Израиль болон Ливаны “Хезболла” хөдөлгөөний хооронд гал зогсоох хэлэлцээр мягмар гарагаас хүчин төгөлдөр болов. Энэ тухай BBC мэдээллээ
Тулаан даваа гарагийн шөнө дөл болтол үргэлжилжээ. "Хезболла"-гийн дайчид Тель-Авив дахь цэргийн объектууд руу нисгэгчгүй дроноор дайрсан мэдэгдсэн бөгөөд Израилийн арми Бейрутын зарим хэсгийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ.
Эвлэрэл эхлэхээс нэг цагийн өмнө Ливаны нийслэл Бейрутын өмнөд захад агаарын хүчтэй цохилт өгсөн гэж тус агентлагийн сурвалжлагчид мэдээлэв.
Эвлэрлийн баримт бичигт тусгаснаар Ливаны арми НҮБ-ын түр хүчний дэмжлэгтэйгээр өмнөд хил дагуух бүс нутгуудад үе шаттайгаар хяналт тавих бол Израиль хоёр сарын дотор Ливаны өмнөд нутгаас цэргээ татах юм.
Өмнө нь Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үндэсний зурагтаар үг хэлэхдээ, эвлэрлийн хэлэлцээрийн үргэлжлэх хугацаа нь “Хезболла”-гийн үйл ажиллагаанаас шалтгаална, хэрвээ тус бүлэглэл дахин зэвсэглэхийг оролдвол энэ нь гэрээг зөрчсөн гэж үзнэ хэмээн мэдэгджээ.
Тэрээр мөн Израилийн цэргийн хүчин чармайлтын ачаар "Хезболла"-г "хэдэн арван жилээр" хойш нь татсан гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн мэдэгдэл хийж, тохиролцоонд Вашингтоны санаачилгаар хүрсэн гэв.
Израйль энэ оны есдүгээр сарын сүүлчээр Ливан дахь “Хезболла”-гийн дэд бүтцийг устгах цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Ливанд амиа алдагсдын тоо 3823-д хүрч, 15859 энгийн иргэн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны шуурхай ажиллагааны төвийн тайланд дурдсан байна.