Энэ сарын дундуур Бразилын Рио-де-Жанейро хотноо “Их-20”-ийн ээлжит уулзалт 19 дэх удаагаа болсон билээ. Уг дээд хэмжээний уулзалт тус хотод байх орчин цагийн урлагийн музейд болжээ. Урд жил нь Энэтхэгт болсон уулзалтаар Москва, Бээжингийн байр сууриас шалтгаалж Украин руу Орос довтолсон талаар ярилцаагүй өнгөрсөн юм. Тэд үүний оронд хоёр талыг НҮБ-ын зарчмыг мөрдөхийг уриалсан. Энэ нь Украины урмыг хугалж, Оросын санаанд нийцсэн. Тэгвэл энэ удаа “Их-20” анхаарлаа Украины эсрэг Оросын өдөөсөн дайн хийгээд ядууралд хандуулав. Юуны урьд энэ удаад Украин зарим талаар сэтгэл дундуур байлаа. Ерөнхийлөгч Владимир Зеленский уг уулзалтын дараа Киевт сэтгүүлчидтэй уулзахдаа “Их-20”-ийн уулзалтын үеэр Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва “Украины эсрэг Оросын дайны талаар сул байр суурь баримталснаас Украинд шинэ пуужингаар цохилт өгөх боломж Путинд олгосон. Манай үндэстнүүд, ард түмнүүдийн хооронд хэвийн сайн харилцаа байлгахыг хүсвэл бид түрэмгийлэгчдийг, Путин шиг түрэмгий удирдагчдыг, өнөөгийн Орос орон шиг улсыг дэмжихгүй байх ёстой” гэж хэлжээ. Тэрбээр “Их-20” үлбэгэр байр суурьтай байснаас яг дээд түвшний уулзалтын үеэр Путин ийм үйлдэл хийхээр зориглосон гэж үзсэн байна.
Уулзалтыг зохион байгуулсан Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва төгсгөлийн албан мэдээг яаравчлан батлуулах гэсэн нь шүүмжлэл дагуулав. Энэ хүчин чармайлтыг нь Украин дахь дайнд Оросын гүйцэтгэж буй үүргийн талаар маргаан дэгдээхээс болгоомжилсон үйлдэл гэж тэд үзлээ. “Орос хариуцлага хүлээх ёстойг хэнд ч ойлгогдохоор үгийг “Их-20” уг албан мэдээнд олж хэлээгүй байна гэдэг арай хэтэрсэн явдал” гэж ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц үзжээ. Уг баримт бичгийн агуулгад Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мөн сэтгэл дундуур байж. Түүний агуулга маш тодорхой, онож хэлсэн байх ёстой. Гэхдээ баримт бичигт ямраар илэрхийлсэн байлаа ч Францын байр суурь өөрчлөгдөхгүй гэж тэрбээр хэлжээ. Дипломат эх сурвалжаар бол уг дээд хэмжээний уулзалт төгсгөлийн баримт бичгээ батлахгүйгээр өндөрлөх эрсдэлээс зайлсхийх үүднээс албан мэдээг олон нийтэд яаравчлан хүргэх шийдвэрт хүрч чадсан байна. Харин дайнд Оросын гүйцэтгэж буй үүргийн талаарх тодорхойлолтод тохирсон, сэртхийлгэм хүчтэй үг хэрэглэхийг Европын орнуудад уриалсан ч энэ хүсэлтэд хариу өгсөнгүй. “Их-20”-ийн уулзалтын талаарх мэдэгдлийн агуулгын эргэн тойронд өрнөсөн санал зөрөлдөөн өөрчлөгдөж буй геополитикийн бодит байдлын тусгал болохыг Шольц тэмдэглээд, “Геополитик гээч юм “Их-20”-д хэрхэн хүчтэй нөлөөлөх нь тодорхой болж байна” гэж дүгнэв. Ихээхэн хүчин чармайлт гаргасан яриа хэлэлцээрийн үр дүн болж төгсгөлийн баримт бичиг гаргадаг уламжлалаа хадгалж үлдэх нь чухал байсан гэдгээр Бразилын тал өөрсдийн үйлдлээ зөвтгөсөн байна. Баримт бичгийн агуулгыг дахин эргэж харах нь яриа хөөрөөний үр дүнд сөргөөр нөлөөлөхөөс бид болгоомжилсон хэмээн Бразилын төрийн нэг түшмэл мэдэгджээ. Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига “Украины оролцоогүйгээр Украины тухай юу ч ярихгүй байх” зарчмыг дээд хэмжээний уулзалтын өмнө сануулж байж.
Дээд хэмжээний уулзалтад оролцсон Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Украин дахь зөрчилдөөнийг зохицуулах өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байв. Донбассын зүүн нутагт цэрэггүй бүс байгуулж, олон улсын хүчнийг тэнд байршуулахаар уг төлөвлөгөөнд тусгасан байв. Энэ үедээ Украинд цэргийн тусламж үзүүлэхээ үргэлжлүүлж, Путинд буулт хийж Украиныг НАТО-д элсэх асуудлыг хэлэлцэхийг наад зах нь 10 жилээр ухраах аж. Ийм саналыг хүлээж авах нь Украинд хэцүү ч үүнийг илүү бодитой хандлага гэж үзжээ. Юуны урьд галыг тууштай зогсооход илүүтэй анхаарч, газар нутгийн тухай ярилцахыг азнах нь зүйтэй гэж туркчүүд үзэж байв. Трампын зуучлалаар Украин, Оросын хооронд энхийн хэлэлцээр хийхийн тулд Киевийг эзлэгдсэн нутаг дэвсгэрээ эргүүлэн авч, хариуд нь Крымээс татгалзах хэрэгтэй гэж CNN агентлагаас мэдээлж байсан юм. Тэгвэл Эрдоганы энэ саналд Крымль хэрхэн хандаж буйг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “Зөрчил, тэмцлийг фронтын одоогийн шугамаар царцаахыг Орос хүлээн авахгүй, харин зургаадугаар сард Владимир Путины томьёолсноор Украины цэргийг Донбассаас гаргаж, Киев НАТО-д элсэхээс татгалзсан нөхцөлд яриа хэлэлцээр хийж болох юм” гэж мэдэгдсэн билээ.
Уулзалтад оролцогчдын анхаарлыг “Өлсгөлөн, гуйланчлалын эсрэг эвсэл” байгуулах асуудалд татахыг Бразилын Ерөнхийлөгч ихээхэн чухалчлав. Тэрбээр “Унтахаар хэвтэхдээ маргааш ам руугаа хийчих юм олдох, эсэхэд эргэлзсээр байгаа энэ дэлхийн 733 сая хүн, хүүхдүүдэд “өнөөдөр алга байна, маргааш бий болно” гэж хэлэхийг би хүсэж байна” гэж хэлсэн байдаг. “Их-20”-ийн санааг зовоож буй бас нэг асуудал нь уур амьсгалын өөрчлөлт юм. Энэ уулзалт Азербайжанд уур амьсгалын асуудлаар болсон НҮБ-ын СОР29 бага хуралтай давхацсан. Азербайжанд болсон энэ бага хурал шилжилтийн эдийн засагтай орнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэх асуудлаар мухардалд орсон юм. Бразилын дипломатчдын баримтаас үзвэл, Хятад болон хөгжиж буй орнууд цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд зарцуулах хөрөнгөө нэм гэсэн Өрнөдийн чинээлэг орнуудын шахалт дарамтад нааштай хариулт өгөхөд бэлэн бус байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад бас оролцсонгүй, Оросыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөллөө. Олон улсын эрүүгийн шүүхээс өөрийг нь баривчлах шийдвэр гаргаснаас үүдэн дээд хэмжээний уулзалтад саад хийхийг хүсээгүй хэмээн Путин өөрийн шийдвэрээ тайлбарлажээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Путиныг энэ уулзалтад урихыг Зеленский Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагаас хичээнгүйлэн хүссэн ч уг хүсэлтийг хайхарсангүй.
Энэ дээд хэмжээний уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд сүүлчийнх болсон бол Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум, Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү нар анх удаагаа оролцлоо.
Тодруулга: 1999 оны арванхоёрдугаар сарын 15-16-нд Берлин хотноо болсон АНУ, Канад, Британи, ХБНГУ, Франц, Итали, Японы Сангийн сайд нарын бага хурлаас гаргасан санаачилгаар “Их-20”-ийн суурь тавигджээ. 1997-1998 онд Азид дэгдэж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн санхүүгийн хямрал ийм санаачилга гаргах шалтгаан болсон байна. Энэ мэт далайцтай үйл явдалд хөгжингүй, томоохон орнуудыг татаж оруулах нь энэ бүлгийн гол зорилго байв.
Өнөө цагт уг бүлгийн үйл ажиллагаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн хямрал үүсэх эрсдэлийг багасгаж, тогтвортой өсөх нөхцөлийг бий болгон, дэлхийн санхүүгийн бүтцийг шинэчлэхэд чиглэж байна. Одоо тус бүлэгт Австрали, Бразил, Энэтхэг, Индонез, Хятад, БНСУ, Мексик, Орос, Саудын Араб, Турк, ӨАБНУ болон Европын Холбоо багтсан байна.
Дэлхийн банкны баримтаар “Их-20”-ийн орнуудад дэлхийн хүн амын 64, ДНБ-ий 80 хувь ногдож буй юм. Даргалагч орныг дээд хэмжээний уулзалтаас нэг жилийн хугацаагаар сонгодог. Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь эхний үед Сангийн сайд, Төвбанкны тэргүүний түвшинд хийдэг бага хурал байсан бол 2008 оноос төр засгийн тэргүүний хэмжээнд хийснээр хэлбэр, далайц нь өөрчлөгджээ. Дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа, сайд нарын зөвлөгөөн хэд хэдэн болно. “Их-20”-ийн гол уулзалтад НҮБ, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын удирдагчид оролцдог. Түүнээс гадна даргалагч орон зочдыг урьдаг. Тухайлбал, энэ онд Ангол, Египет, Лаос, Норвег, Нигери, Парагвай, Португал, Сингапур, Испани, Уругвай, Арабын Нэгдсэн Эмират улсыг урьжээ.