БНХАУ-ын Шямэнь хотноо 2024 оны 11 сарын 22-24-нд болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 12 шилдэг баг тив тус бүрээсээ шалгаран оролцлоо. Монголын баг нь өнгөрсөн 6 дугаар сард БНХАУ-ын Зоушан хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон 16 багаас шигшээ тоглолтод шалгаран, мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргад ийнхүү оролцох эрхээ авсан.
Монголын баг энэ удаагийн тэмцээний эхнийхээ тоглолтыг Экватор Улсын багтай хийж 21:16 оноогоор хожсон ба Уганда Улсын багийг 21:13 оноогоор хожиж, талбайн эзэн БНХАУ-ын Хуачиа их сургуулийн багийг 21:13 оноогоор илүүрхэн, олон зуун хөгжөөн дэмжигчдийн нь өмнө илүүрхэн хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Энэхүү их сургуулийн кампуст оюутны ДАШТ болсон юм.
Монголын “Мон-Алтиус” дээд сургуулийн баг нь хүрэл медалийн төлөө тоглолтоо маш сайн гүйцэтгэн, БНХАУ-ын хүчтэй 1 дүгээр багтай сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлэн эцсийн мөчид 22:19 оноогоор хожлоо. Ийнхүү Оюутны дэлхийн аваргад Монголын баг нь зөвхөн энэ тэмцээний шигшээд тоглосон Литви, Франц улсын багуудад хожигдон, тэдний дараагаар хүрэл медалийг гардан авлаа.
Монголын багийн бүрэлдхүүнд Гавьяат дасгалжуулагч С. Тулга, тамирчин А. Батхуяг, Б. Алтангэрэл, У. Чингүүн, Л. Авирмэд нарын 4 шилдэг оюутан оролцсон. Монгол Улсын баг нь энэхүү оюутны ДАШТ-д тогтмол Ази тивээс шалгаран оролцдог баг бөгөөд 2017 оны тус тэмцээний аварга, 2018 оны энэ тэмцээний мөнгөн медальт баг юм.
Энэ оны тэмцээнээс ийнхүү хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн оюутны ДАШТ-ий иж бүрэн медальтай боллоо. Монголын баг 2024 оны оюутны ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивээсээ нэгдүгээр байраар шалгарсан шилдэг оюутны багийн хувьд 2025 оны 7 сард болох Германы “Рейн Рур”-ын зуны дэлхийн XXXII Универсиад наадамд уригдан орох 12 багийн тоонд орж, эрхийн бичгийг хүлээн авч, амжилт сайтай оролцоод ирлээ.