Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Энэ удаагийн парламентад УИХ-ын гишүүн болсон, хуульч Хүрэлбаатарын Баасанжаргал гэж хэн бэ? Тэрбээр зургаан жилийн өмнө өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулах тухай Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн байгууллагуудад дуу хоолойгоо өргөн, хууль зүйн туслалцаа үзүүлж байв. Улмаар Захиргааны хэргийн шүүхээр Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсныг тогтоолгож чадсанаараа олон улсын Барын холбооны түүхэнд “Про Боно” шагнал хүртсэн анхны монгол эмэгтэй хуульч болсон юм. Х.Баасанжаргал “Наадам, цагаан сар, хурдан морь унах, сунгаанд маш олон хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог асуудалд би дуугарсаар л байх болно” гэсэн юм.
Х.Баасанжаргал нь 2004 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2009 онд СЭЗДС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2019 онд МУИС-ын Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Ажилласан байдал нь 2006 оноос өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, 2009-2011 онд “Сувд партнерс” хууль зүйн фирмд өмгөөлөгч, 2010-2011 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Хуульчийн ёс зүй” хичээлийн сургагч багш, 2011-2013 онд “Легал вэй” хууль зүйн фирмийн ахлах хуульч, өмгөөлөгч, 2013-2019 онд өмгөөллийн “И Эл Си”-ийн гишүүн, ахлах хуульч, өмгөөлөгч, 2020 оноос “Хөгжлийн шийдэл” ТББ-д өмгөөлөл, нөлөөллийн зохицуулагч, 2022 оноос “Хүний эрх-дэвшилтэт бодлогын хүрээлэн” ТББ-ын захирал, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Түүний нэрийн хуудас хүүхэд. “Хүүхэд ажил дээр авчрахыг хориглодог хэр олон төрийн байгууллага байдаг вэ? Хүүхдийн эрхийн зөрчил гэж үүнийг хэлээд байгаа юм. Ордон дотор үр хүүхэдтэй өчнөөн л хүн ажилладаг байлгүй. Арай ч дээ” гэсэн нь нэлээд шуугиан тарьсан. Тэрбээр Төрийн ордонд хүүхдүүдийг чөлөөтэй оруулахгүй байгаа асуудлыг хөндөн, олон нийтэд мэдээлсэн билээ.