Дэлхийн томоохон банкуудын нэг болох Bank of China банкны ТУЗ-ийн дарга, намын хорооны нарийн бичгийн дарга асан Лю Лянжэг хээл хахууль авсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноолоо гэж БНХАУ-ын Дээд Прокурорын газраас мэдээллээ.
“Шандун мужийн Жинан хотын Дунд шатны адын шүүх Bank of China банкны ТУЗ-ийн дарга асан Лю Лянжэд хээл хахууль авсан хэргээр <...> цаазаар авах ял оноолоо. Ялыг хоёр жил хойшлуулах боломжийг олгож, бүх насаар нь улс төрийн эрхийг хасч, хувийн бүх өмчийг нь хураахаар тогтов” гэж прокурорын газрын цахим хуудсанд бичжээ.
Лю Лянже 121 сая юань буюу 16,8 сая доллартай тэнцэх мөнгийг хахууль хэлбэрээр авсан гэж мэдэгдэлд дурдсан байна.
Bank of China нь тус улсын хамгийн эртний банк бөгөөд Хятадын "Дөрвөн том" банкуудын нэг юм.
Сүүлийн саруудад Хятадад хэд хэдэн банкны өндөр албан тушаалтнууд хахуулийн хэргээр шалгагдан янз бүрийн ял авааг байаа юм.
Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард Хятадын Ардын банкны дэд дарга асан Фан Ифэйд цаазын ял оноожээ. Аравдугаар сарын сүүлчээр Хятадын Хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч асан Ван Юншен хахууль авсан хэргээр 12 жилийн хорих ял авсан бол арваннэгдүгээр сарын эхээр тус банкны өөр нэг дэд ерөнхийлөгч асан Жоу Чиню мөн л авлигын хэргээр 15 жилийн хорих ял сонссон байна. Хятадын Аж үйлдвэр, худалдааны банкны (ICBC) дэд дарга асан Жан Хунлигийн авлигын хэргийн шүүх хурал явагдаж байгаа. Мөн Хятадын гурав дахь том банк болох Хөдөө аж ахуйн банкны дэд дарга асан Лоу Вэнлун намаасаа хөөгдөж, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа аж.