Улсын аварга, шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит сурагчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээнд 6-7, 10-11 насны ангилалд 335 оролцогч өрсөлдсөн. 6-7 насны охидын ангилалд Ү.Баянлхам (“Chess mind”), хөвгүүдийнхэд М.Үлэмж (“Стейниц” академи) түрүүллээ.
10-11 насныхны ангилалд охидоос П.Номунбилэг (“Стейниц”), хөвгүүдээс Э.Энхтулга (“ChesStation” клуб) тэргүүн байрт шалгарав. Дээрх тэмцээнд эхний 10 байрт шалгарсан шатарчдад УАШТ-д оролцох эрх олгожээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Э.Энх-Амгалан ажилласан байна. Улсын шүүгч С.Ган-Эрдэнэ, Т.Түвшинжаргал, А.Буяндэлгэр, С.Цэндсүрэн, А.Мөнх-Эрдэнэ, Д.Цэдэнбалжир нар тоглолтыг шүүж явууллаа.