Бүгд найрамдах улсыг тунхагласны ойн энэ өдөр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай. Иргэний андгай өргөх 22 дахь удаагийн ёслол Төрийн ордонд болж, иргэний үнэмлэхээ гардаж буй 870 орчим 16 настай хүүхэд оролцож, үе тэнгийнхнээ төлөөлөн иргэний андгай өргөлөө. Ерөнхий сайд 16 настнуудад хандан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, түүх, соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байхыг уриалсан юм. Энэ жил 62 688 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж буй ажээ. Иргэний андгай өргөх ёслолыг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд Засгийн газраас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ.
Энэ өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон медалиар шагнасан юм. Тухайлбал, “Хүн сарнай” уран нугаралтын төвийн тэргүүн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Түүний Монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлжээ.