Начин шүлгээ дуудаж, 42 дахь удаагийн “Болор цом”-ыг эхлүүлэх нь тэр. Хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг 28 найрагч шүлгээ дуудахыг үзэгчид анхааралтай сонсож, зарим үед уухайлж, инээж, алга ташилт нижигнүүлж байлаа. Харин одоо тус найрагчдаас шилдэг 10 нь тунах ёстой. Ийнхүү дараагийн шатанд Б.Батцоож, Д.Нямдорж, Н.Батболд, Л.Торой, Г.Хашбаатар, А.Лхагва, С.Начин, Б.Ганхүрэл, Д.Одгэрэл, Ч.Ууганбаяр нар шалгарав.
Энэ үеэс л найрагчид илүү хянамгай, догдлолтой болж ирсэн нь үзэж суугаа хэнд ч ил анзаарагдахаар. Харин тэднээс тав нь л үлдэх юм. Бүх найрагч шүлгээ уншсаны дараа шүүгчид эхний шалгаруулалтаас илүү удаж дүнгээ гаргах шиг санагдав. Ийнхүү айргийн тавд А.Лхагва, Л.Торой, Н.Батболд, Ч.Ууганбаяр, Д.Нямдорж нар багтаж, шүлгээ дуудаж эхлэв. Энэ үед үзэгчдээс хамгийн их алга ташилт авсан, басхүү илүү олон хүний найдлага “тээж” байсан найрагч бол Д.Нямдорж. Тэрбээр МУИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор юм. Түүний сүүлийн даваанд уншсан “Одоо” шүлгийг толилуулъя.
Өчигдрийн толинд ирээдүйгээ харж суух
Өнөөдрийн шилэнд өнгөрсний хээ тодрох
Үл мэдэгдэм цар зэрэглээ мэт түрхэгдэх
Үе зузаарч ирээдүйн төрх зүүд мэт үзэгдэх
Одоо, өнө мөнхийн одоо!
Үл таних бүсгүй
Инээмсэглэн зөрөх шиг одоо!
Үзэсгэлэн гоо нь үл мартагдаж
Үе үесхэн бодогдох шиг одоо!
Өвсөн дээр үрэл мөнгөн шүүдэр үүсэх
Өчүүхэн дусалд нь нар багтах гялалзах
Өнхрөн бөмбөрөөд чулуун дээр бутрах
Үсэрсэн ширхэгт нь түмэн нар цацрах
Одоо, өнө мөнхийн одоо!
Торгон элсийг атгахад
Хуруун салаагаар урсах шиг одоо!
Тунгалаг мөрний цээлд
Тул загас тулбилзан одох шиг одоо!
Сая жилийн тэртээгээс оддын гэгээ урсах
Сансрын уудмыг туулж сүмэн үүлнээ шингэх
Цасан ширхэгт хувилж алган дээр минь будрах
Цацарсан солонго үлдээн шүлэг болон хайлах
Одоо, өнө мөнхийн одоо!
Хутга ханцуйлсан нөхөр
Хаалган дээрээс буцах шиг одоо!
Хүндлэл, итгэлийн ормоор
Хамгийн гүн шарх үлдэх шиг одоо!
Үйлийн үрийг үргэлжлүүлж бяцхан үр мэндлэх
Үнэн, худлыг эргэцүүлж өөрийнхөө дотогш алхах
Үй олон гэдэг өөрийнх нь дотор оршин буйг таних
Үзэн ядах, бишрэн шүтэх угтаа адилхныг ухаарах
Одоо, өнө мөнхийн одоо!
Үхэж буй хүн
Эцсийн амьсгалаа татах шиг одоо!
Үлдэж байгаагийнхаа сэтгэлд
Амьдарч эхлэх шиг одоо!
Цээжинд минь лугших цаг хугацаа
Цагаригласан могой шиг сүүлээ залгина.
Цагийн зүү ирээдүй рүү тэмүүлэвч
Цаг үргэлжид одоог л заана.
Одоо, өнө мөнхийн одоо!
“Болор цом”-ын эзнээр хэн тодорсныг хүлээх зуур Дорнын их найрагч хэмээгддэг, Төрийн шагналт Ц.Бавуудорж, 2004 оны “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал, 40 дэх удаагийн наадмын тэргүүн найрагч М.Амархүү нар шүлгийн дээжээсээ өргөн барив.
Ингээд “Болор цом-42” наадмын эзнээр яруу найрагч А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ тэргүүлж, дэд байрт Л.Торой шалгарав. “Болор цом”-ын эзэн найрагч А.Лхагва “Энэ жилийн наадмын үзэгч, оролцогчид нэлээд залуужсан харагдлаа. Танхим дүүрэн үзэгч ч цуглалаа. Сүүлийн шатанд уншсан шүлэг бол морин хуур нь монгол газар, тэнгэрийн хэл юм хэмээх санааг багтаасан бүтээл юм. Энэ бол биднийг дэлхийн хаана ч таниулах нандин соёл минь. Монгол язгуурын өв соёл бүхэн хэзээ ч арилшгүй тамга юм гэдгийг бүтээлээрээ дамжуулан хэлэхийг зорилоо” гэв.
Наадмын ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн Шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүн, утга зохиол судлаач, доктор, профессор А.Мөнх-Оргил ажиллав. Мөн шүүгчээр Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Л.Эрдэнэбат, утга зохиол судлаач, доктор, профессор Г.Галбаяр, “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Моломжамц нар ажилласан юм.
Энэ удаагийн найрагчдын өнгө төрх, онцлогийг шүүгчид хэрхэн харсан нь сонирхолтой. Энэ тухай Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайханаас тодруулав. Тэрбээр тус наадмыг гурав дахь удаагаа шүүсэн нь энэ аж. “Яруу найргийн үндэсний төв болон Шүүмж судлалын үндэсний төв хамтарч “Болор цом”-ын шүүгчдийн баг, бүрэлдэхүүнийг томилдог уламжлалтай. Энэ жил 200 орчим яруу найрагч 400 гаруй шүлгээ ирүүлсэн. Хүмүүс дор бүрнээ шүүгч байдаг. Наадам дөхөхөөр янз янзын л яриа гардаг. Гэтэл бид дээрээ Янжинлхам бурхан залчхаад дэргэдээ наймаа хийж, дотоод үнэнээсээ урваж болохгүй биз дээ. Ийм үнэлэмж, дотоод үнэнээ эрхэмлэсэн хүмүүсийг л шүүгчээр томилж таарна. Энэ жилийн наадам сайхан болсон тухай үзэгч олны төлөөлөл хэлж байна. Үзэгчдийн сэтгэгдэл бол сонсууштай, анхаарууштай зүйл. Мөд удахгүй “Утгын чимэг” болно” хэмээв.
Түүнчлэн “Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол ах “Яруу найрагчид халуун наранд юу гээд байгаа нь мэдэгдэхгүй жив жив гэх шувуудтай их төстэй улс юм. Анзаараад сонсвол тэнд уянга эгшиг, учрал хайр, уучлал энэрэл, ухаарал гэгээрэл байдаг. Харин сонсож чадахгүй бол тэнд юу ч байдаггүй” гэж хэлсэн нь бий. Яруу найраг хүний дотоод сэтгэл рүү илүү чиглэсэн, чимээлсэн болж байна. Яруу найрагчид маань эх орон, аав ээж, хайр сэтгэл зэрэг нийтлэг сэдвийн дор шүлгээ дуудлаа” гэв.
Ийнхүү эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” яруу найргийн наадам шилдгээ тодруулж, уншигч, уран бүтээлчдийн их гүүр болов. Уг наадам нь зөвхөн шилдэг шүлэг шалгаруулаад зогсохгүй шинэ авьяасыг түгээн дэлгэрүүлэх, уран зохиолын ертөнцийг шинэлэг идеалаар баяжуулдаг хэмээн үзэгчид хэлдэг. Яг л энэ үдэш үзэгчид яруу найргаар амьсгалж, цэнгэж, уярлаа.
Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлэг
МОРИН ХУУРЫН ХЭЛ
Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Энэ хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярна
Тэнгэрийг
Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туйлсан их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг Талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Талын хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон Монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансрыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа.
Д.ХҮСЛЭН