Засгийн газар 2025 оныг “Залуусыг дэмжих жил” хэмээн зарласан. Үүний хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратеги хэрэгжүүлэх гэнэ. Уг стратегийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгажээ. Мөн залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг манай улс 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг төдийлөн нэмэгдүүлээгүй атлаа эрэлтийг огцом өдөөснөөс орон сууцын үнэ эрс нэмэгдээд байна. Түүнчлэн дээрх хөтөлбөр нь зорилтот бүлэгтээ чиглээгүй, зөвхөн орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулжээ. Энэ мэт шалтгаанаар иргэд зээл авах, эсэхээ шийдүүлэхийн тулд хоёр жил гаруйн хугацаанд хүлээх шаардлагатай болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, хуримтлагдсан өргөдлүүдийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахыг сайд Л.Энх-Амгалан мэдээлэв. Тэдгээрийг богино хугацаанд шийдвэрлэнэ гэхээр нийлүүлэлт нь эрэлтээ гүйцдэггүй аж. Тиймээс цаашид урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн банканд зөвхөн орон сууцын урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан хадгаламж бий болгох замаар залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг дурдав.