Амралтын өдрүүдэд юу үзэж болох вэ. Ийм эрэл хайгуул хийж буй хүмүүст зориулсан товчхон мэдээлэл хүргэе. Мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудаас Улсын драмын эрдмийн театрынхан “Тэнгэрийн хүү” жүжгээ үргэлжлүүлэн үзэгчдэд хүргэсээр байна. Дуурь бүжгийн эрдмийн театрынхны тухайд энэ долоо хоногт засварын ажилтай тул тоглолтоо түр завсарлах нь. Улсын филармонийнхон хуучны дуунуудаас бүрдүүлсэн, сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг хүргэх “Retro swing” тоглолтоо өнөөдөр хийх аж. “Улаанбаатар” театрын үндэсний хөгжмийн “Хангарди” найрлын тоглолтыг маргааш зохион байгуулахаар төлөвлөжээ.
МУЗЕЙН ТАЙЛБАРТ АЯЛАЛД ОРОЛЦООРОЙ
“Чингис хаан” үндэсний музейн Монголын эртний төрт улсуудын танхимд “Хүннү өв” сэдэвчилсэн тайлбарт аяллыг өнөөдөр 14.30 цагт зохион байгуулах аж. Музейн эрдэм шинжилгээний ажилтнууд энэ үеэр Хүннүгийн эзэнт улсын тухай товч түүх, тэдгээрт холбогдох археологийн дурсгалуудыг танилцуулна. Аялалд оролцогчид мөн Хүннүгийн төрийн ба язгууртнуудын сүлд, бэлгэ тэмдгүүдийг үзэх боломжтой. Түүнчлэн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд “Хүннүгийн эзэнт улсын дурсгал төрт улсын тогтолцоотой хэрхэн холбогддог бэ” сэдвээр лекц унших гэнэ.
ЁОЧИНЧИЙН “ХҮҮРНЭЛ”
Ёочинч Н.Шүрэнцэцэг “Галт шувуу” тоглолтоо толилуулна. Үндэсний урлагийн их театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин тэрбээр анхны бие даасан “Ёочингийн эгшиг” тоглолтоо 2009 онд хийж байжээ. Ёочин хөгжмийн эгшиг, ёочинчийн “хүүрнэл”-ийг Үндэсний урлагийн их театрт өнөөдөр 19.00 цагаас сонордох боломжтой. Тоглолтод Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, “Piano” симфони найрал хөгжим, ятгачин Г.Солонго, төгөлдөр хуурч Г.Уугандэлгэр нарын уран бүтээлч оролцоно.
“ГОЁЛ” НААДМЫГ 37 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛНА
37 дахь удаагийн “Гоёл” наадмын гала шоу маргааш 16.00 цагт “Шангри-Ла”-д эхэлнэ. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам найман цаг үргэлжлэх аж. Уламжлал ёсоор шилдэг дизайнеруудын бүтээлийг энэ үеэр толилуулахаараа онцлогтой. Мөн шилдэг загвар зохион бүтээгч, топ моделийг тодруулна. Үүнээс гадна 10 төрөлд шилдэг дизайнер, загвар өмсөгч нарыг шалгаруулж, хувцас загварын салбарынхан энэ оны ажлаа дүгнэх юм.
МОРИН ХУУРТ ДУРЛАГСАД ЧУУЛАХ НЬ
Морин хуур сонирхогч болон мэргэжлийн уран бүтээлчдийн “Хөг тэгширлээ” цугларалт дөрөв дэх удаагаа болно. “Хөг-Жим” сангаас зохион байгуулдаг уг арга хэмжээ “Light event hall”-д болох бөгөөд хоёр цаг үргэлжлэх нь. Энэ нь морин хуурт дуртай хүн бүхэнд нээлттэй. “Хөг тэгширлээ”-гийн үеэр морин хуурчдын тоглолт, мэргэжлийн хөгжимчдийн зөвлөгөө, ярилцлагатай юм байна. Мөн шинэ, залуу хөгжимчдийг таниулах “Open mic” арга хэмжээ зохион байгуулах аж.
ХҮҮХЭЛДЭЙН ГУРВАН ЖҮЖИГ ТОГЛОХООР ТОВЛОЖЭЭ
Хүүхэлдэйн театрынхан энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд багачуудад зориулсан гурван жүжгээ толилуулах нь. Тухайлбал, “Нугасны муухай дэгдээхэй” хүүхэлдэйн жүжгийг маргааш 11.00 цагт тоглоно. Нөгөөдөр “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр” хүүхэлдэйн жүжгийг 11.00 цагт бяцхан үзэгчдэд хүргэхээр товложээ. Түүнчлэн “Лусын хааны охид” хүүхэлдэйн жүжгээ энэ сарын 23, 24-нд 14.00 цагт тоглох юм байна. Эл бүтээлийг зургаагаас дээш насныханд зориулжээ. Нөгөө хоёр бүтээлийг дөрвөөс дээш насныхан үзэж болох гэнэ.