АНУ-ын MLS лигийн аварга “Интер Майами” баг дасгалжуулагчаа солилоо. Спортын ертөнцөд байдаг л нэг шийдвэр боловч тус багийн гол тоглогч Л.Мессигийн хайртай дасгалжуулагч Х.Мартино ийнхүү багаа орхиж буй нь сонирхол татаж байгаа юм.
Тэд хоёул Росариогийнх. “Ньюэллс олд бойз”-ийн домог Х.Мартиног үдэлтийн тоглолтоо хийхэд нь бяцхан Лео үзэгчдийн суудлаас үзэж байсан гэдэг. Хожмоо Х.Мартино дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, эхлээд “Барселона”, дараа нь шигшээ багийг удирдахдаа нутгийн хүү Л.Мессийг дасгалжуулж байсан билээ.
Өнгөрсөн оны зун тэрбээр Л.Месситэй дахин хамтдаа ажиллахаар MLS-т эргэж ирсэн юм. Х.Мартино өмнө нь АНУ-д хоёр жил ажиллахдаа “Атланта юнайтед” багийг удирдан, 2018 онд аваргын цолд хүргэж байсан туршлагатай. Тийм ч учраас түүнийг “Интер Майами” багт ирэхэд нь өндөр амжилтад хүргэнэ гэсэн хүлээлт бий болсон. Тэгээд ч тус багт Л.Суарес, С.Бускетс, Х.Альба зэрэг “Барселона”-гийн экс одууд цуглараад байлаа. Үнэхээр ч Х.Мартиногийн удирдлагад “Интер Майами” энэ жил улирлын аварга болсон ч плей-оффт “Атланта юнайтед” багт дуулиантайгаар хожигдов. Улмаар Х.Мартино халагдах өргөдлөө өгсөн юм. Гэхдээ түүнийг хувийн шалтгаанаар ажлаа орхисон гэх мэдээлэл гарчээ.
Харин шинэ дасгалжуулагчаар Л.Мессигийн эртний хамтрагч, нутаг нэгтэн Х.Машерано томилогдох бололтой. Тэд хамтдаа “Барса” болон шигшээ багтаа гялалзаж байсан билээ. Гэвч өдгөө 40 настай Хавьерт дасгалжуулагчийн ямар түвшний туршлага байна вэ.
Тэрбээр 2020 онд зодог тайлаад 2022 оны нэгдүгээр сард дасгалжуулагчийн албанд шилжсэн. Түүний анхны ажил нь Аргентины залуучуудын шигшээг удирдах байсан агаад 2023 оны эхээр болсон Өмнөд Америкийн АШТ-д багаа маш муу оролцуулсан. Бразил, Колумби, Парагвай, Перу багтсан хэсэгт тэд ганцхан ялж, гурав ялагдсанаар хасагдах шатанд шалгарсангүй. Энэ нь 2023 оны залуучуудын ДАШТ-ий эрх олгох тэмцээн байсан. Аргентинчуудын аз болоход тэд уг тэмцээнийг зохион байгуулах ёстой байсан учраас эрхээ шууд авчээ. Хавьерын удирдсан баг хэсэгтээ Шинэ Зеланд, Узбекистан, Гватемалийг хожиж бүтэн оноогоо авсан ч шөвгийн 16-д Нигерийн багт ялагдсан юм.
Энэ бүхнээс харахад Х.Машераногийн шинэ карьерын эхлэлийг амжилттай гэж хэлж боломгүй. Харин 2024 олимпын наадмын эрхийн төлөөх тоглолтуудад багаа тун давгүй удирдаж, Өмнөд Америкт ногдсон хоёр эрхийн нэгийг Парагвайн хамтаар авч чадсан юм.
2024 оны олимпын наадам бол дасгалжуулагч Х.Машераногийн замналын хамгийн том (өнөөдрийн байдлаар) тэмцээн юм. Олимп эхлээд л түүний удирдсан баг дуулианы эзэн болсон. Мароккогийн багийн эсрэг эхний тоглолтод тэд шүүгчийн нэмэлт цагт тэнцээний гоолыг оруулсан. Гэвч үзэгчид эмх замбараагүй байдал үүсгэснээр тоглолтыг завсарлуулж, улмаар тэнцээний гоолыг нь шүүгч тооцоогүй билээ. Хавьер уг явдлыг “амьдралдаа харсан хамгийн том цирк” хэмээн нэрлэж байв. Гэсэн ч түүний баг үлдсэн хоёр тоглолтдоо Ирак, Украиныг ялж, хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Харамсалтай нь, тэд шөвгийн 16-д талбайн эзэн Францын багтай учраа таарч, Ф.Матетагийн ганц гоолоор хожигдон нутаг буцсан юм.
Энэ бол Х.Машераногийн дасгалжуулагчийн замналын товч түүх. Түүнд хүртсэн цом байхгүй, клубийн түвшинд баг удирдсан туршлага ч алга. Түүнийг дасгалжуулагчаар томилсноороо MLS-ийн том баг эрсдэл гаргаж байгаа ч эртний андаа амжилтад хүрэхэд нь Л.Месси туслах нь гарцаагүй юм.
Э.МАНЛАЙБААТАР