Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-ны өдөр Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 11-р сарын 22-ны 20 цагаас 11-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -24...-29 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14...-19 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2...+7 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -8…-10 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
2024 оны 11-р сарын 24-нөөс 2024 оны 11-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 26, 27-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.