БНХАУ-ын Шямэнь хотноо зохин байгуулсан дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс С.Тулга дасгалжуулагчтай Монголын баг хүрэл медаль хүртэв.
Манай улсын шигшээ эхний тоглолтоо Эквадорын багтай хийж, 21:16 оноогоор хожжээ. Үүний дараа Угандагийн багийг 21:13 оноогоор ялснаар хэсгээ тэргүүлсэн байна. Улмаар хагас шигшээд БНХАУ-ын Хуачиа их сургуулийн багийг 21:13 оноогоор ялжээ. Тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ-ын багтай учраа таарч, 22:19 харьцаатайгаар илүүрхсэн юм. Дараагийн шатанд Литви болон Францын багт дийлдсэнээр хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр манай улсын баг 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний иж бүрэн медальтай болж буй.
Монголын багийн бүрэлдэхүүнд Гавьяат дасгалжуулагч С.Тулга, тамирчин А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар багтжээ. Оюутны аварга шалгаруулах тус тэмцээнд тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэйчүүдийн шилдэг 12 баг өрсөлдсөн гэнэ. Манай улсын шигшээ баг өнгөрсөн зургаадугаар сард тус улсын Зоушан хотод зохион байгуулсан Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм.
У.ЦЭЦЭГСҮРЭН