Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ой маргааш тохиож байна. Хаант ёсыг тайван замаар халан, засгийн эрхийг ард түмэнд өгч, иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон нь энэ үйл явдлын гол утга учир, ач холбогдол байсан юм. Харамсалтай нь, өнөөдрийн монголчууд бүх нийтээр амардаг өдөр гэхээс илүүг тэр бүр мэдэхээ больжээ. Шуугианыг шуугианаар дарах, хоёр гурван өдөр үргэлжлэх маргаан өрнүүлээд мартахын хооронд л бид амьдарч байна. Төрийн байгууллагаас гаргаж буй зарим шийдэл нь судалгаа, тооцоо муутай, иргэдээ бухимдуулахаас хэтрэхгүй. Сүүлийн хэдэн өдөр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвагийн гаргасан “Тусгаар тогтнолын баяраар үндэсний хоол болох битүү шөлөө идье” гэсэн уриалгыг тойрон маргалдаж байна.
Ардчилсан улсад иргэдийнхээ юу идэх, үгүйг төрөөс заадаг болох нь, бүх айл битүү шөл идэх боломж, нөхцөлийг бүрдүүлчхээд ийм зүйл ярь гэх мэтээр иргэд бухимдав. Баяр бүрийг онцлог, үндэсний хоолтой болгох, үүгээрээ дамжуулан соёл, уламжлалаа залууст түгээх “гэгээн” зорилготой уриалга байсан ч хэн, хэзээ, хэрхэн илэрхийлэхээс эхлээд байгаа оносонгүй. Үүний оронд Үндсэн хуультай болсны ач холбогдлыг сонирхолтой аргаар хүүхэд, залууст таниулах талаар ярьсан бол илүү даацтай сонсогдох байлаа.
ҮНДСЭН ХУУЛЬТАЙ БОЛСНООР БИД ЮУ “АВСАН” БЭ
Энэ бол шинэ цагийн баримт бичиг юм. Монгол Улсын анхны Үндсэн хууль нь зургаан бүлэг, 50 зүйлтэй байжээ. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын их хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэсэн байдаг. Энэ нь хоёр их гүрний дунд оршдог жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо тунхагласан маш том алхам байв. Мөн бүгд найрамдах байгуулалд шилжсэн Азийн анхны улс болсон түүхтэй. Хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн бүх эрх мэдэл, газрын дорх баялаг ард түмний мэдэлд байх агуулга эндээс эхэлж, эдүгээ ч хадгалагдаж буй.
Тэгэхээр тусгаар улсын иргэн болж, нийгмийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн маргалдах энэ эрхийг бидэнд анхдугаар Үндсэн хууль олгосон гэж болно. Анхдугаар үндсэн хуулиар манай улс төрийн шинэ тогтолцоог бий болгож, хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал, төрийн санхүү, зээлийн бодлого, орон нутгийн асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ.
20 ЖИЛИЙН ЗАЙГ ОЙРТУУЛСАН НЬ
Цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулж хуулиа өөрчлөх нь зүйн хэрэг. Үүний дагуу Үндсэн хуулийг 1940, 1960 онд шинэчлэн баталсан байна. Улмаар 1992 онд шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталж, улс төр, нийгмийн томоохон өөрчлөлт хийсэн билээ. Үүгээр парламентын засаглалтай, ардчилсан улсаа тунхаглаж, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсныг бид мэднэ. Манай түүхээс ч, бусад улсын жишээнээс ч харахад Үндсэн хуулийг 20 жилд нэг удаа шинэчилдэг жишиг үйлчилж байв. Харин нэмэлт, өөрчлөлтийг цаг үетэйгээ нийцүүлэн хийсээр ирсэн юм билээ. Анхны Үндсэн хууль долоо, 1940 оныход найм, 1960 оны хуульд 13 удаа өөрчлөлт оруулжээ. 20-30 жилийн хугацаанд шүү дээ. Тэгвэл 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд таван удаа “гар хүрчээ”. Үүний гурвыг нь МАН эрх барьсан сүүлийн найман жилд хийсэн юм. Үндсэн хуульд цаг үетэй нийцүүлж өөрчлөлт хийх ёстой ч тогтвортой байх, ойр ойрхон “гар хүрэхгүй” гэсэн зарчим баримталдаг. Гэвч нэг нам үнэмлэхүй олонх болсон үед энэ зарчим алдагдсан байх нь. Хамгийн сүүлд 2023 оны долоодугаар сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоотой, парламент 126 гишүүнтэй болгосон юм. Мөн одоо тус нам үнэмлэхүй биш ч олонх хэвээр байгаа. Тиймээс ойрын хугацаанд Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, эсэх асуудлыг зохицуулна гэсэн мэдээлэл бий. Үндсэн хуулийг цаг үетэй нь нийцүүлж өөрчлөх шаардлага мэдээж гардаг ч нэг нам олонх байх үедээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөөд байвал сөрөг үр дагавар ихтэй. Судлаач Х.Номингэрэл энэ талаар “МАН-ынхан өөрсдийн эрх ашигт нийцүүлэн нэмэлт, өөрчлөлтийг сорчлон оруулдаг. Эсвэл хууль тогтоомжийг ашиглан эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлж, хүний эрхийг зөрчих замаар Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоог ил, далд хэлбэрээр нурааж байна” хэмээн ярьжээ.
Уг хуулийг нийт гишүүний дөрөвний гурвын саналаар баталдаг. Энгийн хууль шиг амархан өөрчлөөд байж болдоггүй, улсын хууль, эрх зүйн эх үндэс учраас тогтвортой байх нь нийгэмд илүү ач холбогдолтой гэж үздэг. Гэвч үнэмлэхүй олонхоор төрийн эрх барьсан он жилүүддээ МАН давуу байдлаа ийнхүү ашиглажээ.
ОЙДОО БАРЬСАН “ГЭНЭТИЙН БЭЛЭГ”
Тусгаар улсаа тунхаглаж, төрийн тогтолцоог өөрчилсөн анхдугаар Үндсэн хууль хувирч, шинэчлэгдсээр өнөөдөртэй золгож байна. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай тогтоолыг УИХ өнгөрсөн жил гаргасан юм. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ахалжээ. Үндсэн хуулиа сурталчлах, ач холбогдлыг нь таниулах, дээдлэх, түгээн дэлгэрүүлэх нь уг ажлын хэсгийнхний үүрэг байв. Тиймээс тэд Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолын төсөл боловсруулсныг өнгөрсөн долоо хоногт УИХ хэлэлцэн батлав. Улмаар төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, түүний үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгалаа.
Үүнийг дэмжиж байна. Гэхдээ төрийн байгууллагууд хоймортоо Үндсэн хуулиа залснаар бүх зүйл сайхан болчихгүй. Уг хуульд тусгасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөө сүүлийн жилүүдэд тодорхой байдлаар хумигдаж буйг бүгд л мэдэж байгаа. Тэгэхээр олж авсан, баталгаажуулсан сайн талуудаа бэхжүүлэх, хадгалахад төр бас анхаарах учиртай. Мөн хууль тогтоогчид өөрсдөө Үндсэн хуулиа ягштал мөрддөг байхаас үнэ цэн, бахархал эхэлнэ. Харамсалтай нь, парламентаас баталсан хуулийн тодорхой заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн тухай гомдол үе үе гарч, Цэцээс ч үүнийг залруулах дүгнэлт гаргасаар иржээ. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн 100 жилийн ойн босгон дээрээ УИХ бас нэг “гэнэтийн бэлэг” барив. 2025 оны төсвийг арваннэгдүгээр сарын 8-нд батлахтай зэрэгцэн УИХ-аас үүнд тодотгол хийх тухай 41 дүгээр тогтоол гаргасан билээ. Ондоо багтаан төсөвт тодотгол хийж оруулж ирэх чиглэлийг үүгээр Засгийн газарт өгсөн юм. Гэтэл Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавихдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөл болсон хэмээн тодотгов. Баасан гаргийн нэгдсэн чуулганы үеэр гишүүд хамтдаа баталсан уг тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тухай шүүн ярьж, зарим нь гэмшиж, нэг хэсэг нь үүнийг боловсруулсан Төсвийн байнгын хорооныхныг буруутгаж байв. Харин УИХ-ын дарга “Өмнө нь 2014, 2015 онд УИХ-аас төсөв баталсны дараа тодотгол хийх тогтоол гаргаж байсан. Хууль зөрчсөн юм шиг ярьж, зарим хүний гар, хөл болж, парламентын нэр хүндийг унагах хэрэггүй” хэмээн ийнхүү “шогширсон” гишүүдээ загнаж харагдана лээ.
Иргэдэд Үндсэн хуулийн талаарх мэдлэг олгох нь зөв. Үүний ач холбогдлыг бага сургуулиас эхлэн түгээн дэлгэрүүлж, ач холбогдлыг нь таниулах ёстой. Гэхдээ одоо сонгогдчихоод буй “шинэ сурагч” болох УИХ-ын зарим гишүүндээ ч энэ талаар сургалт хиймээр байгаа юм. Хууль баталдаг газар нь өөрсдөө Үндсэн хуулиа баттай мөрдөж байж иргэддээ ач холбогдлыг нь таниулах ёстой юм биш үү. Тэгж байж үнэ цэнтэй байна. Төрийн байгууллагууд нь Үндсэн хуулиа хоймортоо залаад байдаг, гэтэл парламент нь түүнийгээ дагаж мөрдөхгүй бол ямар нэг өөрчлөлт гарахгүй.