Азербайжаны нийслэл Баку хотод энэ сарын 8-22-нд болсон, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал (COP29)-ын үр дүнд дэлхийн 200 гаруй орны удирдагч, төлөөлөгчид “Уур амьсгалын санхүүжилтийн шинэ хамтын зорилт” (NCOG) хэмээх баримт бичгийг хэлэлцэн баталжээ. Ингэснээр улс орнууд хүн амаа болон эдийн засгаа уур амьсгалын гамшгаас хамгаалах, цэвэр эрчим хүчний өсөлтийн үр өгөөжийг хуваалцах хамтын, шинэ зорилттой болов.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зориулж, хөгжиж буй улс орнуудад жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгох зорилтыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын өмнөх хурлаар дэвшүүлж, хэрэгжүүлэхээр зорьж буй. Тэгвэл энэ санхүүжилтийн хэмжээг 2035 он гэхэд гурав дахин нэмэгдүүлж, 300 тэрбум ам.долларт хүргэхээр улс орнуудын удирдагчид санал нэгджээ. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зээл хэлбэрээр олгох санхүүжилтийн хэмжээг 11 жилийн дараачаас 1.3 триллион ам.долларт хүргэх зорилго тавьсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн 28 дугаар бага хурлаар бүх төрлийн чулуужсан түлшнээс татгалзаж, байгальд ээлтэй хэрэглээнд шилжих хэлэлцээрийг хийж, сэргээгдэх эрчим хүчний асуудлыг онцгойлон авч үзсэн. Тэгвэл энэ удаагийн хурлаар нүүрстөрөгчийн зах зээлийн талаар чухалчлан хөнджээ.
Нүүрстөрөгчийн зах зээл буюу хүлэмжийн хийг бууруулж, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн санхүүгийн механизмыг хөгжүүлснээр ойрын 10 жилд агаарын бохирдлыг хоёр дахин бууруулах боломжтой гэж судлаачид тооцож байна. Дэлхийн цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт 2024 онд анх удаа хоёр их наяд ам.доллар давах төлөвтэйг Олон улсын эрчим хүчний агентлаг энэ үеэр танилцуулжээ.
Ж.СУВДМАА