Монголд дохионы хэлний анхны цахим толь бичгийг гаргажээ. Энэхүү толь бичгийг 21 аймагт хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан бүтээжээ. Ингэхдээ хэрэглэгчдэд хялбар, түргэн, ойлгомжтой байхаар хийсэн бөгөөд төлбөргүй ашиглах боломжтой гэнэ. Эл цахим толь бичгийг ашиглалтад оруулснаар сонсголгүй иргэдийн нийгмийн идэвх, тэгш оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм байна.
Мөн монгол дохионы хэлний адилслыг бэхжүүлэх, баримтжуулах, хэл зүйн дүрмийг цахим хэлбэрээр хадгалж, хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ. Дохионы хэлний толь бичгийг https://mnsl.mn/ цахим хуудсанд хандан ашиглах боломжтой аж. Монгол дохионы хэлний судлаачид хоёр баг болж, дөрвөн жилийн хугацаанд нийт 24 442 км зам туулан, 21 аймаг, есөн дүүргийн 18-аас дээш насны 90 сонсголгүй иргэний төлөөлөлтэй уулзан, ярилцлагын аргаар өгөгдлөө цуглуулсан гэнэ. Судалгаанд оролцогчдын 77 нь сонсголгүй, 13 нь сул сонсголтой байж.