Тэд хэдэн арван мянгаараа бий гэж судлаач, шинжээчид үздэг ч гуйлга хийж амь зуудаг хүмүүсийн талаар албан ёсны тоо баримт ер байдаггүй. Гуйлга гуйгчдыг торгодог улс орон цөөнгүй. Тэднийг луйвар хийж, бусдын хүчийг ашиглаж буйнх нь төлөө шоронд суулгах нь зүйтэй гэж үздэг хууль тогтоогчид ч бий. Норвегт ингэж амьдрахыг хориглосон хууль 2005 он хүртэл үйлчилж байжээ. Гуйлга гуйгчидтай Индонез улсын нийслэл Жакарта хотод өвөрмөц аргаар тэмцэж, тэдэнд юм өгсөн хүмүүсийг 5000 ам.доллароор торгодог, эсвэл зургаан сарын хугацаагаар баривчилдаг аж. Гэлээ ч гуйлгачдын тоо цөөрөхгүй байна.
Хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй худалдааны төв, метро, нийтийн тээврийн зогсоол, сүм болон олон хүн холхидог ер хаана ч тааралдана. Эмэгтэйн өвөр дээр сууж буй хүүхэд яагаад уйлахгүй, ямагт унтаж байдгийг, эсвэл мэс засал хийлгэхэд хүрэлцэх хэмжээний мөнгө цуглуулахад хөгшин өвгөнд хэдэн жил ингэж бадар барих хэрэгтэйг сонирхдог хүн тун ховор. Хүмүүс юу ч бодолгүйгээр л мөнгө юм уу, идэх юм өгөөд явчихна.
Хүний эрхийг хамгаалах янз бүрийн байгууллагын тооцоолсноор гуйлга гуйж буй хүмүүсийн 15 хувь нь л тусламж яах аргагүй хэрэгтэй, бусад нь аливаа заль мэхний схемд хамрагдагсад байдаг аж. Ийнхүү олны хөлийн газарт алга тосож суухыг зарим хүн өөрийн санаачилгаар сонгодог бол нэг хэсгийг нь хүмүүс албаддаг байна. Бусдын хүчинд автан гуйлга гуйгчид хүний наймаатай нягт холбогддог. Тэднийг олзолж авахад төвөггүй. Томоохон хотуудын хүн олонтой газраас гуйлга гуйгчид өдөрт хэдэн арван мянган рубль ч олж болно. Гуйлгачдын бүхэл бүтэн давхарга байдаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, “дагинас” (хүүхэдтэй хүүхнүүд), “авдартай хүмүүс” (вокзал дээр суугаад тасалбар авах мөнгө нэхэгчид), “үнэн алдартнууд” (сүмийн үүдэнд байх өвгөд, эмгэд) гэх мэт юм. 2018 оны арваннэгдүгээр сард Оросын Тольятти хотод хөлгүй эрийг гуйлгачин болгож ашиглахаар хоёр хүн хулгайлжээ. Хоёр эмэгтэйг мөн ийм байдалд хүчээр оруулсан хэдэн цагаачийг Москва орчимд хууль сахиулагчид саатуулсан байна. Гуйлга гуйлгах зорилгоор тахир дутуу дөрвөн хүнийг гэртээ саатуулж байсан хоёр хүнийг 2021 оны гуравдугаар сард Подольскод баривчилсан аж. Хорон санаатнууд хөгжлийн бэрхшээлтэй 16 настай хүүг албаар гуйлгачлуулахын тулд их зам дээр аваачиж суулгасан муухай явдал 2022 онд Волгоград мужийн Краснослободск хотод болсон байна. Тэр хүүд эмээгээс нь өөр наашаа гэх хүн байсангүй. Золгүй тохиолдлоор хөөрхий хүүг амиа алдтал тэр хүний үнэргүй амьтад түүнийг ашиглах үйлдлээ үргэлжлүүлсэн аж.
Хөгшдөөр бүхэл бүтэн бүлэг байгуулан гуйранчлуулж багагүй ашиг олсон украин эмэгтэйг “Альтернатива” хөдөлгөөний ажилтнууд 2024 оны дөрөвдүгээр сард илрүүлжээ. Энэ эмэгтэй хөгшдийг Беларусь улсад цыгануудаас худалдаж авсан нь сонирхол татам. Украинаас цагаачилж Орост ирсэн охин, зээ нартай Наталья Бутенко эхлээд өөрөө гуйлга гуйж байснаа сүүлдээ гэмт хэргийн “бизнес-схем” зохион байгуулагч болж хэд хэдэн удаа торгуулжээ. Төрөл садан байхгүй юм уу, байсан ч харж хайхардаггүй, мөнгөөр гачигдаж, орон байргүй болсон хөгшдийг энэхүү Наталья цыгануудаар олуулахаар тохирдог байна. Беларусийн цыганууд ийм хөгшчүүдтэй уулзаж Москвад юм уу, тэр орчимд очиж ажил хийхийг санал болгоно. Биед хөнгөн ажил хийж, дажгүй цалин авна гэж молиго үмхүүлнэ. Ядарсан эрчүүд санхүүгийн байдлаа сайжруулж, хүмүүсийн дунд орж ганцаардлаасаа салж, өөр хотод очиж үзэх хүсэлдээ хөтлөгдөн зөвшөөрнө. Тэдний дотор 40 жил барилгад мужаан хийсэн, Афганистанд байлдаж явсан, хулгайн хэргээр шоронд богино хугацаагаар сууж байсан хүн ч байв. Бүгд тэтгэвэрт гарсан. Төрөл садангуудаасаа хөндийрч, тэдэнтэй хэл ам авалцахаа больсон нь энэ ахмадуудыг нэгдэж нийлэхэд хүргэжээ. Өмгөөлөгч Анастасия Туняевагийн ярьснаар бол украин эмэгтэй өөрөө Москвад амьдарч зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт багтаж, Беларусь дахь зуучдаараа дамжуулан нийгмийн хамгааллаас ангид, мөнгө, орон байр, садан төрөл байхгүй хүмүүсийг олж авдаг байна.
Тэтгэвэрийн хөгшдийг Балашиха хотод аваачиж нэг оромжид толгой хоргодуулаад иргэний үнэмлэхийг нь хураан авчээ. Яваандаа Наталья айлгаж, дарамтлах болсноор барахгүй тэднийг энд авчирч, “ажил, амьдралтай” болгоход зарцуулсан мөнгөө өр гэж хэлээд түүнийгээ ажил хийж төлөхийг шаардах болжээ. Нэг хүнд түүний ам алдсанаас үзвэл “ажилчин” нэг бүрийг нь 60 мянган рублиэр худалдаж авсан аж. Өөрийгөө хууль сахиулагчидтай холбоо сүлбээтэй, аятайхан байхгүй бол эзгүй ойд аваачаад хаячихна гэж заналхийлнэ.
Наталья хөгшчүүдийг байрлуулж буй байранд өөрөө амьдарч байж. Тэднийг дажгүй хооллоно, амьдрах нөхцөл нь ч тийм муу биш, архидах, үймээн шуугиан болох юм байхгүй. Ажлын өдөр 08-9 цагт эхэлж, тэднийг тарааж байрлуулаад 20.00-00.00 цагт дуусна. Тэднийг “ажил”-аа хийж байхдаа хүмүүстэй үг солихыг хориглоно. Хүмүүс юу ч өгсөн байрандаа авчрах ёстой. Энэ байранд оршин суудаг эмэгтэй “Энд олон эр хүн байдгийг үзээд би хөлсний ажилчид юм байх гэж л бодсон. Чимээ шуугиангүй байцгаадаг. Тэд өдөржин эзгүй байдаг” гэж ярьжээ. Гуйлга гуйх “ажил” хийдэг хөгшчүүдийн хэлснээр бол Наталья тэднийг нэг өдөрт 10-15 мянган рубль олж ирэхийг шаардана. Үнэн хэрэгтээ бол тэд өдөрт 6-8 мянган рублиэс илүүг олж чаддаггүй аж. Шаардсан мөнгийг нь авчрахгүй бол амралтын өдөргүй болгоно, бүр скочоор ороосон модон саваагаар зодно гээч. “Ажилчид”-ынх нь ярьснаар түүний саваагаар цохисны ул мөр биеэс нь удаан хугацааны туршид арилахгүй байсан гэнэ. Хөгшид тус бүрдээ сард дунджаар 200 мянган рубль Натальяд олж өгдөг байна. Тэдний дотор “ажлынхаа хөлс”-ийг аваад яваад өгчих бодолтой хүн олон ч эзэн эмэгтэй ийм боломж үл олгоно. Тэгэхдээ архиар дайлах, удахгүй мөнгө өгч явуулна хэмээн хуурч дөнгөнө. Тухайлбал, хэн нэгнийх нь ач охины төрсөн өдрөөр нэг шил архи авч өгөөд охины эрүүл мэндийн төлөө уу гэсэн удаатай. Хараа муутай нэг өвгөнийг “суллаж” явуулсан бөгөөд хагас жилийн хугацаанд хийсэн ажлынх нь хөлс гэж хэдэн зуун мянган рубль өгсөн гэж Наталья ярьсан ч үнэндээ бол хөөрхий өвгөний гар дээр юу ч тавилгүй гаргасан байв. “Амралтын өдөр” гэдэг нь нэрнээс цаашгүй, Натальягийн гэр орныг цэвэрлэж өнжинө. Заримдаа төрөл төрөгсөдтэй нь утсаар яриулахдаа өөрөө дэргэд нь байж, цаад хүмүүс нь эрж хайгаад хүрээд ирэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлж, хөгшин хаана юу хийж байгааг хэлүүлэхгүй.
Наталья лав тэтгэврийн зургаан өвгөнөөр “ажил” хийлгэж байжээ. Өвгөд хоорондоо ч бараг ярихгүй, гагцхүү иргэний үнэмлэхийг нь өгөхийг л хүлээцгээнэ. Тэдний нэгийг нь “ажлаа хийж” байхад нэг эмэгтэй анзаарч ярьж хөөрөөгүйсэн бол украин эмэгтэй энэ бизнесээ хэдий болтол үргэлжлүүлэх байсныг хэн мэдэх вэ. Өөрийн зоргоор гуйлга гуйж суугаа юм биш гэдгээ Виктор Чигунов тэр эмэгтэйд ярьжээ. Уг эмэгтэй тэр даруйд ядарч зүдэрсэн хүмүүст тусалдаг “Альтарнатива” хэмээх хөдөлгөөнийнхөнд дуулгаж орхив. Улмаар уг хөдөлгөөний ажилтнууд газар дээр нь шалгаж үзээд цагдаад ханджээ. Өвгөдийн иргэний үнэмлэхийг нь Наталья өгсөн ч албаар гуйлга гуйлгадаг байснаа үгүйсгэж, харин ч ядарсан хүмүүст тусалж, хооллож, хувцаслан, орон байртай болгосон гэж зүтгээд байжээ. Натальяг баривчилж хорив. Түүнийг “Боолын хөдөлмөр ашигласан” гэсэн хуулийн заалтаар буруутгасан байна. Өвгөд Натальяг хууль сахиулагчидтай холбоо сүлбээтэй гэж үздэгээс, гуйлга гуйсны төлөө хариуцлага хүлээлгэнэ гэж айдгаас өөрсдөө цагдаа нарт хандаж үнэн байдлаа хэлж чаддаггүй байв. Бас хуулийнханд хандвал эзэн эмэгтэй нь эргээд бухаж, тухайлбал, хулгайн хэрэг тохох вий хэмээн өвгөд болгоомжилно. Өвгөд иргэний үнэмлэхээ авч зарим нь эх орон руугаа буцаж, Москвад үлдсэн ганц нэг хүн ч бий аж.