Бүхэл бүтэн эмнэлэг барихыг битгий хэл, ор ч хүлээх тэнхэлгүй, хүнд өвчтэй хүн Монголд олон. Тэдний нэг хэсэг нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс билээ. Тэгвэл ийм оноштой өвчтөнүүдийг бүрэн оношилж, эмчлэх төв барина гэж сайд, дарга нар хэдэн ч Засгийн газрын үед шоудав. Гэтэл одоо болтол суурийг нь ч бүрэн цутгаагүй л байна. Эрхтэн шилжүүлэн суулгах төв нэртэй тасгийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн “бөөр”-нд олон ч жил ажиллуулсан. Эдүгээ эмч нар ачааллаа дийлэхгүйд хүрч, өдөр, шөнөгүй “махийсаар”, өвчтэй хүмүүс нь дарааллаа хүлээсээр тэсэлгүй нас бардаг эмгэнэлт тавилантай болжээ.
“Засгийн газар 2021 онд түүхэндээ анх удаа эрүүл мэндийн салбарт нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэж эрх баригчид тухайн үед “попорч” л байсан. Гэтэл нэн шаардлагатай эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөө суурийг ч тэр үед цутгачихаагүй шүү дээ. 10 жилийн өмнө буюу 2014 оны улсын төсөвт УНТЭ-ийн дэргэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барихаар тусгаж байв. Гэтэл шаардлагатай санхүүжилтийг төсвөөс өгөхгүй байсаар өнөөдөртэй золгууллаа. Төвийн нийт төсөвт өртөг 140 тэрбум төгрөг. Ийм хэмжээний мөнгийг өнгөрсөн хугацаанд төр засгаас даах чадамжгүй байсан гэвэл худлаа. Энэ байтугай мөнгийг эрх баригчид гарынхаа салаагаар урсгадгийг бид зөндөө л харсан.
Ямартай ч арван жил “дуншсан” төвийн барилгын ажлыг сар гаруйн өмнөөс эхлүүлээд буй. Бас л энэ оны эхээр суурийг нь цутгах төлөвлөгөөтэйгөөр төсөвт 40 тэрбум төгрөг тусгуулсан байдаг. Тендерийг ч эхний улиралд зарласан. Гэтэл он шувтарч, барилгын улирал дуусахтай зэрэгцэн ажлаа ийн эхлүүлдэг нь манайхны гэм биш, зан болжээ, хөөрхий. Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй дарга нар эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бариагүй “барилга”-ын ажилтай танилцсан билээ. Энэ үеэр сайд, дарга нар хэвлэлээр дамжуулан мөн л олон нийтэд баахан амлалт өгч, мөрөөдлөө ярьж, сонгуулийн пиараа хийгээд буцсан. Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг 2026 онд ашиглалтад оруулна гэсэн эрх баригчдын амлалт, эмчилгээний, техникийн дэвшилтэт технологиуд нэвтрүүлэх зорилтууд нь хэвлэлүүдийн хуудсанд текстээр, дүрстэй, дуутайгаа архивлагдсаныг мартаж болохгүй. Цас оруут барилгын ажил нь зогсож, албаныхан ч энэ сэдвийг ирэх жил хүртэл сөхөхгүй биз.
Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг зураг төслийнх нь дагуу, дээрх хугацаанд барьж, ашиглалтад оруулж чадвал өвчтэй хүмүүсийн “нар гарлаа” л гэсэн үг. Тус төвийг УНТЭ-ийн зүүн жигүүрийн, амбулаторийн арын талбайд барьж буй. Өмнө нь энэ газарт эмнэлгийн өргөтгөл байсан аж. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гэсэн актыг 2010 онд тогтоосны дагуу нураасан юм билээ. Саяхныг хүртэл эл газрыг автомашины зогсоолоор ашиглаж байгаад
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг энд барьж эхэлсэн гэсэн үг. Гэхдээ одоо ч суурийг нь бүрэн цутгаагүй, газрыг бүрэн чөлөөлөөгүй байна. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг найман давхар, 120 ортой, 18 мянган ам метр талбайтай байхаар “зуржээ”. Үүний дагуу баривал мэс заслын 15 өрөөтэй, мөн дүрс оношилгооны төвтэй байх аж. Барилгын ажлыг “Магнус сентурион констракшн” ХХК гүйцэтгэж байна. Дээр хэлсэнчлэн 2026 онд ашиглалтад оруулах төвийн барилга, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээний тоног төхөөрөмжид нийт 140 тэрбум төгрөг төсөвлөөд буй. Үүнээс энэ онд 40, ирэх оны төсөвт 49 тэрбумыг тусгуулжээ. Тодотголоор эцэслэн шийдэгдэх гэнэ.
Өдгөө манайд элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай 600 гаруй хүн бүртгэлтэй, жагсаалтаар дарааллаа хүлээж байгааг эмч нар хэлсэн. Энэхүү төвийг ашиглалтад оруулснаар тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, идэвхтэй, удаан амьдрахад нь туслахад чухал ач холбогдолтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын суурьтай танилцах үеэрээ “Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт төдийгүй улсын эдийн засагт валютын нөөцөө хадгалахад тустай” гэсэн бол Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг дангаараа хийж ирсэн. Энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага цаашид ч улам нэмэгдэнэ. Төвийг ашиглалтад оруулснаар уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийх боломж бүрдэнэ” хэмээн олон нийтэд мэдээлсэн юм.
Уушги, зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх ч яах вэ. Эхний ээлжид ямартай ч энэ төвийг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулахыг л иргэд хүсэж байна. Өвчтэй хүмүүс эрх баригчдын гоё ганган үг, технологийн дэвшил энэ тэрийг ойлгохгүй. Тэдэнд өнөө, маргаашгүй хэрэгтэй байгаа эмчилгээг нь хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэхийг л алгаа хавсран хүлээж буй. Тэгээд ч эрүүл мэндийн хөгжингүй системтэй дэлхийн цөөн оронд зүрх шилжүүлэн суулгадгийг Т.Мөнхсайхан салбарын сайд, бас эмч хүний хувьд эрхбиш гадарлах байлгүй дээ. Одоогоор барууны орнуудаас АНУ, Британи, Герман, Франц, Испани зэрэг, Ази тивд Япон, БНСУ-аас өөр зүрх шилжүүлэн суулгах эмчилгээг хийх технологийн чадамж болон хүний нөөцтэй улс байхгүй. Жишээ нь, Испани донорын тогтолцоогоо сайн хөгжүүлсэн учраас уг эмчилгээний тоогоороо Европт тэргүүлэгч билээ. Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн том асуудал бол донор эрхтний олдоц юм. Хүн хэдий энэрэнгүй ч гэлээ өөр нэгэнд зүрхээ өгөх боломжгүй. Манайд гэхэд л тархины үхэлтэй доноруудын эрхтнийг эмчилгээнд ашиглах боломж хомс. Гэх мэтчилэн эрх баригчид биелшгүй зүүдээ ярьж “попорч” байхаар элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээнийхээ өнөөгийн хэрэгцээ, ирээдүйн эрэлтийг одоогоос хангах шаардлагатай байна.
УНТЭ-ийнхэн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг ашиглалтад оруулснаар эсийн эмчилгээг нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэнэ гэдгийг хэлсэн. Тэд элэг, бөөнийхөөс гадна эхний ээлжид нүдний эвэрлэг, нойр булчирхай шилжүүлэн суулгах технологийг нутагшуулж, иргэдийг эдгээр эмчилгээг 10-50 дахин бага зардлаар эх орондоо хийлгэх нөхцөлийг бүрдүүлнэ гэв. Цаашлаад Монголд эмчлэх боломжгүй өвчнийг 10 хувиар цөөрүүлэх, мөн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай өвчтөнүүдийг одоогийнхоос хоёр дахин их хүчин чадлаар эмчилж, хянах боломж бүрдүүлэх аж.
Монголд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд бөөрнийхөөр эхлүүлэн, 2011 онд элэгний хагалгаагаар үргэлжлүүлж, 2014 оноос үүдэл эс, ясны чөмөг “шилжүүлдэг” болсон билээ. УНТЭ-ийнхэн өчигдрийн байдлаар 287 дахь хүнд элэг, 375 дахь өвчтөнд бөөр шилжүүлэн суулгаад буйгаа хэлсэн. Мөн 40 орчим хүнд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Нарийн төвөгтэй эдгээр эмчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах ажлын хүрээнд насанд хүрэгчдэд элэг шилжүүлэн суулгах зарим мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвд, энэ төрлийн хүүхдийн хагалгааг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийдэг болсон. Хавдар судлалын үндэсний төвийнхөн уг эмчилгээг нэвтрүүлснээс хойш 170 гаруй хүнд мэс засал хийснээ хэлсэн. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг болсон гэхчлэн эмчилгээний хүртээмж нэг үеэ бодвол сайжирч байгаа аж. Гэхдээ эдгээр нь эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүний тоон өсөлт, өвчлөлийн тархалтыг гүйцэхгүй байгааг эмч нар учирласаар буй. Тодруулбал, одоогийн энэхүү боломж нөөцөөр цаашид явбал эрхтэн шилжүүлэн суулгуулах заалттай 600 гаруй хүн дарааллаа хүлээхгүйгээр нүд аньж ч мэдэхээр эрсдэлтэй нөхцөлд байна. Ийм оноштой гадаадад эмчлүүлж буй болон тийш явахаар төлөвлөсөн хүний тоо энд багтаагүй. Хэрэв Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг хугацаанд нь ашиглалтад оруулчихвал дээрх салангид эмчилгээнүүдийг нэгтгэх замаар хүлээгдэл, чирэгдлийг бууруулахаар төлөвлөснийг дахин сануулъя.