Монгол цэргийн музейнхэн “Мөрдөстэй цуглуулагчид” төрийн бус байгууллагынхантай хамтран “Хобби-2024” үзэсгэлэнг нээв. Энэ удаагийн үзэсгэлэнд зэвсэгт хүчний анги, байгууллагад үүрэг гүйцэтгэн, ажиллаж буй офицер, ахлагч нарын хувийн цуглуулгыг дэлгэжээ. Үүнээс гадна нэр хүндтэй цуглуулагчдын хувийн цуглуулгын дээжсээс олны хүртээл болгожээ. Түүнчлэн нийт есөн цуглуулагчийн 2000 гаруй үзмэрийг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Тухайлбал, Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаагийн 10 улсын 1824, 1862, 1917 оны загварын луужин, дуран, офицерын хэрэгслийг олны хүртээл болгожээ. Мөн зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалын дэлхийн алдартай цамхгуудын загварууд, зэвсгийн хангалтын офицер, хошууч Б.Мөнхбатын Монгол Улсын үе үеийн болон гадаадын цаасан мөнгөн дэвсгэртийн цуглуулгыг “Хобби-2024”-өөс үзэж болох нь.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл үзэсгэлэн нь цуглуулагч нарыг дэмжих, тэднийг сурталчлах зорилготой. Ингэхдээ цуглуулгуудаа хоорондоо солилцож, арилжихад нь тусалдаг гэнэ. Мөн хувь хүний сонирхол, авьяасыг хөгжүүлэх, чөлөөт цаг, санхүүгээ зөв зохицуулах, эзэмшсэн мэргэжлээрээ бахархах, сурталчлах боломж олгодгоороо онцлогтой юм.
У.ЦЭЦЭГСҮРЭН