Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан, дараа нь ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллах болсон Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 26-нд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гарган, прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн юм. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнэ эсэргүүцэн, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг тус шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтүвшингийн захирамжийг үндэслэлтэй гэж дүгнэн хэвээр нь үлдээсэн байна.
Д.Түмэндэмбэрэлийг ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүхийн хамтаар 2021 оны наймдугаар сараас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ. Тэд “Яаралтай дархлаажуулалт” нэрийн дор тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Heister biosciences Limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2018-2020 оны хооронд 16 сая тун мялзангийн вакциныг нэг тунг нь 0.093 центээр тооцон шууд гэрээгээр авсан байдаг. Ингэснээрээ 778 000 орчим ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсоноор хоёр тэрбум 78 сая гаруй төгрөгийг дээрх хүмүүс бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгагдаж буй.
Үүнээс гадна охиныхоо нэр дээр орон сууц бэлэн мөнгөөр худалдан аваад түүнийхээ хөрөнгийн эх үүсвэрийг 2018-2020 онд гаргасан ХАСХОМ-тээ тусгалгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн шалгуулсан юм. НПГ-аас Д.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.1-3, 22.10-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бол З.Батсүхэд 18.6-2.2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар тооцон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн наймдугаар сард шилжүүлсэн билээ. Уг нь тэдэнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад өмнө нь нэг удаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шийдвэрлэлгүй, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм. Тус шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хэвээр нь баталснаар Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нарт холбогдох хэрэгт хоёр дахь удаагаа нэмэлт ажиллагаа хийхээр болж байгаа нь эл албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх шийдэх дургүй байна уу гэсэн хардлага төрүүлж байна.