АНУ-ын Охайо мужид жил бүр болдог “Mark J.Braun fall classic-2024” олон улсын тэмцээнд “Сэлэм загас” клубийн тамирчин, ОУХМ Э.Эрхэс 16 болон түүнээс дээш насныхны ангилалд оролцжээ. Ингэхдээ тэрбээр хувийн тав, багийн хоёр гараанд уралдаж I, II, III байрт тус бүр шалгарсан байна. 100, 200 метрийн араар даллах, 200 метрийн холимог, 100 метрийн мэлхий, 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр A ангиллын болзол хангав. Усан спорттой холбоотой өөр мэдээ дуулгахад, Орхон аймгийн “Хангарьд” клубийн нэрэмжит ес дэх удаагийн сонирхогчдын усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд найман багийн 70 гаруй тамирчин өрсөлдлөө. Багийн дүнгээр “Encanto” клубийнхэн түрүүлж, “Хангарьд”-ын сэлэгчид мөнгө, Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвийнхөн хүрэл медаль хүртэв.
Сонирхуулахад, Азийн олимпын зөвлөлөөс дасгалжуулагч, шүүгчдийн эл спортод оруулж буй хувь нэмрийг үнэлэх, ур чадвар, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Малайзын Куала-Лумпурт энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх сургалт семинарт дасгалжуулагчдаас Э.Хулан, шүүгчдээс Д.Тэмүүлэн нар хамрагдаж байна.