Ази тивийн хамгийн том, мэргэжлийн аялал жуулчлалын арга хэмжээнд тооцогддог Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр Шанхай хотод эхэлж, гурван өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнд өмнөд хөршийн 31 муж, өөртөө засах орон, төв Засгийн газрын харьяа хотын захиргаа, соёл, аялал жуулчлал, агаарын тээвэр, зочлох үйлчилгээний салбарын байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй бол дэлхийн 100 орны төлөөлөл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаагийн нэг нь Монгол юм.
Манай улсыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны төлөөлөл болон Хятад зах зээлийн салбар холбооны гишүүн байгууллагууд үзэсгэлэнд оролцож байна. Тэд 54 ам метр талбайд байршиж, олон улсын жуулчид, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг танилцуулах юм.