Богд Зонховын их дүйчэн буюу зулын 25-ны өдөр өнөөдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийнхэн Богд Зонховын сургаал айлдах гэж буй талаараа мэдээллээ. Тухайлбал, “Тэтгэн ариусгах санваар” хэмээх номыг эл өдөр тус хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж айлдах юм байна.
Мөн “Богд Зонховагийн чога”, “Сандуйн чога”, зулын 25-ны ёслол, гал тахих зан үйл зэргийг зохион байгуулах аж. Энэ талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийнхэн “Амар амгалан, гэгээрэлд хүрэх бүхий л арга замыг заасан бурхан багшийн сургаал номлолыг их хөлгөн, бага хөлгөн, судрын ёс, тарнийн ёс гэж ангилдаг. Эдгээр сургаал номлолыг бүрэн гүйцэд судалдаг арга зүй нь Богд Зонховын үндэслэсэн гэлүгва урсгал. Монголчуудын олонх нь “шарын шашин” хэмээн нэрлэдэг.
Коммунизмын үед шарын шашныг бурангуй шашин гэх зэргээр элдвээр доромжилсон үзэл суртал түгээсэн байдаг. Үүний улмаас шарын шашин гэх буруу, ойлголт нийтэд түгсэн. Гэтэл үнэндээ бурхны шашны уламжлалуудаас хамгийн сонгодог нь Богд Зонховын үндэслэсэн гэлүгва урсгал” гэв.
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ныг Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж, улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нирваан дүр үзүүлсэн өдөр хэмээдэг. Дүйчэн гэдэг нь онцгой, тэмдэглэлт өдөр гэсэн утгатай аж. Энэ өдөр сүсэгтэн олон мэгзэм тоолж, Богд Зонховын үйлс зохионгуйд даган баясаж, зул өргөвөл зохистойг дээрх хийдийнхэн онцоллоо.